Монголын сюрралист зураачдын холбооны тэргүүн, зураач Р.Лхамсүрэнтэй ярилцлаа.
-Сайхан зусч байна уу, Лхамсүрэн гуай. Аль нутгийн хүн билээ, та?
-Сайхан зусч байна. Одоогоор Билгүүний энгэр гэж, Гүнтийн зүүн талд бий. Тэнд зусландаа гарч амарч байна. Манай аав Баруун Алтайн хүн. Дөрвөн Ойрадын баатад овгийн хүн. Ээж маань Сэлэнгийн Алтанбулагийн хүн дээ.
-Сүүлийн үед хийж буй ажлаа танилцуулахгүй юу?
-Би сүүлийн долоон жил шахуу баримал хийж байна. Урд 5-6 жил, хойно Буриадад жил орчим ажиллалаа. Ингэж урд, хойно ажиллаж байгаа нь цутгуурын үйлдвэрээ бараадаж байгаа хэрэг.
-Та өмнө нь “Мандухай сэцэн хатан” кинонд Чингис хааны зургийг хийж байснаас тань яриагаа эхлэх үү?
-1988 он юм даа. Чингис хааны нэрийг ч хэлэх хүнгүй байлаа. Сайн мэддэг, үзэл бодол нийлдэг хүмүүстэй л хоорондоо ярьдаг байсан үе. “Мандухай сэцэн хатан” кинонд Чингис хааны хөргийг тавья гэж киноны зургийн дарга, ерөнхий зураач Пүрэвсүх, найруулагч Г.Балжинням бид хэд ярьсан. Хэсэгхэн зуур, минут ч хүрэхгүй хугацаанд их хааныхаа зургийг гаргасан. Тэгж анх киногоор дамжуулж, их хааныхаа хөргийг харуулсан. Харин 1990 онд боссон хөшөөгөөр хөшөөгөөр хувцас хунар, эдлэл хэрэгсэл нь ямар байсныг харуулсан. Мөн овгийн тамга гэж ямар байсныг ч харуулсан. Урианхан, Хонгирад, Хэрэйд, Мэргэд, Боржигон гээд 600 гаруй овгийн тамгыг нэг дор сийлсэнээрээ Хамаг Монгол түмнийг нэг удирдлагад оруулсан Чингис хаанаа дүрсэлсэн. Ингэж 30-аад бүтээлээс тендер зарлахад минийх шалгарсан. Энэ цагаас хойш овгийн тамга гэдгийг ойлгодог боллоо, манайхан. Их хааныхаа агсарга, нум сум хэрэгслийг манай зураачид үнэн зөвөөр дүрсэлдэг шинэ үе эхэлсэн дээ.
-Төрийн есөн хөлт их цагаан тугийн эх загварыг гаргана гэдэг маш хүндтэй үүрэг. Энэ тухайгаа хуучлаач?
-Тэр их зовлонтой. “Мандухай сэцэн хатан” киног хийх болоход ерөнхий зураачаар ажилласан Пүрэвсүх намайг жижиг хэрэглэлийн зураачаар ажиллаач гэсэн юм. Гэвч би тэр үед 1990 онд болох Монголын нууц товчооны 750 жилийн ойг тэмдэглэх хүрээнд одоо Канадын Торонто хотод бий “Монголын нууц товчоо” хэмээх долоон метр гаруйн урттай зэс хөөмөл бүтээлийг хийхийн зэрэгцээ Хэрлэнгийн хөдөө арал дахь хөшөөний эх загвар гээд цаг зав муу байсан тул ажиллах боломжгүй ч зөвлөж ажиллая гэсэн. Тэгээд хөргийг л хийж өгсөн. Дараа нь Ойдовыг жижиг хэрэглэлийн зураачаар ажиллуулсан юм. Мань хүн тэр кинон дээр төрийн есөн хөлт их цагаан тугийг хийхдээ нэлээд алдаатай хийсэн. Бүр очиж очиж, Өвөрмонголын Эзэн хороонд байдаг цагаан тугийг ес хувилаад хийчихсэн. Энэ нь улс төрийн хувьд том алдаа. Кино бол яахав, хэдэн кадрт алсаас харагдаад өнгөрнө. Харин Монголын түүхийг сайн судалсан гаднын судлаач, Өвөрмонголчууд бол Эзэн хороонд байгаа тугийг танина шүү дээ. Тэрийг нь ес хувилна гэдэг чинь монголчууд ганцхан