Монголын музейн ажилтнууд жилдээ нэг удаа чуулж, ирээдүйн хөгжлийн төлөвлөгөө, шинэ тутам хэрэгжүүлэх санаагаа хуваалцдаг билээ. Энэ жилийн “Музей ба хөгжил” чуулган есдүгээр сарын 15-18-нд Хэнтий аймагт болно. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг музейд хөгжүүлж, үзмэрээ бүтээгдэхүүн болгож, төрөл зүйлийг нь нэмэгдүүлэн бэлэг дурсгалын дэлгүүр нээх байдлаар орлогоо нэмэгдүүлэх боломж байгааг тэд энэ удаа олж харж, бие биенээсээ туршлага судлан хэрэгжүүлэх юм билээ. 21 аймгийн орон нутаг судлах музей болон төвийн бүсийн томоохон музейн ажилтнууд оролцдог энэ чуулган соёлын бүтээлч үйлдвэрлэл, музей дэх байгалийн өв гэсэн хоёр сэдвийн хүрээнд болох аж.
Аймаг, нийслэлийн музейн ажилтнууд Хэнтий аймгийн орон нутаг судлах музей, Сэцэн ханы ордон музейтэй танилцаж, “Батноров, Дарьганга хийц” үзэсгэлэнг үзэж сонирхох хөтөлбөртэй байгаа. Эл шинэ үзэсгэлэнг Хэнтий болон Сүхбаатар аймгийн музей хамтран дэглэх гэнэ.Чуулганы үеэр санал бодлоо солилцож, сургалтад хамрагдах юм.