Завхан аймгийн Идэр суманд энэхүү хэрэг гарсан бөгөөд 50 орчим настай Т гэгч эмэгтэй өөр дээрээ бензин цацаж, шатаж амиа хорлосон талаар бид мэдээлсэн. Талийгаач Т нь Идэр сумын Засаг даргын тамгын газарт Төрийн сангийн мэргэжилтнээр 28 жил ажиллажээ. Улмаар түүнийг шинээр томилогдсон дарга ажлаас нь чөлөөлж, өөр хүнийг оронд нь томилсон тул ийнхүү өөрийгөө шатааж амиа хорлоход хүргэсэн талаар ойрын хүмүүс нь ярьж байна. Тодруулбал “Сонгуулиар манай Завхан аймагт Ардчилсан нам ялалт байгуулсан.
Үүнтэй холбоотойгоор 11-р сард сумын удирдлагууд солигдсон. Тухайн үед сумын Засаг дарга н.Баярмаа аймаг руу явахдаа Тамгын газрын даргадаа энэ хүнийг ажлаас хал гэж үүрэгдсэн байсан. Үүний дагуу талийгаачийг ажлаас халах захирамж гаргасан. 2015 онд төрийн албан хаагчдын шалгалт авсан. Тэр шалгалтад манай эгч нэгд орсон хүнээс нь хэдэн оноогоор дутуу байсан. Тэр шалгалтад дутуу оноо авсан гэсэн үндэслэлээр ажлаас нь халсан. Гэвч түүний оронд томилох гээд байгаа хүн нь төрийн албанд ажиллах боломжгүй.
Засаг дарга н.Баярмаагийн өөрийнх нь талын Бат-Өлзий гэж хүн бий. Оронд нь оруулах гээд байгаа хүн нь Бат-Өлзийтэй холбоотой хүн юм билээ. Засаг даргын тамгын газарт нягтлан хийдэг хүүхэн МАН-ынх. Гэтэл эгчийн оронд орсон хүүхэнтэй ах дүүгийн хүүхдүүд болчихож байгаа. Төрийн албанд ах дүү, хамаатан саднаараа ажиллаж болдоггүй биз дээ. Тэгэхээр нягтлан хийж байсан хүүхнийг бас ажлаас нь халах нөхцөл нь бүрдэж байгаа юм” хэмээн талийгаачийн ойрын хүн ярьжээ.
Хэрэг явдал ийм дээрээ тулсан нь төрийн албыг завхруулснаас болжээ. Учир нь 2015 онд Завхан аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс хэмжээнд 14 төрийн ажлын байранд сонгон шалгаруулалт зарласан байна. Талийгаач Т энэ шалгаруулалтанд оролцож 65 оноо авч 3-аар гарч иржээ. Харин нэгээрээ буюу хамгийн өндөр оноог Н буюу 73 оноо авсан байна. Гэтэл 2015 онд Завхан аймгийн Идэр сумын Тамгын газрын дарга н.Мэндбилэг нэгээрээ гарч ирсэн Н-ыг томилолгүй гурваар гарч ирсэн Талийгаач Т-г томилжээ. Улмаар нэгээр гарсан Н маргалдаж гомдол гаргасан байна. Төрийн албаны зөвлөлөөс Н-ыг ажилд нь томилж Т-г чөлөөлөх шийдвэрийг энэ сарын 10-ны өдөр гаргасны улмаас харамсалтай хэрэг гарсан байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (18)