Хотын дарга Э.Бат-Үүл мэдээлэл хийлээ.
Тэрбээр энэ үеэр “Нийслэлийнхээ нийт иргэд тэр дундаа биднийг дэмжсэн сонгогчдодоо талархал илэрхийлье. Өнгөрсөн дөрвөн жилд ид шидийн гэмээр их бүтээн байгуулалт хийхэд нийслэлийн иргэд их дэмжсэн. Нийслэл өөрчлөгдсөн гэдгийг хэн, хүнгүй мэдэж байгаа. Нийслэлийн дараагийн удирдлагад нийслэлчүүдийн зүгээс тавих шаардлага өндөрссөн. Их ажлыг хийхийг шаардах байх. Нийслэлийн АН-ын хувьд сонгуулийн үр дүн цунами шиг байлаа. Бид ялна гэдэгтээ итгэлтэй байсан. Гэхдээ ийм үр дүн гарлаа. Сонгуулийн дүн гарсаны дараа мэдэмхийрдэг мэргэн, түргэн хүмүүс олширдог. Гэхдээ хэн ч сонгуулийн үр дүнг тайлбарлаж чадахгүй. Бүтээн байгуулалтаас илүү харлуулсан гүтгэлгийг олонх дэмжлээ. Монголчууд гүтгэлэгт дургүй гэдэг нь худал үг болжээ. Ямар ч үндэслэлгүйгээр харлуулж сонгуульд ялж болдог юм байна гэдгийг харууллаа. Ийм шинэ хандлага улс төрд тогтлоо. Энэ бол маш аюултай. МАН нийслэлийн ИТХ-д үнэмлэхүй ялалт байгууллаа. МАН-ын нэр дээр бор халзан хонь өрсөлдсөн ч ялах сонгууль боллоо. Нэг чухал зүйл нь тайван замаар засгийн эрх мэдэл шилжиж байна. Ардчилалын амин чухал зүйл хэрэгжсэн сонгууль боллоо. Би нэг зүйлд санаа зовж байна. Ер нь улс нийслэлийг удирдахдаа өмнөх шиг мафын бүлэглэлийн зарчмаар удирдах нь нийгмийн аюулгүй байдал, улс нийтийн аюулгүй байдал, ардчилалд аюул учрах вий. Эрх баригчид өмнөх үйлдэлдээ дүгнэлт хийх хэрэгтэй. Өмнөх шигээ мафын бүлэглэлээр хотыг удирдах юм бол нийгмийн аюулгүй байдалд ноцтой хохирол учирна. Хэрвээ засаглалаа сайжруулж сонгогчдынхоо хүссэн зүйлийг хийж хэрэгжүүлж ажиллавал бүрэн эрхийнх нь хугацаанд хэн ч саад учруулах ёсгүй. Сонгогдсон хойноо гомдол мэдүүлээд ажилд саад болдог өнгөрсөн жилүүдийнх шиг үйлдэл хэн ч гаргахгүй. Гурван зүйлд санаа зовж байна. Нэгдүгээрт, гэр хорооллын дахин төлөвлөлт, "Сайн хашаа" хөтөлбөр зогсох эрсдэлд орох вий гэдэгт санаа зовж байна. Хашааны газар дээр тохилог орон сууц барих замаар утаа хөрсний бохирдлоос авахуулаад эдийн засгийн хямралыг гэтлэн давахаас өөр боломж байхгүй. Тиймээс эрх баригчид "Сайн хашаа" хөтөлбөрийг зогсоохгүй үргэлжлүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт, бид төрийн үйлчилгээний супер маркетыг эхлүүлсэн. Дарга нарын ширээн доорх эрх мэдлийг төрийн үйлчилгээний супер маркетын лангуун дээр тавьж ард иргэддээ үйлчилдэг болгосон байна. Өнөөдрийн байдлаар уг супермаркетаар 400 мянган хүн үйлчилгээ авчээ. Шинэ засаг дарга үүнийг мөн зогсоож болохгүй. Дарга нараар далайлгасан эрх дархийг дэврүүлж болохгүй. Үүнд засаг дарга их анхаарч ажиллах ёстой. Гуравдугаарт, "Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийг гацааж зогсоож болохгүй. Монголын соёл урлагийн амьдралыг "Найрсаг Улаанбаатар" хөтөлбөр их өөрчилсөн. Даншиг наадмыг улс төржүүлж зогсоож болохгүй. Газрын авлигалыг бид зогсоосон. Үүн дээр анхаарах ёстой. Нэгэнт эхлүүлсэн бүтээн байгуулалтын ажлыг сааруулж болохгүй. Нийслэлчүүддээ баярлалаа” гэлээ.
Тэрбээр мөн нийслэлийн намын даргын хувьд намын хурлаа хуралдуулаад намын даргаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ тавина гэдгээ мэдэгдлээ.
Т.Хулан
Сэтгэгдэл (44)