Сар шинийн дараахан болдог хаврын морин уралдааныг олон нийт жил бүр эсэргүүцэж, тэмцдэг ч үүнийг өөрчлүүлж чадалгүй өнөөдрийг хүрээд буй. Моринд хайртай, монгол уламжлал гэх сайхан үгээр халхавч хийсэн хаврын морин уралдааны үеэр олон хүүхэд бэртэж, гэмтэх, тэр ч бүү хэл амь нас алдах нь олонтой тохиолддог.
Тиймээс ч олон нийт энэхүү уралдааныг эсэргүүцэж, дуу хоолойгоо нэгтгэх болсон. Харин энэ жил уг тэмцэл ширүүсч, шүүхийн хаалга татаад байгаа билээ. Гэсэн ч шүүхийн шийдвэрийг үл тоомсорлосон эрх мэдэлтнүүд хаврын морин уралдааныг тогтсон өдрөө, товлосон цагтаа зохион байгуулж дөнгөсөн. Үүгээр л үл барам, аймгууд хүртэл хаврын морин уралдааныг зохион байгуулсан юм. Энэхүү уралдааны үеэр 50 гаруй хүүхэд мориноосоо унаж, 10 хүүхэд хөнгөн, 6 хүүхэд хүнд гэмтсэн байна. Тэдний нэг нь гэмтлээ даахгүй нас барсан харамсалтай тохиолдол бүртгэгдээд байгаа. Тэгвэл энэ бүхнийг эсэргүүцсэн Хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 80 гаруй байгууллага нэгдэж, хүүхдийн эрхийн төлөө тэмцэхээр болжээ. Тэдний төлөөлөл болох Хүүхдийн эрхийн үндэсний төв, Иргэний нийгмийн үндэсний сүлжээ, Өсвөр үеийн хөгжлийн төв, МОНФЕМНЕТ үндэсний сүлжээний зэрэг байгууллагаас Засгийн газрыг дахин шүүхэд өгөхөөр болов.
Ингэхдээ:
- Шүүхийн шийдвэрийг Засгийн газар биелүүлсэнгүй. Шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд ямар арга хэмжээ авдаг вэ
- 2016 онд Хөдөлмөрийн сайдын баталсан насанд хүрээгүй хүнээр эрхлүүлэхийг хориглосон ажлын байрны жагсаалтад хурдан морины тухай оруулахдаа жил бүрийн 11 сарын 1-нээс таван сарын 1-ний хооронд өвлийн болон хаврын уралдаанд хүүхдээр морь унуулахгүй гэж заасан. Гэтэл Дүнжингарав уралдаан болохын өмнө Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярын гарын үсэгтэй тушаалд жагсаалтыг шинэчлэн найруулсугай гээд 11 сарын 1-нээс таван сарын 1 гэсэн хугацааг авчихсан. Ингэж нэг сайд жагсаалтыг өөрчилж, гарын үсгээрээ он сарыг нь аваад хаячихаж болдог уу. Ямар ажлын хэсэг гарч, ямар үндэслэлээд энэ жагсаалтыг шинэчлэн найруулсан вэ гэсэн хоёр асуудлыг нэхэмжлэлийн шаардлагадаа нэмж оруулжээ.
Гэвч тэдний энэхүү тэмцэл шүүхийн өмнө хүч мөхөсдөж, хий хоосон цуурай болон хувирах вий гэх эмзэглэл олон нийтийн дунд хөвөрч байна.
Хаврын морин уралдааныг зохион байгуулахыг түр түтгэлзүүлэх шүүхийн шийдвэр гарсны дараа Хууль зүй, Дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр өөрийн цахим хуудснаа "Засгийн газрын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянаж, хүчингүй болгох эрхгүй" хэмээн бичсэн нь олны анхаарлыг татсан. Мөн тэрбээр энэ талаараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Засгийн газрын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянаж, хүчингүй болгох эрхгүй гэсэн шийдвэрийг Үндсэн хуулийн цэц одоогоос 12 жилийн өмнө буюу 2005 оны гуравдугаар сарын 31-нд гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл, 12 жил мөрдөгдөж байгаа зохицуулалт. Үнэхээр захиргааны хэргийн шүүх өөрийгөө Засгийн газрын шийдвэрийг хянах эрхтэй гэж “ойлгоод" байгаа бол, Цэцийн шийдвэрийг хүчингүй гэж мэтгээд байгаа бол асуудлын гарц нь уг нь өөрийнх нь хэрэглэж байгаа хуульд тодорхой бичигдсэн шүү дээ. Асуудлаа Дээд шүүхээр уламжлуулаад Цэцээс өөрөөс нь асуучих. Цэцийн шийдвэр чинь хүчинтэй юу, үгүй юу гээд. Мөн захиргааны шүүх Засгийн газрын шийдвэрийг хянах уу, үгүй юу гээд. Асуудлыг Үндсэн хуулийнх нь хүрээнд л шийдье гэж байгаа юм" хэмээж байсан. Өөрөөр хэлбэл дэд сайд морин уралдааныг зохион байгуулсан эрхмүүдийг ийнхүү цээжээрээ хамгаалж байсан билээ. Харин өдгөө энэхүү мэдээллийн эсрэг шүүх ажиллаж, асуудлыг үнэн мөн дэслэгдэх болов уу гэдэг бас л эргэлзээ төрүүлж байгаа юм.
Ямартай ч жил бүр олон арван хүүхдийн эрүүл мэнд, амь насаар дэнчин тавьж нааддаг хаврын уралдааныг зохион байгуулах эсэх, хохирсон хүүхдүүдийн эрхийг хэн хамгаалах, хариуцлагыг нь хэн үүрэх гээд олон асуултын хариулт удахгүй болох шүүх хуралдааны шийдвэрээс тодорхой болох буй за. Шүүхийн дээр хөх тэнгэр л байдаг гэдэг. Шүүх бүхний учрыг олж учрыг тунгаахыг харах л үлдлээ.
Б.Энхжин
Сэтгэгдэл (14)