“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 39 дэх дугаарт Сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийг нийтэлсэн байна.
“Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэгт “Нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдсаны улмаас дахин сонгууль явагдсан бол хасагдсан нэр дэвшигч хүн зургаан жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших болон төрийн албанд томилогдох, сонгогдох эрхээ алдах ба урьд явагдсан сонгуулийн сурталчилгааны болон зохион байгуулалтын бүх зардлыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэж заасныг зөрчсөн байна.” гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 09 дүгээр дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрсөн юм. Үүнтэй холбогдуулан Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсгийг дээрх хуулиар хүчингүй болсонд тооцсон байна.
Түүнчлэн мөн дугаарт Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 09 дүгээр дүгнэлтийн тухай, Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 10 дугаар дүгнэлтийн тухай УИХ-ын тогтоолууд, Монгол Улсын 2016 оны төсөвт тодотгол хийж дуусах хүртэлх хугацаанд авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг нийтэлсэн байна.
Засгийн газрын уг тогтоолоор төсвийн урсгал зардлыг хэмнэлтийн горимд шилжүүлж, бүх шатны төсвийн байгууллагын зарцуулагдаагүй цалин хөлс, нэмэгдэл урамшуулал, гадаад, дотоод томилолт, зочин, төлөөлөгч хүлээн авах зардал, тавилга, эд хогшил худалдан авах зардал, хангамж, бараа материалын болон сургалтын зардал, сурталчилгааны зардал, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад төсвөөс олгох татаас, төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх зардал, бараа, үйлчилгээний бусад зардал, гэрээ байгуулаагүй, эсхүл байгуулсан боловч ажил нь эхлээгүй бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний зардлыг бууруулан зайлшгүй шаардлагатай зардлыг батлагдсан төсөвт багтаан санхүүжүүлэхийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн, бүх шатны төсвийн захирагч нарт даалгажээ.
Мөн 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс хойш бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалтыг зарлахгүй, гэрээ байгуулахгүй байх, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа болон Хөгжлийн банкны санхүүжилтээр төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлөөр санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг шинээр зохион байгуулахгүй байхыг даалгасан байна.
Түүнчлэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг нийтэллээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.