тугтай байсан, тэр нь Чингис хааны онгонд байдаг гэсэн ойлголтыг төрүүлнэ. Тиймээс би их шүүмжилсэн. Төрийн есөн хөлт их цагаан тугийн тухай энэхүү шүүмжлэлийг бичсэний дараа тендер зарлалгүй есөн хөлт цагаан тугийн эх загвар хийх эрхийг шууд надад өгсөн. Тэр үед армийн хар цагаан сүлдийг мөн бүтээх ажил давхар явж байсан л даа. Армийн хар цагаан тугны эх загварыг Ховдын зураач Амгалан бүтээхээр болсон. Үүнийг хийх ажил бараг бэлэн байсан л даа. Ингээд Амгалан гуай хар, цагаан тугийг гоёл чимэглэлийг нь хийгээд бэлэн болгосон. Миний хувьд бол нэлээд асуудалтай. Яагаад гэхээр бэлэн материал гэхээр юм бараг байхгүй. Архангайгаас авчирсан цагаан сүлд бол яах аргагүй монголчуудын тахиж байсан туг. Нэг ийм баримт. Хоёр дахь нь Эзэн хороонд байгаа нэг туг. Энэ бол яах аргагүй урианхайчуудын тахиж байсан туг. Ингээд хоёрхон зүйл баттай баримттай. Бусдыг нь хайх хэрэгтэй болсон. Би олон жил овгийн тамга судалсан хүн. Тэгэхээр сэрээ тамга дотроос л гаргаж авах нь зөв гэж бодсон. Ингээд овгийн тамгатай холбоотой байж болох бүх ном, эрдэмтдийн брошур гээд бүгдийг цуглуулсан. Энэ үед сайн мэдэхгүй хүн бол эртний рүүн бичгийн хэлбэр дүрс рүү хүртэл орчихно. Хятадын ханз ч бүгд дүрс бичиг. Манай овгийн тамга мөн дүрс бичиг. Тиймээс сайтар ялгаж салгах хэрэгтэй. Мөн цаг хугацааг харгалзаж үзэхгүй бол хаа хамаагүй цаг үеийн юмыг аваад байж болохгүй. Төрийн их есөн хөлт их цагаан туганд олон овгийн тамгыг багтаасан гэж түрүүн хэлсэн дээ. Үүнд нэг сартай тамга бий. Мэдэхгүй хүн бол анзаарахгүй. Тэгсэн нэг өдөр, зохиолч Б.Лхагвасүрэн “Чиний хийгээд байдаг есөн цагаан туг” гэхээр нь миний жаахан эгдүү хүрээд “Хийгээд ч байдаггүй юм даа. Нэг л удаа хийгээд, Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулиар батлуулж, нэг удаа хийсэн. Чи энийг хэлээд байна уу” гэтэл “Тийм. Тэрэн дотор чинь сартай тамга байгаа нь ямар учиртай юм бэ” гэж асуусан.
-Нарийн анзаарчээ.
-Тийм. Ухаандаа намайг ороож байгаа юм. Сартай тамга бол лал, муслим шашинтны зүйл. Намайг юу ч уншаагүй, мэдэхгүй байж, чамин гоёыг нь бодоод оруулж гэж явуулж байгаа юм. Тэгэхээр нь би “Чи чинь одоо том яруу найрагч, зохиолч хүн байж Монголын нууц товчоогоо уншсан биз дээ. Тэрэн дээр Хэрэйд аймаг, Мэргэд аймаг” гэсэн чинь миний үгийг таслаад “За за. Ойлголоо” гэж билээ. Найман Мэргэд, Хэрэйд чинь Казак, Киргизүүд явсан. Казак, Киргиз бол бүхий л түүхэндээ Монголын харьяа, хамжлага явсан. Мэдэхгүй хүмүүс бол ойлгохгүй. Харин казакууд бол баярлаж байгаа. Манай тамгыг оруулсан байна гэж. Нэгэнт л манай харьяанд явсан учраас орох л ёстой. Ингэж л гаргасан загвар. Маш олон жилийн судалгаа, дээр нь зориг. Нэлээд зориг гаргана, өөрөө судалгаатай, мэддэг байж байж л хамгаалж, батлуулна ш дээ. Ингээд 1990 онд эскизээ батлуулсан.
