Улаанбаатар
Өнөөдөр / 2017.06.24
27
Өдөртөө
12
Шөнөдөө

24 баримт: АН-д үүсээд буй асуудлаар хэн, юу өгүүлэв

2017 оны 3 сарын 16

Ардчилсан намын дотоод асуудал савнаасаа хальж, олон нийтийн төвд хэдийнэ орсон. Ардчилсан намыг шинэчилнэ хэмээн хамгийн ардчилсан маягаар сонгогдсон намын дарга, Дотоод сонгуулийн хороо гэгч хэдхэн эрхэм Ардчилсан намын хувь заяагаар наадаж байна гэдгийг намын жирийн гишүүд өгүүлж, ардчилал мөхөх аюулд ороод байгаа хэмээн тэмцэж байгаа билээ. Харин намын удирдлагууд энэ бүхнийг няцаасаар байна. Тэгвэл үүсээд буй нөхцөл байдлын талаар Ардчилсан намын удирдлага болоод гишүүд юу өгүүлснийг 24 баримтаар хүргэж байна.

 

 

АН-ын гишүүн Ц.Оюунгэрэл: Хаалттай байгаагийн цаана бохир зүйл байгаа

 

Баримт 1. Бидний тавьсан шаардлагыг намын зүгээс няцаалт хийж байна. Бид Дотоод сонгуулийн хороог эрх мэдлээ хэтрүүлэн өндөр гувчуур тогтоож байгааг шүүмжилсэн.

 

Баримт 2. Дотоод сонгуулийн хороо тийм эрхтэй мэтээр дүрэмд байхгүй тайлбарыг намын хариуцлагатай албан тушаалтан хэвлэлээр өгсөн байна. Энэ бол хариуцлагагүй зүйл.

 

Баримт 3. Дээд шүүхэд бүртгүүлэхээр өгсөн намын дүрмийн шинэчилсэн найруулгад нэмэлт өөрчлөлт оруулсан дүрмийг хэн ч олж хараагүй. Тэр ч байтугай дээд шүүхэд ямар дүрмийн ямар хувилбар авсан гэдгийг хэн ч мэдэхгүй байгаа.

 

Баримт 4. Тэгэхээр нээлттэй ардчилсан нам болно гэсэн зарчим 100 хувь алдагдсан, хаалттай ардчилсан нам болоод байна.

 

Баримт 5. Дотоод сонгуулийн хорооны зарим гишүүдийг хуралд нь дуудахгүй, орууллаа гэхэд мэдээллийг бүрэн хуваалцахгүй, Дотоод сонгуулийн хороо нь дотроо гишүүдээ ялгаварлаад тодорхой хэмжээний гишүүд олонхийг хайрцаглаж бүрдүүлээд өөрсдөө л мэдээлэлтэй байдаг. Ихэнхи гишүүд нь тойргийн гадна мэдээлэлгүй ийм байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг мэдээллийг бид авсан.

 

Баримт 6. Дотоод сонгуулийн хороон доторх олонхийг бүрдүүлж байгаа цөөн хэдэн гишүүд энэ ажлыг гартаа атгаад эрх мэдлийг ихээхэн хэмжээгээр төвлөрүүлэх гээд байгаа юм гэдэг мэдээллийг мөн авлаа.

 

Баримт 7. Ийм олон хаалттай, ийм дүрмийн бус үйл ажиллагаа ар араасаа алдаа нь лавшраад үргэлжлээд байгаа нь ардчилсан нам дотор ардчилсан бус соёлыг маш эрчимтэй нэвтрүүлэх үйл ажиллагаа явагдаж байна гэсэн ийм түгшүүртэй дүгнэлт гарч ирж байна.

 

Баримт 8. Манай намын сонгуулийг зохион байгуулах юм бол манай нам түүхэндээ байгаагүй ардчилсан бус сонгуулийг явуулах нь ээ гэж л харагдаж байна. Энэ бүхэн шинэ удирдлагын алдаа л гэж дүгнэж байна.

 

Баримт 9. Намын их хурлаар батлагдсан шинэ дүрмийг батлагдсаных нь дараагаар хэсэг бүлэг хүмүүс зассан учраас бид нарт харуулахгүй байгаа юм болов уу л гэж хардаж байна. Хаалттай байгаагийн цаана бол бохир зүйл байгаа болов уу л гэж бодож байна.

 

Баримт 10. Ардчилсан намын удирдлагуудын мэдээлээд байгаа шилэн данс нь шилэн өнгөтэй скочоор наачихсан Ариунболдын сейфэнд байгаа цаасыг хэлж байгаа юм байна. Ардчилсан нам ийм л шилэн данстай болчихлоо.

