Улаанбаатар
Өнөөдөр / 2017.08.16
18
Өдөртөө
13
Шөнөдөө

24 баримт: Дурсамж үлдээж, сургамж хайрласан оны онцлох үйл явдал

2016 оны 12 сарын 27

Улиран одож буй 2016 онд нийгмийн салбарт онцлох үйл явдлаар дүүрэн өрнөлөө. Ардчиллын алтан хараацай С.Зориг агсны шүүх хурал анх удаа 18 жилийн дараа болж, вальют энэ онд түүхэнд байгаагүйгээр өсөв. Ингээд нийгэмд болж өрнөсөн онцлох үйл явдлыг 24 баримтаар дэлгэе.

 

 

Баримт 1.  2016 оны долдугаар сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймагт их хэмжээний мөндөр, бороо орсны улмаас 361 өрхийн 1661 иргэн  үерт автаж 2.3 тэрбум орчим төгрөгийн хохирол учирчээ.

 Баримт 2. Он гарсанаас хойш нийслэл болон суманд нийт 16 удаа үер болсон байна. Үүний тод жишээ нь, Нийслэлд 2016.07.28-ны өдөр буюу 19:00 цагийн орчимд  Сансарын тунель орчимд үер бууж машины хамар давсан юм. Үүний улмаас жолооч нар хохирсон юм.

Баримт 3. Энэ оны эхний гурван сарын байдлаар 0-5 хүртэлх насны нийт 491 хүүхэд эндсэн. Түүнээс улаан бурхан өвчнөөр 59 хүүхэд амь насаа алдсан байна.  Энэ тухай ХӨСҮТ-д хүүхдээ сахиж буй ээж аав нар сошиалд мэдээлснээр олны анхааралд өртсөн юм. Эмнэлгийн гадаа ээжүүд хөхөөрөө хүүхдээ даллаж, сайн дурынхан эцэг эхчүүдэд туслах  аян өрнүүлж байв.  

Баримьт 4.  Энэ сард  Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хүүхэд нь өвдсөн эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгохыг үүрэг болголоо. Ингэснээр эцэг эхчүүд хүүхдийнхээ эмчилгээг дутуу хийлгэх, харах хүнгүй үлдээх зэрэг олон асуудал шийдэгдэж буй юм.

 

 

Баримт 5. Вальют энэ онд түүхэнд байгаагүйгээр өсч өнгөрсөн долдугаар сараас хойш тасралтгүй өссөөр  ам.доллар 3000 төгрөгт тулсан нь оны онцлох үйл явдал боллоо.

 

Баримт 6. Өнгөрсөн арваннэгдүгээр сард үргэлжилэн орсон цасны улмаас нийслэлээрээ “цас”-тай тэмцсэн. Машинтай залуус сайн дураараа аянд нэгдэж ТҮК-ийн ажилтнуудад тусалсан нь онцлох үйл явдлын нэг байв.

Баримт 7.  Хотын дарга С.Батболд “Нэг харьцуулалт хэлье. Өнгөрсөн онд нийт өвлийн турш 13 удаа цас орсон байхад энэ өвөл эхлээд нэг сар хүрэхгүй хугацаанд 13 удаа цас орчихоод байна. Сар хүрэхгүй хугацаанд өнгөрсөн жилийн давтамжаа давчихсан байгаа юм. Давтамжаасаа гадна хэмжээ нь их байна” гэснээр олны шүүмжлэлд өртсөн. Түүний хэлсэн үгийг олон нийт одоо ч мартаагүй. Саяхан орсон цаснаар олон нийт сошиалаар " 14 дэх цас орлоо" гэж хошигнож байв.

 

Баримт 8. Энэ сарын 6-ны өдөр Шадар сайд У.Хүрэлсүх   “Сүлдэндээ залсан Монгол адуугаа хүний нутагт нүдийг нь сохлуулж, шөрмөсийг нь таслуулахыг тэвчихгүй. Тиймээс адууг амьдаар нь хил гаргаж буй асуудлыг бүрмөсөн таслан зогсоохыг Хүнс, Хөдөө аж ахуйн сайд П.Сэргэлэн, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү нарт дахин үүрэг болгож байна" гэснээр бичигтийн боомтод 800 гаруй адуу 20-иод хоног өвс тэжээлгүй гацсан нь нийгэмд “хөндүүр” сэдвийн нэг байв.

