БНХАУ-ын уламжлалт баяр-Хаврын баяр энэ сарын 28-ны өдөр тохионо. Энэхүү баярыг угтаж, Монгол Улсад байнга оршин суух Хятадын цагаач иргэдийн нийгэмлэгээс жил бүр зохион байгуулдаг “Хаврын баяр“-ын арга хэмжээг өчигдөр Улаанбаатар чуулгын танхимд зохион байгууллаа.
Уг баярын арга хэмжээнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шин Хай Мэни, Монгол Улсад байнга оршин суугаа Хятад иргэдийн нийгэмлэгийн тэргүүн Бай шун хоан нарын албан бусад хүмүүс болон хятад улсаас манай улсад байнга оршин суудаг 400 гаруй иргэд оролцсон юм.
Хаврын баярын арга хэмжээний үеэр тус улсын соёл, өв уламжлалыг харуулсан урлагийн тоглолт болсон бөгөөд Монгол Улсад байнга оршин суух Хятадын иргэдийн нийгэмлэгээс хүнд өвчинд шаналж буй нийгэмлэгийн гишүүндээ тусламж үзүүлэх аян өрнүүлснийг дуулгаж, хандивыг гардуулах арга хэмжээ болсон байна.
Өмнө жилүүдэд Хаврын баяр арга хэмжээ нь Монгол-Найрамдал сургуулийн соёлын зааланд цомхон хүрээнд зохион байгуулагддаг байсан бол энэ жил ийнхүү олон хүнийг хамруулсан томоохон арга хэмжээ болон зохион байгуулагдаж буйд баярт хүрэлцэн ирсэн иргэд талархаж байгаагаа илэрхийлж байсан юм.
Тэгвэл баярын арга хэмжээний үеэр Монгол Улсад байнга оршин суугаа Хятад иргэдийн нийгэмлэгийн тэргүүн Бай шун хоан “БНХАУ-ын үндсэн баяр болох Хаврын баяр энэ сарын 28-ны өдөр болно. Тиймээс манай нийгэмлэгийн зүгээс Монгол Улсад байнга оршин суух хятад иргэдийн дунд өнөөдрийн энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаадаа баяртай байна. Хоёр улсын найрсаг харилцааны үр дүнд хятадын байнга оршин суух иргэд ажлын байртай, салбар бүрт хөрөнгө оруулалт хийх таатай нөхцөл бүрдсэнд талархаж явдаг. Монгол Улсад байнга оршин суух БНХАУ-ын иргэддээ Хаврын баярын мэнд хүргье” хэмээсэн юм.
Сэтгэгдэл (10)