ЭМЯ, ЭХЭМҮТ-өөс өнөөдөр “Эх яагаад эндэв? 2012-2015” судалгааны үр дүнг танилцуулах уулзалтыг зохион байгууллаа. НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан уг судалгааг ЭМЯ, ЭМХТ, НЭМГ, АШУҮИС, ЭХЭМҮТ, олон улсын байгууллагууд төрөлжсөн нарийн мэргэжлийн төв эмнэлэг, нийслэлийн Амаржих газрууд, 9 дүүргийн эрүүл мэндийн байгууллагаас эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын төлөөлөл оролцож байна.
Энэ үеэр төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат хэлэхдээ Монгол улс, эх хүүхдийн эндэгдлийг бууруулахад ахиц гарсан хэдий ч эх, хүүхдийн эндэгдэл тогтвортой буурахгүй, зарим бүс нутаг, аймагт эх хүүхдийн эндэгдлийн харьцаа, түвшин өндөр байна. Өнөөдрийн танилцуулах уулзалт нь Монгол улс Мянганы хөгжлийн зорилтоо дүгнэж, “Тогтвортой хөгжлийн зорилт 2030” хөтөлбөрийн хүрээнд хүрэх зорилт, шалгуур үзүүлэлтийг оновчтой тодорхойлох, эх хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр гарсан эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр хэрэгжих гэж буй цаг үед болж байгаагаараа чухал ач холбогдолтой юм. Иймд ялгавартай байдлыг арилгахад чиглэсэн, эхийн эрүүл мэндийн талаарх нотолгоонд суурилсан, мэдээлэлд тулгуурласан арга хэмжээ төлөвлөхөд энэхүү уулзалтын үеэр гарсан санал дүгнэлтийг анхааралдаа авч ажиллана гэдэгт итгэж байгаагаа хэллээ.