-Загвараа батлуулна гэдэг том даваа байсан биз?
-Засгийн газрын тогтоол шийдвэр гарч Төрийн бэлгэ тэмдгийн хуулиар төрийн есөн хөлт их цагаан туг, Армийн хар, цагаан тугийг батлах шийд гарч, комисс байгуулсан. Комиссын даргаар тэр үеийн Батлан хамгаалахын сайд, армийн генерал Ш.Жадамба ажилласан. Энэ үед би Ш.Жадамба генералын талаар их сайхан сэтгэгдэлтэй үлдсэн. Одоо хүртэл бахархаж явдаг. Цэргийн хүн гэж гуйвдаггүй, ямар сайхан шинж чанартай байдгийг тэр хүнээс л олж харсан. Яагаад гэвэл хэдэн удаа уулзаад л яриа хөөрөө, маргаан болно. Би залуу ч байсан. Тэр том эрдэмтэдтэй маргана. Харин Ш.Жадамба генерал төвийг сахисан, хүнээр нэлээд яриулж байж ганц, хоёрхон үгээр оновчтой зүйл хэлдэг хүн байсан. Ингээд загвараа батлуулаад хамгийн сүүлийн уулзалт боллоо. Том ширээний голд Ш.Жадамба генерал суучихсан, хөлсөө арчаад л (инээв). “Үгүй мөн том юмны ард гарлаа. Эскиз маань батлагдлаа. Хэдэн сар сайдаж, муудлаа” гээд бүгдтэй нь гар барьж, баяр хүргээд л. Бодит байдлаар нь хийх л үлдлээ гээд тарах болсон чинь түүхч, доктор Далай гуай босоод соёмбо үсгийг шүүмжиллээ. “Өндөр гэгээн Занабазар монголчуудыг шарын шашинд оруулсан. Шарын шашинд оруулсанаас хойш Монгол өөдөлсөнгүй” гэсэн. Энэ бол яах аргагүй үнэн л дээ. Занабазар бол Манжид урвасан урвагч, шарын шашныг дэлгэрүүлэгч, түүний зохиосон соёмбо үсгийг төрийн далбаанаас авч хаях нь зүйтэй гээд л ер нь бүгд шүүмжилсэн. Бүгд шүүмжлээд байсан чинь Ш.Жадамба генерал царай нь хачин болоод л “Арми мөнгө төсөв муутай хүнд шүү дээ. Өмнөхөн төрийн сүлд солиход манай арми хамаг юмаа хамж шимсэн. Бүх зүйлээс төрийн сүлдээ сольж, зардал чирэгдэл болсон. Одоо яаж баларна аа” гээд л санаа алдаад, хөлсөө арчаад суусан. Сүүлд нь би “Эрдэмтэн мэргэдийн хэлсэн үгийг сонсоод байсан чинь нэлээд эвгүй тийшээ юм яриад явчихлаа ш дээ” гэсэн чинь Далай гуай “Чи яахараа дандаа юм эсэргүүцэж байдаг юм” гэтэл Ш.Жадамба генерал “Яриг яриг” гэж байна. Тэгэхээр нь жаахан зориг ороод л. “Бидний хэдэн хүн яг энэ ярьснаар асуудлыг шийдвэл бидний хэдэн хүмүүс хэдэн үеэрээ чичлүүлж, бөгсөө ухуулах том нүгэл ярьчих шиг боллоо. Тэгж ярьвал манай улсыг зарим нь мэддэггүй байлаа. Тусгаар биеэ даасан улс байдаг гэдгийг мэдүүлдэг хоёрхон зүйл байдгийн нэг нь Чингис хаан. Нөгөөх нь 1962 онд НҮБ-д элсэхэд НҮБ-ын тэнгэрт мандсан улаан, хөх дэвсгэр дээрх соёмбоор Тусгаар Монгол Улс гэдгийг 1990 он хүртэл таньж ирсэн” гэсэн чинь Ш.Жадамба генералын нүд нь сэргээд л ёстой болохгүй зүйл байна гээд л тас цохьсон. Ингээд би Ш.Жадамба генералыг хэзээ ч урваж гуйвдаггүй, нухацтай хүн юм гэж бодсон. Энэ бол түүх. Өнөөдөр бол бахархалтайгаар ярьмаар байна.
