Б.Мөнгөнтуяагийн нэхэмжлэлтэй шүүх хурал өчигдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүх бүрэлдэхүүн эцсийн шийдвэрээ гаргасан. Шүүхээс Б.Мөнгөнтуяагийн нэхэмжлэл болох ажилгүй байх хугацааны цалин болон өмгөөллийн хөлсний хохирлыг барагдуулахаар шийдвэрлэсэн бол сургалтын төлбөр, эмчилгээний зардлыг хэрэгсэхгүй болгов. Мөн сэтгэл санааны болон цагдан хоригдсон хугацааны хохирлыг барагдуулах боломжгүй гэсэн шийдвэр гаргалаа.
Б.Мөнгөнтуяа нь Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө хувьдаа завшиж шамшигдуулсан хэрэгт холбогдон зургаан сарын турш хоригдсоны эцэст хэрэг нь хэрэгсэхгүй болсон билээ. Тиймээс Б.Мөнгөнтуяа зургаан зүйл заалт бүхий нэхэмжлэлийг гаргаж, Монголын төрийг шүүхэд өгөөд байсан юм. Тэрбээр нэхэмжлэлдээ, хилсээр зургаан сар хоригдсон, хуулийн байгууллагынхан хэвлэл мэдээллээр өөрийнх нь тухай үндэслэлгүй мэдээлэл цацаж, орон даяар нэр төрийг нь гутаан доромжилсон, зургаан сарын хугацаанд ажилгүй орлогогүй байсан, СЭЗДС-д суралцаж байсан нь завсардсан, сэтгэл санааны хохирол амссан, эрүүл мэндээрээ хохирсон хэмээх үндэслэлүүдийг дурдсан байсныг шүүх хэлэлцсэн.
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд болсон тус шүүх хурлын бүрэлдэхүүнд шүүгч С.Оюунчимэг, Б.Хишигбаатар, Ч.Нямсүрэн нар оролцсон бол төрийг төлөөлж, Сонгинохайрхан дүүргийн прокурор Б.Энэрэл, нэхэмжлэгч Б.Мөнгөнтуяа болон түүний өмгөөлөгч Ц.Баасандорж нар оролцсон юм.
Шүүх хуралдааны эхэнд нэхэмжлэгч Б.Мөнгөнтуяа хэрхэн хохирсон, төрийг шүүхэд өгөх болсон шалтгаанаа тайлбарласан. Тэрбээр “Намайг хууль хүчний байгууллагынхан хүч хэрэглэн баривчилж, бүтэн 203 хоног өргөст торны цаана суулгасан. Энэ хугацаанд ердөө 5 удаа л байцаалт авсан. Ингэхдээ байцаагч эрхэнд минь халдаж, элдэв үгээр доромжилж байсан” гэдгийг онцолсон юм. Мөн тэрбээр “Манай улсын хууль хүчний байгууллагынхан үнэхээр надад хүнлэг бус хандсан. Хоригдож байх хугацаанд намайг өсгөж хүмүүжүүлсэн өндөр настай өвөөгийн маань бие муудахад батлан даалтад гарч өвөөтэйгээ уулзах хүсэлт тавьсан ч зөвшөөрөөгүй. Түүнчлэн үнэхээр болохгүй бол “түр чөлөө өгөөч ээ өвөөтэйгээ салах ёс гүйцэтгэчихээд ирэе” хэмээн хэдэнтээ хүсэлт тавьсан ч зөвшөөрөөгүй. Ингээд л би өвөөдөө хэрэг хийхээгүй гэдгээ хэлж чадалгүй бурханы оронд одуулсандаа үнэхээр их харамсаж явдаг. Энэ бол үнэхээр аймшигтай зүйл” хэмээн нулимс дуслуулан байж үнэнээ өчсөн юм.
Шүүх хуралдааны үеэр төрийг төлөөлөн оролцож буй прокурор болон шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч Б.Мөнгөнтуяагаас “Та сэтгэл санааны хохирлоо нэхэмжилж байгаа юм байна. Үүнд нотолгоо хэрэгтэй, сургалтын төлбөрөө яагаад нэмэмжилж байгаа юм бэ, СЭЗИС төлбөрөө төлөөд хичээлдээ суугаагүй хүнээс яагаад дахин мөнгө нэхэж байгаа юм. Өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн мөнгийг н.Батцэнгэл гэх хүн төлсөн байна. Тэгэхээр энэ хүн дараа нь би энэ мөнгийг төлсөн гээд дахин мөнгө нэхэмжлэхгүй гэх баталгаа бий юу гэхчлэнгийн зүйлийг тодруулж байв. Харин үүний хариуд Б.Мөнгөнтуяа болон түүний өмгөөлөгч нар “Сэтгэл санааны хохирлыг нотлох боломж байхгүй шүү дээ. Мэдээж 203 хоног шоронд байна гэдэг нь өөрөө нотолгоо болж байгаа хэрэг. Шоронд сууж байгаа хүн ямар сайхан байх билээ. Харин өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн мөнгийг Б.Мөнгөнтуяагийн аав төлсөн болохоор ямар нэгэн асуудал гарахгүй. Тэр охиныхоо л төлөө түүний өмнөөс өмгөөлөгчид мөнгө төлсөн” гэдгийг өгүүлсэн.
Ийнхүү шүүх хуралдаан болж шүүх бүрэлдэхүүн нэг цаг гаруй завсарласны дараа эцсийн шийдвэрээ гаргасан юм.
Сүүлийн жилүүдэд хууль хүчний байгууллагын үйл ажиллагаа доголдож, бусдын нэр төрд халдаж, хэрэгтэн хэмээн “цоллосны” эцэст хэргийг хэрэгсэхгүй болгодог жишиг тогтсон гэх гомдол ихээр гарах болсон. Тэгвэл өчигдөр болсон шүүх хуралдаан үүнийг нотлох шиг болж, шүүхээс төр нь 20 гаруйхан настай бүсгүйг хохироосон болохыг баталж, түүний хоригдсон хугацааны болон өмгөөлөгчийн хөлсний хохирлыг барагдуулахаар болов.
Үнэн яллаа. Энэ хэрэг эхнээсээ л олон нийтийн өмнө ил байсан бөгөөд анхан шатны шүүх хуралдаан дээр Б.Мөнгөнтуяа бүхнийг илчилж, шүүх хуралдаанд яллагчаар оролцсон прокурор, Улсын аудитор, төдийгүй түүнийг буруутгаж байсан хүн бүхний багийг хуулж, нүүр хийх газаргүй болгож байсан билээ. Гэвч анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд 7 жилийн хорих, 800 сая төгрөгийн хохирол барагдуулах ял ногдуулж байв. Гэсэн ч Дээд шүүх үнэнийг дэнсэлж, түүний хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.
Энэ удаа ч тэрбээр хохирсон гэдгээ шүүхээр батлуулж, зарим нэгэн хохирлоо төрөөр төлүүлэхээр болов. Гэхдээ түүний сэтгэл санааны хохирлыг барагдуулахгүй гэсэн нь харин олон хүний гайхширлыг төрүүлж байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (80)