Улаанбаатар
Өнөөдөр / 2017.12.17
-21
Өдөртөө
-24
Шөнөдөө

24 баримт: З.Энхболд “Тавантолгойн гэрээг Ч.Сайханбилэгийн оруулж ирсэн бантангаас ч дор хувилбараар хийх гээд байна”

2016 оны 12 сарын 30

Ардчилсан намын дарга З.Энхболд өнгөрсөн лхагва гарагт Тавантолгойн асуудлаар мэдээлэл хийж, "МАН шинэ жилийн үеэр Тавантолгойн гэрээг хийж, гэнэдүүлэх гээд байна гэдгийг хэлсэн. Түүний энэхүү мэдээлэл нь Ардчилсан намын байр суурь гэдгийг тэрбээр мэдээллийнхээ эхэнд онцолж байсан юм. Тэгвэл Тавантолгойн гэрээний талаар Ардчилсан нам ямар байр суурьтай байгаа, З.Энхболд энэ талаар юу өгүүлснийг 24 баримтаар хүргэж байна.

 

Баримт 1. Тэрбээр “Ардчилсан нам ямагт үндэсний язгуур эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг. Тавантолгойн орд ард түмний мэдэлд хэвээр байгаа. Сүүлийн хэд хоногийн үйл явдлыг харвал Тавантолгойн гэрээг хуучин явж байсан хамгийн муу хувилбараар шийдэх гэж байна.

 

Баримт 2. 2015 онд гаргасан Хөрөнгө оруулалтын гэрээ нь хэд хэдэн хувилбартай. Нэг нь Шиньхуад маш их ашигтай, дунд зэргийн ашигтай зэрэг байсан. Зарим хувилбарт нь газраа 100 жилийн хугацаатай ашиглуулах нөхцөл ч байсан.

 

Баримт 3. Энэ гэрээнд үнэлэлт дүгнэлт өгөх ажлын хэсэг гаргаад дүгнэлт гаргасан байдаг.  Үнэхээр Тавантолгойн гэрээг шийдэх гэж байгаа бол эдгээр дүгнэлтийг зайлшгүй үзэх хэрэгтэй гэдгийг хэлэхийг хүсч байна. Энэ дүгнэлт одоо ч УИХ-ын цахим хуудсанд байгаа. Энэ бол түүх.

 

Баримт 4. Яагаад М.Энхсайхан, Ч.Сайханбилэг нарын гэрээ УИХ-ын босгыг даваагүйн учир нь энэ дүгнэлтэд бий. Гэтэл одоо хийх гэж байгаа гэрээ нь үүнээс долоон дор  байгаа юм.

 

Баримт 5. 2015 онд нэр бүхий 40 гишүүн мөн Тавантолгойн гэрээний шинэ төслийг оруулж ирсэн ч УИХ-аар хэлэлцэж амжилгүй тарсан. Уг нь дээрх гишүүдийн өргөн мэдүүлсэн хувилбар нь тухайн үеийн Засгийн газрын оруулж ирсэн хувилбараас тэс өөр, Монголын ард түмэнд ашигтай хувилбар байсан. Үүнийг УИХ дээр хэлэлцэж болох байсан.

 

Баримт 6. Ч.Сайханбилэг, М.Энхсайхан нарын тухайн үед оруулсан ирж байсан хувилбар бол бантан байсан.

 

Баримт 7. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын оруулж ирж буй хувилбар Ч.Сайханбилэгийн оруулж ирсэн хувилбараас дээрдэх бус дордсон байгаа нь өнөөдрийн хийх гэж байгаа гэрээ ямар вэ гэдгийг харуулж байна. 

 

Баримт 8. Тавантолгой ордыг хувьдаа авах зорилготой MCS компани олон жилийн өмнөөс хэвлэл мэдээллийн хэрэгслээр маш их буруу мэдээлэл явуулж, ард түмний тархийг угааж байсан.

 

Баримт 9. Тавантолгой бол ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байдаг. Энэ бол MCS-ийн бүтээсэн баялаг биш, ард түмний мэдэлд байх ёстой баялаг. 

 

Баримт 10. Засгийн газар Тавантолгой дээр ХК байгуулаад 80 хувийг нь Засгийн газрын мэдэлдээ 20 хувийг нь ард түмэндээ өгөхөөр шийдсэн. Гэтэл МАН-ынхан ард түмний өмчийг эздээс нь асуухгүйгээр шийдэх гэж байгааг бид эсэргүүцэж байгаа. 

 

Баримт 11. Өнөөдөр Засгийн газар Тавантолгойн 49 хувийг 400 сая доллараар зарах гэж байна. Гэтэл энэ нийт үнэлгээнийх нь маш бага хувь.

 

Баримт 12. Энэ ордод гадаадын хөрөнгө оруулалт хэрэггүй гэдэг нь сүүлийн жилүүдэд харагдаж байгаа. Харин хөрөнгө оруулалт шаардлагатай нь төмөр зам. Монголын тал ямар ч хөрөнгө оруулалтгүйгээр төмөр зам барих боломжгүй. Тиймээс хэрэгтэй газраа хөрөнгө оруулалтаа авдаг болохоос байгаа баялагаа хэн дуртайд нь өгчихдөг зүйл байж болохгүй.