-Тэр үед Ш.Жадамба генерал нөгөө талд орсон бол төрийн далбаа маань соёмбогүй болох байж.
-Хэрэв Ш.Жадамба генерал хүмүүсийн үгийг дагаад талд нь орчихвол би юу ч хэлж чадахгүй. Тэр том хүмүүс нэг зүйл дээр нэгдэхэд би юу хэлж чадахав. Тэгээд л дуусна ш дээ. Ийм том гавьяа байгуулсан хүн шүү дээ.
-Төрийн есөн хөлт их цагаан тугийг наадам бүрээр цэнгүүлэхэд их огшдог байх даа, та?
-Тэгэлгүй яахав. Энэ бол миний тэмцэл, зүтгэл юм шүү дээ. Уран бүтээл гэдэг бол тэмцэл. Аль эрт хэдэн мянган жилийн түүхийг судалсны үндсэн дээр байсан юм шигээр зурж, байсан юм шигээр баримал болгож, байсан юм шигээр төрийн ордонд босгочихоод сууж байна, би. Судалдаггүй, мэддэггүй хүн байсан бол амьтан, хүний хэл амд ороод л явах байсан. Төрийн есөн хөлт цагаан туг одоо бол Монгол хүний сэтгэл зүрхэнд нь хадаатай. Хэрлэнгийн хөдөө арал дахь хөшөө ч мөн адил. Тэр хөшөөний овгийн тамга дунд танай өвөг дээдсийн ч тамга хүртэл бий. Миний бүтээлүүд бол түүх судалсны, түүхээ мэддэгийн, зоригтойгоор шийдсэний үр дүн. Тэнд сийлнэ, ийм байх учиртай гэж тэмцсэний үр дүн.
-Үүний дараахан та Улаанбаатар хотын сүлдийг бүтээсэн?
-1970 онд Улаанбаатар хотыг туг, сүлдтэй байх ёстой, хот биеэ даасан байх ёстой гэсэн үзэл санаагаар анх хотын сүлдийг хийсэн. Бас л зэмлүүлсэн. 1970 оны намрын үзэсгэлэнд анх үзүүлсэн юм. Бүх үзэсгэлэнг Төв хорооны үзэл суртлын хэлтсийн дарга Түмэндэлгэр эхэлж үзэж, ямар зургийг оруулах эсэхээ шийддэг байсан. Нээлт дээр нь Төв хорооны гишүүд ирж үздэг. Тэгсэн Төв хорооныхон миний Хангарьдтай бүтээлийг үзээд, нэлээд удаан зогсоод байв аа. Барилга, архитектур хариуцсан төв хорооны даргаар Майдар гуай байсан. Майдар гуай, Чүлтэм дарга хоёр үлдчихээд нэлээд ярьж байснаа намайг дуудсан. Очоод танилцууллаа. Ямар сургууль төгссөн юм гэхээр нь сургууль төгсөөгүй, арван жилээ төгсөөд ажиллаж байгаа гэсэн чинь бүтээлийн маань учир утгыг тайлбарлуулж байна. Би ч “Хот биеэ даасан байх ёстой. Бусад улсын хотууд биеэ даасан статустай байдаг. Тэгж байж хөгжинө” гэсэн чинь Майдар дарга их зөв санаа байна. Бид ч гэсэн хотыг туг, сүлдтэй болгоё гэж ярилцаж байгаа гэсэн. Гэхдээ биеэ даасан статус гэж яриагүй. Тэр үед хотын даргаар Лувсангомбо гуай байлаа. Майдар дарга, “Лувсангомбо даргатай уулз. Би хэлчихнэ. Энэ бол тун зүйтэй санал байна” гэсэн. Хэд хоногийн дараа хотын захиргаа дээр очтол Лувсангомбо гуай дэмжинэ гэсэн боловч тухайн үедээ болоогүй юм. Лувсангомбо гуайн гэр 50 дугаар дэлгүүрийн ойролцоо байдаг байсан. Оройдоо эхнэртэйгээ салхилж явахад нь би их таарна. Тэгэхэд “Бидний хотын сүлд хэзээ нэгэн цагт бүтнэ ээ” гэдэг байсан. Одоо Москвад байгаа сурагтай байна лээ. Их ухаалаг, сайхан хүн дээ.
