ЭМХТ нь Жайка олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран Монгол Улс, Япон Улсын засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу 2015 оны 5 сараас эхлэн 5 жилийн хугацаатай хэрэгжиж байгаа Анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог сайжруулах зорилго бүхий төслийг хэрэгжүүлж байна.
Тус төсөл нь яаралтай тусламж түүгээр дамжуулан эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах тал дээр түлхүү анхааран үйл ажиллагаагаа чиглүүлэх юм.
Энэхүү төслийн хүрээнд яаралтай тусламж, гэмтэл, хүүхэд, халдварт болон эмнэлзүйн сурган заах арга зүйн чиглэлээр хэд хэдэн сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Төсөл хэрэгжүүлэх хугацаанд анхан ба хоёр дахь шатлалтын эмнэлэгт сургалт удирдах сургагч багш нарыг бэлтгэх зорилгоор сурган заах арга зүйн чиглэлээр “Эмнэлзүйн сургагч багш бэлтгэх” сургалтыг амжилттай зохион байгуулж 111 эмч нарыг сургагч багшаар, мөн “Амь тэнссэн үеийн түргэвчилсэн үнэлгээ, лавшруулсан тусламж”-ийн 3 удаагийн сургалтад 24 эмч хамрагдсанаас эхний 8 нь үндэсний сургагч багшаар бэлтгэгдээд байна.
Төслийн хүрээнд зохиогдож байгаа ээлжит сургалт болох “Амь тэнссэн үеийн түргэвчилсэн үнэлгээ, лавшруулсан тусламж”-ийн сургалт 4 дүгээр сарын 21-ны өдөр ЭМХТ дээр зохион байгуулагдаж байна.
Сургалтын зорилго нь амь насанд аюултай эрсдэлд орсон өвчтний биеийн байдалд түргэвчилсэн үнэлгээ хийх, амилуулах, лавшруулсан үнэлгээ (AALS) хийх, мэдлэг, чадвар, хандлагыг эзэмшихэд оршино. Мөн сургалтад нарийн ажилбар гүйцэтгэх боломжтой, өндөр үнэ өртөг бүхий сүүлийн үеийн манекен ашиглан зохиогдож байгаагаараа онцлог юм.
Сургалтыг төслийн хүрээнд бэлтгэгдсэн Үндэсний сургагч багш нар удирдан зохион байгуулж байгаа бөгөөд сургалтад ГССҮТ-2, УНТЭ-2, УГТЭ-1, НЯТТ-1, БГД ЭМТ-2 буюу нийт 8 яаралтай тусламжийн эмч хамрагдаж байна.
Сэтгэгдэл (1)