Энэ сарын 26-нд буюу өчигдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газарт нийт 260 дуудлага бүртгэгдсэний 181 нь ослын дуудлага байжээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 13 бүртгэгдэж, 17 хүн хүнд, хөнгөн гэмтсэн.
Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 2, сургуулийн насны 4 хүүхэд өртсөн байна.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 1, явган зорчигч 2. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Тухайлбал: ЧД-ийн нутаг Хайлаастын зам, Сургалтын төвийн зүүн замд T.Vitiz маркийн авто машины жолооч Э нь явган зорчигч 09 настай эмэгтэй Ш, 07 настай эмэгтэй Н нарыг мөргөж гэмтээсэн. Явган зорчигч нар нь асран хамгаалагчгүй замын хөдөлгөөнд оролцож явсан. БЗД-ийн нутаг Нарны зам, Ногоон төгөл хотхоны 170-р байрны зүүн замд T.Prius маркийн авто машины жолооч Х нь унадаг дугуй унаж явсан 15 настай эрэгтэй Т-г мөргөж гэмтээсэн. 2016 оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 573 бүртгэгдсэн, ослын улмаас 19 хүүхэд амь насаа алдаж, 554 хүүхэд гэмтэл авснаас 113 хүүхэд хүндэвтэр, хүнд гэмтсэн байна. Зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан хүүхдийн 89.4 %-ийг орон нутаг эзэлж байхад гэмтсэн хүүхдийн 66.49-ийг нийслэлд эзэлж байна.