-Яагаад хотын сүлдэд Хангарьдыг дүрсэлсэн юм бэ?
-Монголын нийслэл түүхэндээ хэд хэдэн газар нүүж, сүүлд одоогийн буурин дээрээ ирсэн шүү дээ. Улаанбаатар гэдэг чинь Орос зөвлөхийн өгсөн нэр. Их хүрээ гэдгийг өөрчилж, хувьсгалын баатар гэсэн утгаар өгсөн. Хотыг хүрээлж буй дөрвөн уул бүгд онго сүнс, савдагтай. Богд уулынх бол Хангарьд. Ширээт бол Хангарьдын суудал домогтой. Сонгинохайрханых хөх өвгөн, Баянзүрхийнх нохой. Хангарьд бол Богд уулын онго сахиус учраас бэлгэдлээ болгох нь зөв гэж бодсон. Тэр үеийн урлаг бол шашных байлаа. Уран барималчид, дархдууд өөрсдийнхөөрөө л хийдэг байсан. Хангарьд бол амьдрал дээр байхгүй, зохиомол амьтан шүү дээ. Түүнийг би тэгэнд оруулаад нэг төрх бий болгосон юм. Баруун гарт нь түлхүүр. Түлхүүрийн шүд нь эвхмэлээр УБ гэсэн үсэг. Зүүн гарт нь ариун нандин байлгана, хамгаална гэсэн утгаар бадамлянхуй цэцэг. Могой бол хортон дайсан гэсэн утгатай. Энэ асуудал Төв хороонд очиход хоёр хэсэг болж маргалдаад, энэ бол шашны үзэл суртал дэлгэрүүлж байна, арга хэмжээ ав гэсэн. Цаанаа бол хотыг бие даасан байлгаж болохгүй гэж байгаа юм. Ингээд хотын намын хорооны даргын илтгэл дээр миний нэр орж, донгодуулсан. Мөн эвлэлийн гишүүн байсан учир Эвлэлийн төв хорооны Пүрэвжав даргад шилжүүл, хүмүүжүүл гэж байлаа. Ингээд асуудал шийдэгдсэн. Үүнийгээ 1990 он гарч, олон ургальч үзэл бий болсны дараа манай хотын сүлд Хангарьд байх ёстой гэсэн утгатай зүйл бичээд сонинд нийтлүүлсэн. Дараа нь хотын туг сүлдийг бүтээх шалгаруулалт хийхэд миний бүтээл шалгарсан.
-Их Монгол улсын үеийн уран бүтээлүүд хийж байгаад цөхөрсөн гэж байсан. Яагаад?