 

АН-ын гишүүн Р.Гончигдорж: Мөнгөөр бүхнийг үнэлж байгаа нь АН-ыг сүйрэлд оруулж байна

 

Баримт 11. АН-ын шинэчлэл гэдэг бол ганц манай намын бус Монголын улс төрийн амьдралд гарч буй цоо шинэ зүйл юм.

 

Баримт 12. Шинэчлэгдэх процессыг мөнгөөр шийдэж байгаад харамсаж байна. АН ард түмэндээ үйлчилдэг нам байх ёстой.

 

Баримт 13. Намын даргаа бүх гишүүдээсээ тодруулж, сунгаа явуулсан. Гэтэл одоо өөрийн гишүүдийг сонгох, сонгогдох эрхийг мөнгөөр үнэлж байна. Мөнгөтэй хүмүүс өмнөөс нь татварыг нь төлөөд ҮБХ-ны гишүүн болгоод кноп даруулах байдал үүсч болно.

 

Баримт 14. Мөнгөөр бүхнийг үнэлж байгаа нь АН гэх нам сүйрэлд орохоор байна. Үүнийг зогсоох ёстой. Мөнгөөр ярьдаг, уралддаг байдал хэтэрлээ.

 

Баримт 15. Дээд шүүх дүрмийг хянаж дуусаагүй байхад дотоод сонгууль явуулах гэж байна.

 

Баримт 16. Дотоод сонгуулийн бужигнаан чухал уу эсвэл Ерөнхийлөгчийн сонгуульд нэгдмэл байдлаар оролцох нь чухал уу гэдгийг бодох ёстой. Эхлээд Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажилдаа ормоор байна.

 

Баримт 17. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах сунгаа явуулж чадвал ололт. Гэхдээ дотоод сонгууль явуулсны дараа буюу намын гишүүд эмзэг үед сунгаа явуулбал эв нэгдэлтэй байж чадах эсэх нь эргэлзээтэй.

 

АН-ын гишүүн Д.Нямхүү: Дэнчин, хураамжаас болж залуучууд, эмэгтэйчүүд ҮБХ-нд орох боломжгүй болж байна

 

Баримт 18. Хураамж гэдэг бол Ардчилсан намын даргад өрсөлдөгчиддөө хуваагаад зарцуулах мөнгөн дүн байх ёстой. Гэтэл хэдэн хүн нэр дэвших нь тодорхойгүй байхад нийслэлийн Ардчилсан намын даргад нэр дэвшигчийн дэнчинг шууд 90 сая төгрөгөөр тогтоосон нь буруу.

 

Баримт 19. Энэ их дэнчин, хураамжаас болж залуучууд, эмэгтэйчүүд Үндэсний бодлогын хороонд орж ирэх боломжгүй болж байна.

 

АН-ын дарга С.Эрдэнэ: Хуучин дүрмээрээ сонгууль явуулна

 

Баримт 20. Улсын Дээд шүүхэд өгсөн үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтөд хоёр асуудал байгаа. Хэрэв бүртгэж авахгүй бол нэгдүгээрт Үндэсний бодлогын хороо гэдэг нэр томьёо Үндэсний зөвлөлдөх хороо гэдгээрээ үлдэнэ. Хоёрдугаарт анхан, дунд шатны намын хороогоор батална гэсэн асуудлыг бүх гишүүдээс батална гэж өөрчилсөн байсан. Үүнийг анхан дунд шатаар батлах нэмэлт процесс гарахаар байна.

 

Баримт 21. Тодорхой хэсэг бүлэг хүмүүсийн хүрээнд намын бүх шатны удирдах бүрэлдэхүүнийг сонгодог байсан бол АН-ын бүх гишүүдийн сонголтоор удирдлагуудаа сонгодог өөрчлөлтийг оруулсан. 

 

Баримт 22. Бүх гишүүдээр явуулдаг сонгуулиа явуулдагаараа явуулна. Дараа нь гарсан үр дүнг тухайн намын хорооны хурлаар оруулж баталгаажуулах нэмэлт ажил үүсч байна. Дэнчин тогтоох, хэмжээ, хураамжийг тогтоох асуудал хуучин дүрмээрээ явж байгаа.

 

Баримт 23. Дэнчин тавиад сонгуульд өрсөлдсөн хүмүүс алагдал хүлээвэл дэнчгийн мөнгөө буцаан авна.

 

Баримт 24. АН-ын хуучин дүрэм хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. Улсын Дээд шүүх үндэслэлээ гаргаад бүртгэхгүй гэвэл хуучин дүрмээрээ сонгууль явуулна.

 

Б.Батчимэг

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 4
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан