Валютын өсөлттэй холбоотойгоор өчигдөр Худалдаа аж үйлдвэрийн танхимд "Валютын ханшийн өсөлт, Засгийн газар, Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ"-ний талаарх уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. Энэ үеэр Монгол улсад валютын нөөц өнөөдрийн байдлаар гурван сарын нөөцтэй байна гэдгийг дуулгалаа.
Хэлэлцүүлэгт Монголбанкны дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монгол банкны холбооны Ерөнхийлөгч О.Орхон, Монголын банкуудын холбоо, УИХ-ын гишүүн асан Б.Жаргалсайхан, судлаач, худалдааны байгууллагуудын төлөөлөл, Уул уурхай, Барилгын салбар зэрэг төлөөлөл оролцсон юм. Хэлэлцүүлгийн сэдвээр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав мэдэгдэл хийсний дараа бусад нэр бүхий байгууллагуудын төлөөллүүд байр сууриа илэрхийлж асуулт, хариулт өрнүүлсэн юм.
Монгол банкны холбооны ерөнхийлөгч О.Орхон:
Бид бүгдээрээ нэг улс дотор амьдарч байгаа. Валют өөрөө байнга хэлбэлзэж байдаг. Тогтвортой байдаггүй. Эдийн засаг нь хөрвөх чадвартай улсад ханш нэг минут, секундэнд өөрчлөгдөж байдаг. Саяханы ханшийн өсөлт нь гэнэт гараад ирсэн гамшиг биш. Уул уурхайн баялаг тасралтгүй уналаа.
Өмнөд хөршийн юань унаж байна. Өнөөдөр валют яагаад хомсдов. Энэ улсад доллар хэнд ч байхгүй болсон учраас үнэ нь өссөн. Ханшны өсөлт, валютын нөөцийн хомсдол гэсэн энэ ачааг өнөөдөр Засгийн газар, аж ахуй нэгж байгууллага, иргэд үүрч байна.
Төгрөгийг гадаад валюттай хөрвүүлэх ямар ч боломж байхгүй. Төв банк өнөөдөр интервэнц хийхгүй бол зээлдүүлэгч болоод зээлдэгч, арилжааны банкууд дампуурна. Манай улс олон улсад хоёр дараалан рейтингээ алдчихаад байна.
Хэдхэн сарын дараа Монгол Улс деполт болох уу үгүй юу гэдгийг Дэлхийн банк, хөрөнгө оруулагч нар ажиглаж сууна. Деполтод орсон олон улсууд бий. Нефтийн үнэ нь унаж, валют нь хомсдож Монгол Улс шиг байдалд орж байсан. Тэд ам.доллараа шавхаад зарж байсан. Миний хувьд банкуудаа төлөөлж ирсний хувьд энэ бүхнийг хэлж байна.
Өнгөрсөн жил манай улс 500 сая доллараар нэг жил амьдарсан. Тэр үед Оюутолгойгоос ямар ч мөнгө орж ирээгүй. Оюутолгойгоос орж ирж байгаа мөнгө сард ердөө 49 ам.доллар байна. Тийм учраас нүүрс зогссон. Хэрэв банкууд доллараар зээл олгохоо боливол ханш үүнээс илүү өснө.
Төгрөгөөр зээл авсан иргэд зах руу доллар авах гээд гүйнэ. Өнөөдөр ам.доллар хомсдсон учраас хүн бүр гудсан доогуураа доллараа хадгалж байна. Түүнчлэн “Эрдэнэт” үйлдвэрийг худалдаж авсан мөнгө бол аль хэдийнэ гаднаас босгосон Монгол Улсын нөөцөд тусгагдаагүй мөнгө. Дүн нь 400 сая ам.доллар. Энэ мөнгө валютын нөөцөд ороогүй.
|
УИХ-ын гишүүн асан, Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан:
Наад үлгэрээ одоо боль оо Орхон. Чи надад таалагдахгүй байгаа. Таалагдах ч алба байхгүй. Чи залуу хүн. Би чамайг бодвол арай олон жил бизнесийн салбарт хүч үзсэн туршлагатай хүн.
Чи наад ширээнийхээ ардаас биднийг зөндөө л доромжиллоо ш дээ. Одоо хангалттай. Та нарын ярьж байгаагаар бол Монгол банк дампуурсан гэж хэлж болох юм байна ш дээ.
Өнөөдөр бүх дэлхийн компаниуд гурав дахь төр сахисан аудитын банкинд санхүү эдийн засгийн шалгалт хийж дүнгээ интернэтээр тавьж байгаа шүү дээ. Монголбанк нууцаа дэлгэсэн гээд л. Та нар их шуналтай. Хувийн шуналд тулгуурлан ажиллаж тэр шунал нь хувийн бизнесийн салбар луу орж байна.
Тэр М-Си-Эс байна. АСЕМ болно гээд Монголбанкнаасаа 180 сая милльяард зээл авсан. Энэ уулын аманд 10 ширхэг байшин барьчихаад түүнийгээ зараад төлөх юм гэнэ.
Энэ бүх эдийн засгийн том дампуурлын шалтгаан нь том толгойтнууд та нарын хийж байгаа ажил шүү дээ. Өөрсдийгөө мундаг гэж боддог. Мөнгөний үнэ цэнийг мэдээгүй. Мөнгө аваад бусдаас зээлж үрэхийг эдийн засаг гэж ойлгочихсон. Чиний ярьж байгаа худлаа.
Сая О.Орхон та хэллээ. Хүмүүс доллар худалдан авч болохгүй, ам.доллар хомсдсон учраас иргэд гудсан дороо доллараа хадгалж байна гэж. Та нар болохоор ам.доллар авч болдог иргэд болохгүй. Больж үз, бид нар коммунизмаа дуусгачихсан. Тэгэж хүний эрхэнд халдаж болохгүй. Та нар их хэмжээний мөнгө гаргасан сураг байдаг юм билээ. |
Б.Цэцэг
Сэтгэгдэл (36)