Өнгөрсөн долдугаар сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотноо хүчтэй бороо орсны улмаас байгалийн гамшиг болж, 360 орчим өрх үерт автсан билээ. Гамшигт нэрвэгдсэн айл өрхүүдийг зорих тусламжийн цуваа үргэлжилсээр байна. Энэ удаад “Самсунг электроникс”, "Гоо-Ундрах" ТББ байгууллага өлгийчүүдэд тусламжийн гараа сунгаж 300 орчим айл өрхөд цахилгаан бараа бэлэглэлээ
Өлгий хотод болсон байгалийн гамшгийн улмаас 6, 9, 13 дугаар багийн 360 орчим айл өрхийн, 1400 гаруй иргэн үерт автсан байгалийн гамшиг болсон. Үерийн улмаас 105 өрхийн байшин нурж, орон гэргүй болсноос гадна 70 байшин нурах эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан байдаг.
Орон гэргүй болсон 105 өрхөд зориулан Өлгий сумын ЗДТГ-аас 0.7 га газар шинээр олгосон бол Засгийн газрын нөөц сангаас орон гэрээ алдсан өрхүүдэд эсгий гэр олгосон байна. Үерийн дараачаас нурсан барилга байгууламжийг цэвэрлэх, хог хаягдлыг ариутгах үйл ажиллагааг хийж 150-160 см гүн ус тогтсоныг 1500 метр суваг, 216 метр куб далан босгон цэвэрлэх ажлыг өрнүүлжээ. Мөн Төр засгийн тусламжаас гадна Казакстаны Засгийн газар, Олон улсын байгууллага, хувийн аж ахуйн нэгжүүдээс Өлгийчүүдэд тусламж үзүүлсэн билээ.