Баримт 9. “Энхтайван нэрийн дор зэвсгийн наймаа, залуусын боловсрол нэрийн дор тэдний тархи, оюун ухааныг хянадаг, багш нарыг боловсруулах нэрээр тархийг нь угаадаг, ариун гэр бүл нэрээр боловсон хүний наймаа хийдэг байгууллага бол МҮҮН”  хэмээн иргэн Э.Цэрэндолгор мэдээлснээр нэг хэсэгтээ шуугиан тарьсан юм. Энэ үйл явдал өнгөрөгч гуравдугаар сард болсон. Тэрбээр мүүний хамгийн том төлөөлөл нь Ц.Элбэгдорж, С.Баярцогт, ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан Ч.Сосормаа, БШУЯамны, Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяраас гээд дурдвал олон байна гэж хэлсэн удаатай. Ингэснээр МҮҮН-ий асуудал хурцаар яригдаж байв.

 

 

Баримт  10. “Хар сарнай”  хамтлагийн ахлагч С.Амармандах буюу дуучин Амараа Нийслэлийн Засаг даргын тамгын газраас арваннэгдүгээр  сарын 23-ны өдөр “One Event Hall”-д зохион байгуулсан “Жаргалтай Улаанбаатар” цэнгүүний үеэр ОХУ-ын ЭСЯ-ны дипломатчид зодуулж хүндээр бэртсэн нь олны анхаарлын төвд байлаа. Энэ хэрэгт ОХУ-ын Ерөнхийлөгч Путин анхааралдаа авч гадны хэвлэлүүдийн хараанд өртсөн.

Баримт 11. Б.Мөнгөнтуяа: Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө хувьдаа шамшигдуулсан хэрэгт холбогдон зургаан сарын турш хоригдсоны эцэст хэрэг нь хэрэгсэхгүй болсон юм. Тэрбээр Монголын төрийг шүүхэд өгсөн байдаг. Иргэн нь төр засагаа шүүхэд өгсөн үйлдэл Монголын түүхэнд анх удаа гарсан билээ.  

 

Баримт 12.  2016.04.07. Монголын Залуучуудын холбооноос санаачилсан "Хулгайчгүй Монгол" үндэсний хөдөлгөөний хүрээнд "Гутлын жагсаал" арга хэмжээг Чингисийн талбайд болов. "Гутлын жагсаал"-д хөгжлийн гарц хайсан гутлууд цугларч байгаа бөгөөд гутлийн эзэд өөрсдийн хэлэх санаа, үзэл бодлоо цаасан дээр буулгаж, "хамт жагссан" аж.

 

Баримт 13. Өнгөрсөн  арваннэгдүгээр сарын 02-ны өдөр сошиалаар @Bilguunovich хаягтай иргэн “Нялх хүүхдийг ганц шил архиар зарна гээд нимгэн даавуунд ороочихсон явж байна” гэх мэдээлэл  цацсан нь “дуулиан” болсон. Тус мэдээлэл худал болох нь батлагдаж ЦЕГ-аас мэдээлэл хийж, хүүгийн эцэг эх гомдол гаргасан нь цахим ертөнцийн хэрэглэгчдэд сургамжит үйл явдал болов.

Баримт 14.   Сум, дүүргийн ИТХ-ын сонгууль өнгөрсөн аравдугаар сарын 19-нд хийхээр товлосон. Тус сонгууль түүхэнд байгаагүй сонгогчдын ирц муу байснаар дахин санал хураалт аравдугаар сарын 29-ны өдөр болсон юм. Дахин санал хураалтаар МАН олонхи бол ялалт байгуулсан юм.