 

Баримт 13. Ч.Сайханбилэгийн оруулж ирсэн гэрээ шиг зүйлийг одоо хийх гээд байгаа учраас энэ бүхнийг хэлээд байгаа юм. 

 

Баримт 14. Өнөөдөр ард түмэнд Тавантолгойн хувьцаа байгаа. Тиймээс Тавантолгойг зарах гэж байгаа бол ард түмнээс асуух ёстой. Үүнийг ч хуульчлаад өгсөн.

 

Баримт 15. Хэрэв надаас асуухгүйгээр зарвал би шүүхдэнэ. Үүнийгээ ч би албан ёсоор мэдэгдэж байна. Мөн хувьцаатай олон хүн шүүхдэх байх гэж бодож байна.

 

Баримт 16. MCS бол хувьцааг үнэгүй цаас гэж байгаа. Гэхдээ нэгж хувьцааг 1,000 төгрөгөөр худалдаж авсан нь энэ бол үнэ цэнэтэй зүйл гэдгийг харуулсан. Энэ бол цаас бус үнэ цэнэтэй баялаг. 100 жил Монголыг тэжээх баялаг. Тавантолгойн орлогоор дөрөвхөн жилийн дотор Улаанбаатарын утааг арилгаж болох тийм их хөрөнгө юм.

 

Баримт 17. Манай нам дотор ард түмний өмчийг үнэгүйгээр авч өрөө төлчих зорилготой MCS компанийн төлөөлөл олон байсан. Жишээ нь Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар байна. 

 

Баримт 18. 40 гишүүний санаачилсан Тавантолгойн гэрээний ашигтай хувилбарыг Ардчилсан нам болон Ардын нам дотор эсэргүүцэгчид олон байсан учраас явуулж чадаагүй юм. Одоо энэ УИХ-д 40 гишүүний боловсруулсан хувилбарыг хэлэлцэх боломжтой.

 

Баримт 19. Таалагдахгүй өөрсдөө өөр хувилбар оруулаад ир гэж байгаа юм. Ардын намын бүлэг дээр Тавантолгойн төслийг хэлэлцсэн. Ардын намын бүлгийн гишүүд над руу яриад “Хуучин хувилбараас дордуулсан хувилбарыг оруулаад ирлээ. Бид бүлгийн хурал дээр яриад Засгийн газар руу буцаачихлаа.

 

Баримт 20. Тавантолгойн гэрээг эсэргүүцсэн гишүүд олон байгаа юм байна. Хоёр хувилбартай төсөл оруулж ир. Шинэ жилийн дараа хэлэлцье гэж ярьсан” гэсэн. Хуучин гишүүд над руу яриад байгаа. Шинэ гишүүд бол Тавантолгойн гэрээг харьцуулж мэдэхгүй шүү дээ.

 

Баримт 21. Тавантолгойн бүх асуудал ил тод байх ёстой.Гэрээг нууцлаад бидэнд өгдөггүй байлаа. Монголын байгалийн баялагийг хувьчлах гэж байгаа бол бүх зүйл ил тод байх ёстой.

 

Баримт 22. Гэрээн дээрх нууцын тэмдэгүүдийг бүгдийг нь би авахуулсан. Учир нь миний, чиний хөрөнгийг зарах гэж байна. Хонио 10 мянга эвсэл 100 мянгын алинаар нь зарах гэж байгааг бид мэдэх эрхтэй.

 

Баримт 23. Шиньхуатай уулзсан хэлэлцээрийн ширээний ард Д.Оюунхорол, Ц.Дашдорж, Б.Чойжилсүрэн нар суучихсан байсан. Нөгөө талд нь Шиньхуа компанийн хэддүгээр захирал нь юм бүү мэд, ямартай ч тус компанийн шийдвэр гаргадаг эхний хүмүүс нь биш байна лээ. Шиньхуа компанийнхантай хэлэлцээр хийх гэж байгаа бол манай Эрдэнэс Тавантолгой зиндаагаараа таарах ёстой. Манай сайд нар Хятадын сайд нартай хэлэлцээр хийх ёстой. Сайд нар нь юугаа ч мэдэхгүй байж хэлэлцээр хийнэ гээд наймаа яриад сууж байна. Энэ өөрөө төрийн албаны хуулиар хориотой. Харгалзах түвшиндээ харьцахгүй болохоор нөгөө тал нь гайхаад байна. Бид нар нүүрс авах гэж ирсэн чинь сайд нар нь уулзаад байна гэж

 

Баримт 24. Тавантолгойн асуудлыг МАН олонхиороо шийдэж болно. Гэхдээ энэ хүмүүс сонгогчидтойгоо уулзана. Тэр үед сонгогчид нь “Миний хувьцааг яасан бэ” гээд асуухад “Шиньхуа гуйгаад байхаар нь зарчихсан юм аа” гэж хэлж болохгүй шүү дээ.

 

Б.Энхжин 

 

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 2
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан