Монголчууд эрт дээр үеэс төрт ёсоо эрхэмлэн дээжлэх ёс жудаг, өв уламжлалаа нандигнан үеэс үед дамжуулсаар иржээ. Үүний нэгэн жишээ нь Монголын цагаан сар юм. Энэ баярын гол хэсэг нь баярын идээ, битүүлэг байдаг.
Сар шинийн идээг их идээ, бага идээ, цагаалага, битүүлэг гэж ялган хэлдэг. Их идээ гэдэг нь том цар тавганд хэвийн боовыг гурав, дөрвөөр нь суурилж гурав, тав, долоо, есөн үеэр засч цагаан идээ /Ширгэмэл идээ учраас ээзгийг шинэ сарын идээн дээр таьдаггүй/, бал бурмаар чимэглэнэ. Сондгой тоогоор өрдгийн учир нь жаргалаар эхлээд жаргалаар төгсөх учиртайг бэлгэддэг.
Төрийн их ёслол, хурим найрын тавгийн идээг есөн үеэр засдаг байжээ. Иймээс шинийн нэгний тавгийг айл болгон есөн үеэр өрөхийг цээрлэдэг. Учир нь есөн үеэр тавгийн боовоо өрсөн хүнийг өөрийгөө өргөмжилж тэнгэрт тэрслэв гэж үздэг байна. Харин долоон үеэр ургийн хамгийн өндөр настай ахмад нь өрдөг. Есийн тоо тэнгэрийн утгыг илэрхийлдэг бол долоогийн тоо нь газрын товчоог илтгэдэг аж. Иймд өвөг нь долоо, эцгийнх нь тав, хүүгийнх нь гурван үеэр их идээний боов өрөх эрэмбэ дараатай байдаг ёс бий.
Бага идээ гэдэг нь багахан тавганд зассан шүүс буюу өвчүү, хонтой шаант, залаатай богтос, дал дөрвөн өндөр зэргийг хэлдэг бөгөөд үүнийгээ битүүлэг гэх нь ч бий.
Ууц буюу мах тавих:
Монгол айл цагаан сараар заавал ууц тавих албагүй. Орчин үед монголчуудын хамгийн их хэрэглэдэг махан зоог нь бага буюу гэдэс, шийрээс бусад тураг махыг оруулан зассан зоогийг хэлдэг байна. Ууц тавина гэдэг цаанаа ёс дэгтэй, нарийн учиртай. Ууц тавих, хөндөх ёс нь хүртэл өөр өөр байдаг.
Махыг их, бага, бүхэл гэж ангилдаг. Их бүхэлд хүзүү сээр өвчүүг дараалан тавьж хааг мөчлөн далны мөгөөрс, богтос чөмөгтэй далтай холбогдох булуу, харьтны залаа зэргийг зочин руу харуулан тавьж, шийрний тахалцагийг гадагш оруулж, хоёр талд нь байрлуулаад дээрээс нь ууцаа тавина. Ууцан дээрээ толгойгоо тавьдаг.
Бага бүхэлд хүзүү сээр толгойг төлөөлж дал дөрвөн өндөр хавирга гуяыг төлөөлүүлж хонхт, шаант чөмөг, дотор эрхтэнг төлөөлүүлж гургалдайг тавина. Шүүс тавихдаа мал зочин руу хараад дөрвөн хөлөө нугалан хэвтэж буй мэтээр эрэмбэлэн тавина.
Малын махны толгой юм уу доош газар гишгэдэг чиг рүү харсан нь эх нь болно. Зочиндоо махаа эх талаар нь харуулж өгнө. Зочин толгойн талаас нь хажуулдуулж огтлон зооглох ёстой. Ууцыг хөндөхдөө зүүн араараа сүвээн талаас нь барьж баруун гараараа өөхөн нуруун талаас нь нимгэн зүсэх хэрэгтэй.
Бусад махыг эх талаас нь огтолно. Толгойг идэхдээ эхлээд хамар дээр нь хуйх авч галд өргөөд дараа нь хоёр чих зовхийг нь хөндөөд дараа нь огтолж иддэг. Их бүхлийг нь хөндөхдөө анхлан толгойд хүрээд дараа нь ууцанд хүрээд сүүлд нь сээр хүзүү болон бусад махнаас нь зооглоно.