“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Монгол Улсын батлан хамгаалах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг нийтэлжээ.
Монгол Улсын батлан хамгаалах тогтолцоо, үйл ажиллагааг тодорхойлж, төрийн байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эрх, үүрэгтэй холбогдсон харилцааг энэхүү хуулиар зохицуулах бөгөөд дээрх хуулийн хамт өргөн мэдүүлсэн Дайчилгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Дипломат албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг 11 хуулийг мөн нийтэлсэн байна.
Түүнчлэн тус дугаарт Зэвсэгт хүчний тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг нийтэлжээ.
Монгол Улсын зэвсэгт хүчний байгуулалтын үндэс, зарчим, зэвсэгт хүчний чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалт, удирдлагын бүрэн эрхийг энэхүү хуулиар тодорхойлсон бөгөөд, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах юм.
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлд Цэргийн албаны тухай, Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулиудыг мөн нийтэлсэн байна.
Монгол Улсын иргэн Монгол Улсын Үндсэн хуульд заасан үүргийнхээ дагуу эх орноо батлан хамгаалах бэлтгэл эзэмших, цэргийн алба хаахтай холбогдсон харилцааг Цэргийн албаны тухай хуулиар зохицуулах юм.
Харин Монгол Улсын цэргийн алба хаагчийн эрх зүйн байдал, үүргээ гүйцэтгэх нөхцөл баталгаа, эрхийн хязгаарлалтыг Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар тогтоосон юм хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.