-Би энэ талаар их судалгаа хийсэн хүн. Социализмийн үед ямар сайндаа Дотоод яамны бүртгэлд орж байхав. Манай түүхийн музей худалч хүнд манай гэрийн нэг өрөө шиг жижигхэн байсан. Тийм ганцхан өрөөнд л Монголын эзэнт гүрний түүх байлаа. Түрийндээ ялтастай гутал, хар, цагаан туг гэх мэт хэдхэн үзмэртэй. Монголын түүх бол дэлхийн түүхэнд аугаа их. Тийм сайхан түүхтэй байж, иймхэн өрөөнд байж болохгүй гэж арван жилд байхаасаа л боддог байсан. Тэгээд би дөрвөн их хааныхаа хөргийг нум сумаа агсан зогсч байгаагаар дүрсэлж зурсан зэс хөөмлийн эскизийг гаргаад Чүлтэм дарга дээр орсон. Тэгтэл Чүлтэм дарга бодож бодож, “Чи их сайхан зүйл хийсэн байна. Гэвч энэ бол надаас хэтэрсэн асуудал. Чи залуу хүн. Сайхан цаг ирнэ. Үүнийгээ хадгалж бай” гэсэн. Хэрэв матаач хүн байсан бол намайг матчих л байсан. Ингээд би олон жил тэмцэж явсан. Чингис хаанаа янз бүрээр зурсан даа. 1990 онд хөшөөн дээрээ бүх зүйлийг нь зурсан. Хойч ирээдүйдээ ийм л байх ёстой гэсэн гарын авлагыг бий болгосон. Гэтэл монголчууд одоо бүх зүйлээ Чингис хааныхаа нэрээр нэрлэдэг болж. Чингис хаан бол дэлхийн хаадын хаан. Хаан гэдгийнхээ учир утгыг ойлгохгүй байна. Суудлын бүрээсийг хүртэл хаан гэдэг болж. Бөөн юм болж байж төрийн ордны өмнө хаадын хөшөөг хийлээ. Энэ бол буруу. Би уг нь төслөө өгсөн байсан. Миний төсөл бол дөрвөн хаанаа төрийн ордон дотор хийх байсан. Төрийн ордны гадна хаадын хөшөөг хийхэд үед нь би хүмүүст шүүмжилж хэлж байсан. Эд нар хулгай хийхийн тулд Чингис хаан, Өгөөдэй хаан, Хубилай хаан гурвыг нохойны суудал дээр суулгаж, үүдээ манууллаа гэж. Их хаад дотор байх ёстой юм. Манайхан бол гадаа үүдээ мануулчихаад өөрсдөө хойморт нь гарчихаад байна.
-Гадаа хийсэн нь хүмүүст харуулах гэсэн зорилготой юм биш үү?
-Хүндлэх дээдлэх гэж юм бий. Гадаа гаргачихаад дээдлэх гэж ямар юм байхав. Хүмүүст үзүүлэх гэсэн юм бол тусад нь өөр газарт хийвэл болно. Бас Цонжин болдогт байгаа Чингисийн хөшөө байна. Уг санаа нь зөв. Гэхдээ буруу байна. Их хааныхаа дотор нь ороод ууж, идээд, бие засаад байдаг. Тэгээд мориных нь дэл дээр хэнийг ч байсан гаргана. Логикийг нь боддоо. Ийм л юм хийгээд байгаа хүмүүс. Эд бол Монгол түмний шүтээн, нандин юм шүү дээ. Гэтэл үүдэндээ гаргаад хаячихсан. Би ийм юмыг судалсан, мэддэг хүний хувьд бачимдаад л байдаг. Ийм байхад би ямар ч юм хийгээд нэмэр алга. Энэ хооронд ганц гол харлуулж байгаа юм нь ингэж биднийг заваарч байх хооронд Хятад маш их юм хийж байна. Өмнө нь Л.Эрдэнэчулуун гадаад хэргийн сайд байхдаа Хятадад айлчилж. Нэлээд олон хүний бүрэлдэхүүнтэй очсон байгаа юм. Тэднийг хятадууд Хөлөнбуйрт аваачсан гэнэ. Тэгээд баахан явж байгаад, гэр барьсан, хөшөө болсон газарт аваачаад энэ бол манай Есүхэй баатрын гэрийн буйр, энэ бол Тэмүүжиний төрсөн гэрийн буйр гээд л байна гэнэ. Тэгэхээр Л.