Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооноос \НАМЗХ\ “Залуус хөгжлийн санаачлага” бодлогын баримт бичгийг сурталчлан таниулах зөвлөгөөнийг улс орон даяар эхлүүлээд байна. Энэ ажлын хүрээнд төвийн бүсийн зөвлөгөөнийг энэ сарын 24, 25-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөнд НАМЗХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг болон НАМЗХ-ны ажлын албаныхан, Дархан-Уул, Булган, Орхон, Сэлэнгэ аймгийн салбарын зөвлөлийн 400 гаруй гишүүд сонгуультнууд өргөн бүрэлдэхүүнтэйгээр цуглажээ.
НАМЗХ нь өнгөрөгч онд улс орон даяар “Залуус бид хамтдаа” мянган залуусын чуулга уулзалтыг зохион байгуулсан билээ. Үүний хүрээнд залуусын санаачлагыг нэгтгэн, залуу эрдэмтэн судлаачдын өргөн оролцоотойгоор “Залуусын хөгжлийн санаачлага 2030” бодлогын баримт бичгийг боловсруулсан. Тэгвэл энэхүү бодлогын баримт бичгээ Монгол Улсын Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөрт амжилттай тусгуулж чадсан нь залуучууд бидний хамтын хөдөлмөр, зүтгэлийн үр дүн гэдгийг НАМЗХ-ны Ерөнхийлөгч Г.Тэмүүлэн зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ онцолсон юм. Тодруулбал Залуус хөгжлийн санаачлага бодлогын баримт бичгийн 16 бүлэг зорилтын 80 гаруй хувь нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан билээ. Түүнчлэн Залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг анх удаа байгуулсан нь төрөөс залуучуудын талаар авч хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаандаа ихээхэн өндөр ач холбогдол өгч буйн илрэл юм.
Зөвлөгөөнд оролцогчид өнгөрсөн сонгуулийн туршлагаа нээлттэй ярилцаж, удахгүй болох сум, дүүргийн сонгуульдаа хэрхэн бэлтгэл хангах талаар харилцан зөвлөлдөж, НАМЗХ-ны ажлын албанаас хууль эрх зүй, хувь хүний хөгжил, манлайлал, багаар ажиллах зэрэг сэдвээр багц сургалтыг явуулсан нь орон нутгийн залуусын талархалыг ихээхэн хүлээлээ. НАМЗХ-ноос зохион байгуулж буй бүсийн зөвлөгөөн цаашид үргэлжлэх бөгөөд одоогийн байдлаар Дархан-Уул, Булган, Орхон, Сэлэнгэ, Дорнод зэрэг аймгуудад зохиогдоод байна.
Энэ удаагийн сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд НАМЗХ-ны сонгуульт 500 гаруй гишүүн нэр дэвшиж байгаа аж.