Шадар сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэг өчигдөр/01.20/ Сүхбаатар аймагт ажиллалаа. Өвөлжилт, цагийн байдалтай танилцаж, зүүн гурван аймагт ажиллаж байгаа уг ажлын хэсэгт ХХААЯ, Сангийн яам, Улсын мал эмнэлэг үржлийн тасаг болон бусад холбогдох газрын төлөөлөл багтсан байна.
Аймгийн Засаг дарга З.Энхтөр өвөлжилтийн нөхцөл байдал, цэцэг өвчний дэгдэлт, томуу томуу төст өвчний талаар Шадар сайдад мэдээлэл хийлээ. Аймгийн хэмжээнд 13 сумын 67 багийн 4494 өрхийн 3030,4 мянган мал өвөлжиж байна. Үүнээс 39 өрхийн 25 мянган мал өөр аймаг, сумын нутагт өвөлжиж байгаа юм. Мөн таван суманд өвөлжилт хүндрээд байна. Шадар сайд "Сүхбаатар аймгийн хувьд малын гоц халдварт өвчний голомт арилахгүй байгаа учраас энэ талаар бүх талаасаа анхаарч нэн даруй дарах арга хэмжээг орон нутаг болон мэргэжлийн байгууллагуудтай хамтарч хийнэ" гэлээ.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Уулбаян сумын хүн эмнэлэгт болон аймгийн ХХААГ, Эрдэнэцагаан сумын гал унтраах албанд автомашин өглөө. Үүнээс гадна өвөлжилт хүндэрсэн сумдад шаардлагатай малын эм тариа, бараа материалыг мөн хүлээлгэн өглөө. Өвөлжилт хүндэрч буй энэ үед аймгийн Онцгой комиссын гишүүдийг сумдад очиж ажиллан, малчдын амьдрал ахуйтай танилцаж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлж ажилла гэдгийг үүрэг болголоо. Мөн бүхий л гамшиг осол, зудын нөхцөл байдалд бэлэн байдаг аймгийнхаа онцгой байдлын албыг бэхжүүлэх тал дээр анхаараарай гэдгийг ч аймгийн удирдлагуудад хэллээ. Түүнчлэн,
-Засгийн газраас олгосон бараа, материал, тусламжийн барааг шаардлагтай эздэд нь яаралтай хүргэх, ажилд хяналт тавих,
- Байгалийн аливаа гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, төрийн байгууллагыг бэлэн байлгах
- Хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдалд онцгой анхаарах
- Орон нутгийн Онцгой комисс цагийн нөхцөл байдалд байнга дүн шинжилгээ хийх, Онцгой комиссын хурлыг 14 хоног тутамд хийж байх
- Сахилга бат, дэг журам, ажлын хариуцлагаа дээшлүүлж ажиллахыг аймгийн удирдлагууд болон төрийн албаны бүх шатныханд үүрэг болголоо.
Сэтгэгдэл (1)