Гадаадын иргэдийн хувьд оршин суухад хамгийн тохиромжтой газар орон бол Сингапур гэнэ. Гэхдээ энэ хот улсад тав тухтай сайхан амьдрахын тулд жилд дунджаар 139 мянган долларын орлоготой байх хэрэгтэй аж.
Социологийн судалгааны YouGov хүрээлэн болон Их Британийн HSBC банкны хамтран явуулсан судалгаагаар ийм дүгнэлт гарчээ. Санал асуулгад оролцсон гадаадын иргэдийн 84 хувь нь Сингапур бол аюулгүй тайван хот гэсэн бол 66 хувь нь амьдралын нөхцөл сайн гэж үнэлжээ. Харин 62 хувь нь албан тушаал, ажил мэргэжлийн шатаар ахихад тун тохиромжтой газар гэж үзсэн байна. Сингапурыг онцолж буй өөр нэгэн шалтгааныг дурдвал, тэнд ажиллаж буй гадаадын мэргэжилтнүүд болон тэдний гэр бүлийнхэн эрүүл мэндийн даатгалд хамрагддагаас гадна хүүхдүүдээ сургуульд сургах зардлыг тэдэнд олгодог ажээ.
Дээрх судалгаагаар Сингапурын дараа Шинэ Зеланд орж, Канад, Чех, Швейцарь, Норвеги, Австри, Швед, Бахрейн болон Герман удаалжээ.
Үүний сацуу, Их Британийн Economist Intelligence Unit гэдэг шинжлэх ухааны судалгааны төвөөс саяхан бэлтгэсэн илтгэлд дурдсаныг үзвэл, дэлхийн хамгийн өндөр өртөгтэй том хотуудын жагсаалтын эхэнд Сингапур бичигдсэн байна.