 

Баримт 15.  Засгийн газраас өрхийн амьжиргааг тогтоож, улмаар хүүхдийн мөнгийг ялгавартайгаар олгохоор шийдвэрлэсэн. Хүүхдийн мөнгөнд зарцуулах төсөв буурсантай холбогдуулан өрхийн амьжиргааны түвшний 20 бүлгийн 1-17 бүлгийн өрхийн 0-18 насны хүүхдэд олгохоор болсон нь олонхийн дургүйцлийг хүргэсэн юм.

 

Баримт 16. Өнгөрсөн зургадугаар сард  сайхан мэдээ дуулгасан “Сайн хувьцаа” хөтөлбөр хэдхэн хоногийн настай байлаа. Хувьцаа худалдах ажиллагаа сонгууль болохоос гурван долоо хоногийн өмнөөс эхэлж долоо хоногийн эхний өдөр бүр хувьцаагаа худалдсан иргэдийн дансанд 100, 100 мянгаар орж эхэлсэн.  Хувьцаагаа худалдах гэсэн иргэд банкин дээр олон цагаар дугаарлаж байв. Сонгуулийн өмнөх өдөр  иргэдийн дансанд 100 мянган төгрөг орсоноор “сайн хувьцаа” хөтөлбөр жаргасан юм. Сүүлд хувьцаагаа бүртгүүлсэн иргэд одоо болтол мөнгөө авч чадаагүй.  

Баримт 17. Дорнод аймгийн Халхгол сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна Дачин Тамсаг” компанийн туслан гүйцэтгэгч “Зөв боломж” ХХК-ийн 21 ажилтан үл мэдэгдэх шингэнд хордсон хэрэг энэ сарын 24-ний өдөр гарсан. Тэд метилийн спирт хулгайлж уусан болох нь тогтоогдсон бөгөөд дөрөв нь  газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарсан юм.

Баримт 18. 18 жилийн дараа С.Зориг агсны шүүх хурал анх удаа энэ сарын 14-нд анх удаа болсон. Гэвч шүүгчдийн хүсэлтээр хурлыг долоо хоног хойшлуулснаар 21-нд хорих 461 дүгээр ангид  хаалттай хуралдав. С.Зориг агсны шүүх хурал дөрвөн өдөр хаалттай үргэлжилсэн. С.Зориг агсны хэрэгт түүний гэргий Б.Булганы хэргийг хэрэгсэхгүй болгож С.Оюун шүүх хуралд оролцоогүй. Шүүх хуралд нийт 10 гаруй гэрч дуудагдсан.

Баримт 19. Хотын захирагч С.Батболдын тушаалаар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй ТҮЦ-үүдийг албадан нүүлгэлээ.

 

Баримт 20.  Хэнтий аймгийн Хан-Хэнтийн гар урчуудын санаачилсан монголын уламжлалт гар урлал болох зээг оёдолоор "Монголын нууц товчоо"-г эсгийн дээр урласан. Өнгөрсөн есдүгээр сард энэхүү түүхэн бүтээлийн төгсгөлийг урлаж Геннисийн ном болон ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгүүлхээр санамж бичиг байгуулсан юм. Энэ нь "Монголын нууц товчоо"-г эсгийн дээр урласан анхны тохиолдол аж.

Баримт 21.   Агаарын бохирдлын эсрэг анх удаа ээж аавуудын холбоо байгуулагдаж тайван жагсаал Сүхбаатарын талбайд зохион байгуулав. Нийт 20 гаруй мянган ээж аав нар хар масктай жагссан юм.

Баримт 22.  Засгийн  газраас анх удаа цахилгааны шөнийн тарифыг төлбөргүй болголоо. Үүнийг олон нийт агаарын бохирдлы эсрэг хамгийн зөв алхам боллоо гэж иргэд сайшааж байна.  

Баримт 23. Энэ сарын эхээр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нэг хоногийн дотор 40 удаа чичирхийлэл мэдэгдсэн тул өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, 700 орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн юм.

Баримт 24. 2016.12.26-нд оюутнууд анх удаа сэтгэлзүйн төвтэй боллоо. Тус төв нь АШУИС-ын "Эко" төвд нээлтээ хийсэн юм.


 

Б.Цэцэг

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан