ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэн нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх шүүхэд 2 дахь өдрөө үргэлжилж байгаа билээ.
Яг одоо шүүх бүрэлдэхүүн шинжээчийн дүгнэлтийг сонсч байна. Шүүх хурлын завсарлагааны үеэр Г.Дэнзэнгийн өмгөөлөгч Ц.Дэлгэрнямаас дараах тодруулгыг авлаа.
-Г.Дэнзэн нарын шүүх хурал 2 дахь өдрөө үргэлжилж байна. Шүүх хурал хэрхэн явагдаж байна вэ?
- Би энэ шүүх хуралд Г.Дэнзэнгийн өмгөөлөгчийн хувиар, Г.Дэнзэнг шүүхийн өмнө гэм буруугүйг нотлох, түүнийг цагаатгах байр суурьнаас оролцож байна.
- Шүүгдэгч Баярмаа бол “Говьповер” ХХК-ийн захирал. Г.Дэнзэнг энэ компанид ямар ч хамааралгүй гэж мэдүүлсэн гэсэн. Үнэн үү?
- Шүүх хуралдаан нээлттэй явагдаж байгаа учраас сонирхсон хүмүүс нээлттэй танхимаас шууд үзэж, мэдээлэл авах боломжтой. Шүүгдэгч н.Баярмаа мэдүүлэг өгөхдөө “Г.Дэнзэнг танихгүй, Говьповер компани бол минийх. Г.Дэнзэнд мөнгө, төгрөг өгсөн ямар ч асуудал байхгүй. АТГ-аас шалгаж тогтоосон бүх баримт гүтгэлэг” гэж шүүх хурлын үеэр мэдүүлсэн.
- Г.Дэнзэнгийн биеийн байдал сайнгүй байгаа гэх мэдээлэл байна?
- Г.Дэнзэнгийн биеийн байдал сайнгүй байгаа нь үнэн. Нийт 9 сар тасралтгүй хоригдож байна шүү дээ. Ер нь иргэн бүр шүүхийн өмнө бүгд тэгш эрхтэй байдаг. Гэвч энэ зарчим алдагдаж, миний үйлчлүүлэгчийг цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөхгүй байгаа нь хийгээгүй хэргийг нь хүлээлгэх гэсэн оролдлого байна уу гэж өмгөөлөгчийн зүгээс хардаж байна.
- Цагдан хорьж таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хүсэлт тавьсан уу?
- Бид удаа дараа хүсэлт гаргасан ч хүлээж авахгүй байна.
- Ямар шалтгаанаар хүлээж авахгүй байна вэ?
- Хэргийн явцыг шалгахад саад учруулж, оргон зайлахаас сэрэмжилж, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх боломжгүй гэсэн хариу өгдөг.
Б.Батчимэг
Сэтгэгдэл (10)