Нийслэлийн эрүүл мэндийн газар, Хүрээ амаржих газраас хамтран “Эх барихын тусламж, үйлчилгээ-Хамтын ажиллагаа” сэдэвт өдөрлөгийг энэ сарын 14-нд зохион байгууллаа.
Тус өдөрлөг нь амаржих газар, дүүргийн эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвийн эх барихын тусламж, үйлчилгээ үзүүлэх явцад хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоонд тохиолддог саад бэрхшээл болон тэдгээрийг хэрхэн даван туулах талаар эмч, мэргэжилтнүүдтэй зөвлөлдөх зорилготой юм.
Энэхүү өдөрлөгт НЭМГ-ын орлогч дарга О.Баяр, эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, эх барихын тусламж, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Р.Октябрь, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Энхжаргал болон нийслэлийн есөн дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга, нөхөн үржихүйн мэргэжилтэн, амаржих газрын дарга, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, тасгийн эрхлэгч, өрхийн менежер зэрэг нийт 40 гаруй эмч, мэргэжилтнүүд оролцлоо.
Өдөрлөгийн үеэр эмч мэргэжилтнүүд эх барихын тусламж, үйлчилгээнд тулгамдаж байгаа асуудал, гарч буй бэрхшээл, хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал бодлоо илэрхийлж, амаржих газрын эх барихын тусламж, үйлчилгээнд шинээр нэвтрүүлсэн бүтээлч санаачлага, тэргүүн туршлага болон байгууллагын үйл ажиллагаатай танилцсан юм. Мөн цаашид эх барих, эмэгтэйчүүдийн жирэмсний хяналтыг хэрхэн явуулж буй талаар туршлага солилцох уулзалтыг дүүрэг, өрхийн эрүүл мэндийн төв дээр зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Дашрамд сонирхуулахад, тус өдөрлөгийг өнгөрсөн нэгдүгээр 05-нд Өргөө амаржих газарт зохион байгуулагдсан “Эх барихын тусламж-Хамтын ажиллагаа” зөвлөлдөх уулзалтын үргэлжлэл болгон зохион байгуулж буйгаараа онцлогтой юм.