Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас нийгэм, эдийн засаг, оюун санааны ертөнцөд шинэ жишиг гаргаж, олон улсын стандартад хүрсэн, улс орныхоо өрсөлдөх чадварын нэрийн хуудас болж чадсан, бизнесийн шинэ чиглэлийн хөгжилд хувь нэмэр оруулсан дэд бүтэц, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалын салбарын үйлдвэрлэл, барилга байгууламж, улсын нэр хүндийг өргөсөн, өв соёл, үндэсний уламжлалыг сэргээсэн бүтээл туурвилыг шалгаруулж, жилд нэг удаа, билгийн тооллын он солигдохын өмнө "Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагнал олгодог уламжлалтай.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ шагналыг өнөөдөр гардууллаа.
Энэ удаагийн "Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагналыг “Говь” ХК-ийн Нэхмэлийн үйлдвэрийн ноолууран бүтээгдэхүүн, “Натурал текстайл групп” ХХК-ийн Ноосон хивсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнд тус тус олгов.
Эдгээр байгууллага, бүтээлч хамт олныг шагнасан Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан уншиж сонордуулав. Уг зарлигт “Монгол Улсын нийгэм, эдийн засаг, хөнгөн үйлдвэрлэлийн хөгжилд оруулж буй онцгой хувь нэмрийг нь үнэлж, Уламжлалт мал аж ахуй, монгол малчны гараас гарсан түүхий эдийг нэмүү өртөг шингэсэн бэлэн бүтээгдэхүүн болгох боловсруулалтыг эх орондоо гүйцэтгэж, улс орныхоо нүүр царай, өрсөлдөх чадварын нэрийн хуудас болсон, олон улсын стандарт, зэрэглэлд нийцсэн, дэлхийд өрсөлдөхүйц монгол нэрийн тамгатай бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй:
1.“Говь” ХК-ийн Нэхмэлийн үйлдвэрийн ноолууран бүтээгдэхүүн;
2.“Натурал текстайл групп” ХХК-ийн Ноосон хивсний үйлдвэрлэлийг “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ”-ийн 2016 оны шагналаар тус тус шагнасугай” гэжээ.
Шагнал гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж товч үг хэллээ. Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ “Сар шинийн босгон дээр үндэсний бүтээн байгуулагчдаа шагнадаг сайхан уламжлалтай. Өнөөдөр Монголын нэр нүүрийг улс орондоо төдийгүй олон улсад өөрийн бүтээгдэхүүнээр гаргаж яваа олон жилийн уламжлалтай энэ хамт олон, энэ үйлдвэрийг үндэсний бүтээн байгуулалтын шагналаар шагнаж байгаадаа туйлын баяртай байна.