“Миний эхнэр тагнуулч”, “Марко поло”, алдарт найруулагч Кристофер Копполагийн “Deadbeats” тэргүүтэй олон шилдэг кинонд туслах дүр бүтээсэн авьяаслаг жүжигчин бол А.Баярцэцэг. Түүнийг жүжигчин гэдгээр нь хүмүүс андахгүй. Тэрбээр дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийг шалгаруулдаг “Miss world 2016” тэмцээнд ирэх арванхоёрдугаар сард эх орноо төлөөлөн оролцох юм.
Үзэсгэлэн гоо, авьяас билэг, мэдлэг оюуныг хослуулсан Алтангэрэлийн Баярцэцэгт “Miss world Mongolia”-гийн ялагчийн титмийг гардуулах ёслол өчигдөр болсон юм. Өнгөрсөн жил 11 дэх титмийн эзнээр тодорсон Н.Ану А.Баярцэцэгт титмээ шилжүүлэн өгсөн нь ёслолын ажиллагааны хамгийн сэтгэл хөдөлгөсөн мөч байв.
Дэлхийн тавцанд олон орны авьяаслаг үзэсгэлэнтэй бүсгүйчүүдтэй өрсөлдөж эх орныхоо нэрийг таниулсан Н.Ану найздаа амжилт хүсээд “Өнөөдөр А.Баярцэцэгтээ титмээ шилжүүлэн өгч байгаадаа сэтгэгдэл маш өндөр байна. Энэ титэм 11 гоо бүсгүй зүүсэн маш хүндэтгэлтэй титэм юм. Титэм бол миний мөрөөдөл байсан. Дэлхийн олон орны авьяаслаг бүсгүйчүүдтэй өрсөлдөж байхад ганцхан зүйлээр их бахархдаг юм билээ. Тэр бол Монгол соёл. Бид хоёр олон жилийн өмнөөс найзалж ирсэн. Дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн А.Баярцэцэг маань оролцохоор болсон нь маш оновчтой сонголт. Учир нь тэр бол маш мэдлэг боловсролтой , авьяаслаг бүсгүй. Мисс байна гэдэг амаргүй. Хүнээс гоо сайхан, мэдлэг оюун, авьяас билэгийг шаарддаг шалгуур өндөртэй мэргэжил. Манай улс дэлхийд олон зүйлээр нэрээ таниулж байгаад баяртай байдаг. “Miss world 2016” бол Монголчуудын оролцож болох хамгийн том тэмцээний нэг гэж хувьдаа боддог. Ингээд А.Баярцэцэгтээ дэлхийд нэрээ таниулаад титмээ зүүгээд ирээрэй. Амжилт хүсье” гэлээ.
1951 оноос зохион байгуулагдаж уй Дэлхийн миссийн тэмцээнд Манай улс 2005 оноос үндэсний гоо бүсгүйгээ оролцуулж эхэлсэн түүхтэй. Энэ жил 12 дахь удаагаа А.Баярцэцэгийг илгээх гэж байна. “Miss world” бол хамгийн олон орны бүсгүйчүүд оролцдог цар хүрээгээрээ дэлхийд тэргүүлдэг гоо сайхны олимп юм.
Титэм шилжүүлэх ёслолын үеэр 12 дахь титмийн эзэн А.Баярцэцэг “Титэм авч байгаад сэтгэгдэл өндөр байна. Дэлхийн миссийн тэмцээнд би ганцаараа оролцоогүй. Гурван сая хүнээ төлөөлөн оролцож байгаа учраас бид бүгдээрээ энэхүү тэмцээнд оролцож байгаа юм шүү. Амжилт гэдэг бол титэм зүүх биш. Бусдын сэтгэл зүрхэнд хэр их орон зай үлдээсэнд оршдог гэж би үздэг. Сар гаруйн хугацаанд үргэлжлэх “Miss world 2016” –д эх орноо сурталчилан таниулах нь миний хувьд маш том зорилго. Та бүхэндээ баярлалаа” гэснээр тэрбээр тайзыг орхилоо.
Дэлхийн миссийн тэмцээн буюу “Miss world 2016” нь ирэх арванхоёрдугаар сарын 18-нд АНУ-ын Мэрилэнд мужид болох юм. Үүнтэй холбогдуулан тус ёслолын үйл ажиллагааг “Аsian future” компани зохион байгуулж байна.
Б.Цэцэг
Сэтгэгдэл (1)