ЕБС 29-р сургуулийн сонсголгүй сурагчид өнөөдөр 08.30 цагаас эхлэн багш нар, сургуулийн захиргаандаа эсэргүүцэл зарлаж хичээл хаялт хийж байна.
Сонсголгүй сурагчид бусдын адил чанартай боловсрол эзэмших, эх хэл дохионы хэлийг нь чадварлаг эзэмшсэн багш нараар заалгах хүсэлтээ сургуулийнхаа захиргаандаа удаа дараа илэрхийлжээ.
Гэсэн ч тэдний хүсэлтийг хүлээж авахгүй өнөөдрийг хүрсэн тул энэ удаа өөрсдөө шийдэж хичээлээ хаяхаар болсон нь энэ аж.
Харин энэ талаар дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбооны тэргүүн Л.Соёлмаа “Тус сургуулийн сурагч Алтансүх, Буян-Орших нар манай холбоонд хандан жагсаал зохион байгуулах тухай зар бүхий видео бичлэгийг орчуулж өгөхийг хүссэн. Бид тэдний хүсэлтийн дагуу видеонд орчуулга хийж өгсөн. Гэтэл өнөө өглөө сургуулийн захирал Батсайхан, менежер Бурмаа нар над руу ярьж энэ хүүхдүүдийн дохионы хэлээр ярьж байгааг орчуулах ёсгүй. Асран хамгаалагч нараас нь зөвшөөрөл авах ёстой гэсэн. Энэ сургуулийн хүүхдүүд нь өөрсдөө энэ санаачлагыг гаргаад албан ёсны хэлмэрчдээс хэлмэрчилж өгөхийг хүссэний дагуу л бид хэлмэрчилсэн. Сургуулийн дээрх удирдлагуудын ярьж байгаагаас үзэхэд сонсголтой хүүхэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж болдог бол сонсголгүй хүүхэд заавал асран хамгаалагч нараасаа зөвшөөрөл авч байж ярих ёстой юм байна. Бурмаа менежер өөрөө дохионы хэлээр хүүхдүүдтэйгээ харилцаад тэдний санал бодлыг сонсмоор юм. Сонсголгүй хүний эх хэл дохионы хэлээр боловсрол олгох цаг нь болсон. Хууль эрх зүйн орчин нь бүрдсэн. Сонсголгүй хүүхдийн эх хэлээрээ сурах эрхийг хүндэлж дохионы хэл сураарай 29-р сургуулийн багш нараа” гэдгийг онцолсон юм.
Сэтгэгдэл (5)