Эрдэнэчулуун Есүхэй баатрын гэрийн буйр, Тэмүүжиний гэрийн буйр Монголд бий шүү дээ гэхэд “Тэр түүх хамаа байхгүй. Манай түүх бол манай түүх. Танай түүх бол танай түүх” гэж улайм цайм хэлсэн байсан. Энэ яриаг би зурагтаар үзчихээд одоо л хүмүүс юм бодох нь дээ гэж найдтал хэн ч дахиж юм яриагүй өнгөрсөн. Би 5-6 жил урд ажилласан. Тэгтэл Өвөрмонголд Хубилай хааны музей гэж нэрлэсэн нээх гоё том газар байна. Гаднаа ямар хаяггүй. Тэгэхээр би хаяг хийгээд өгье гэсэн чинь тэг гэнэ. Эскиз хийгээд өгсөн чинь бүгд дэмжээд л, хамгийн сүүлд мөнгө мэддэг дарга нь Дундад улсын өнгө аяс алга гэсэн. Тэгэхээр нь Хубилай хаан бол Чингисийн ач, Монголын хаан шүү дээ гэтэл “Биш. Хятадын хаан” гэнэ. Ямар ордонд төрсөн гэнэ үү, Хятадад төрсөн гэж байна лээ. Сүүлд Си Жинпинь дарга гараад Өвөрмонголыг аялал жуулчлалын бүс болгоно. Хөх хотыг олон улсын жишиг болгоно гэж ярьж байна лээ. Ордосын хавийг Чингис хааны түүхийг харуулсан үйл ажиллагаа явуулдаг бүс болгоно гэлээ ш дээ. Хятадууд ийм их юм хийж байхад манайхан эндээ заваарч л байна. Гадаад явдлын сайд, хотын даргыг нь доромжлоод явуулж байхад хэн ч юм хэлээгүй. Энэ болгоноос болоод би больсон. Түүхийг ингэж булааж авч болдог юм байна. Бидэнд өмнө нь мөн дэлхийн талыг эзэлж явсан Хүннүгийн түүх бий. Тиймээс Хүннүгийн үе рүү орж, бүтээлээ хийж байна.
-Цаашид юу хийхээр төлөвлөж байна?
-Бие эрүүл байвал сөхөрч унатлаа бүтээлээ хийнэ. Энэ бол миний үүрэг. Хүннүгийн түүхийг ч мөн их судалсан.
-Уран бүтээлээ хийгээд 50 гаруй жил болсон байна. Олон сайхан бүтээл хийлээ. Монгол түмний бахархал болсон бүтээлүүдийг тань төрөөс хэр үнэлэв ээ?
-Анхаарч байгаа юм үнэндээ алга даа. Сүхбаатарын одонгоос бусад одонг аюсан. 3, 4 удаа Төрийн шагналд нэр өгөөд бүтээгүй. Уг нь гавьяат байсан бол сар бүрийн мөнгө нь байрны мөнгөнд ч нэмэртэй л байх байсан болов уу. Миний гурван бүтээлийн алинд нь ч төрийн шагнал өгөхөөр. Би их л юманд гутсан даа. Одоо бол гавьяатыг захын хүн авдаг болсон шиг байна. Ийм л ардчилал болж. Би ирэх жил 70 хүрнэ. Нондин хавраас тэтгэвэр хүрэхээ болиод байна. Хоёр удаа харвасан. Хориод жил зэс хөөмөл хийсэн учраас элэг муудсан. Элэгний цериозын өмнөх үе дээрээ л байна. Тэтгэвэр маань эм тарианы зардалд ч хүрэхгүй байна даа. Социализмын үед арай өөр байж. Хэн ч өвдсөн байсан улсаас үнэгүй эмчилдэг, амраадаг байлаа. Амьдрал баталгаатай. Хамгийн гол нь амгалан тайван амьдрал байсан. Өнөөдөр ямар ч амгалан тайван байх үндэс алга. Газар нутгаа алдаж дуусч байна. Эцсийн эцэст эрх чөлөөгөө л алдах үлдээд байна. Нутагтаа, гэр орондоо эрх чөлөөгүй үлдэх үе л ирчихэж.
Б.Бадамгарав
Сэтгэгдэл (8)