Сүхбаатар аймагт үүсээд буй улс төрийн нөхцөл байдлын талаар Сүхбаатар аймгийн Ардчилсан намын хорооны гишүүн, Үндэсний бодлогын хорооны гишүүн, хуульч У.Болдхүүгээс тодрууллаа.
-Сүхбаатар аймагт үүсээд буй улс төрийн нөхцөл байдал орон нутгаас хальж, УИХ, Засгийн газрын түвшинд яригдах боллоо. Өнөөдрийн байдлаар яг ямар нөхцөл байдал үүсээд байгаа болон уг асуудалд яагаад УИХ, ЗГ-ыг татан оролцуулах болсон талаар та хуульч хүний хувьд тайлбар хийгээч?
-Сүүлийн жил хүрэхгүй хугацаанд манай аймагт үүсээд буй улс төрийн хямралтай холбогдуулан Ардчилсан нам болон ИТХ дахь АН-ын бүлэг аймгийн Монгол ардын намд удаа дараалан шаардлага тавьж, зөвшилцөх оролдлого хийсэн ч өнөөдрийг хүртэл ямар ч үр дүнд хүрсэнгүй. Бид асуудлыг парламент, Засгийн газрын түвшинд тавьсан ч шийдэгдэхгүй л байна. Энэ бүхэнд УИХ-ын дарга бөгөөд Ардын намын дарга мөн Ерөнхий сайд тодорхой хэмжээгээр хариуцлага хүлээх ёстой гэж бид үзэж байгаа.
-Орон нутаг дахь улс төрийн асуудалд Засгийн газар болон Их хурлыг татан оролцуулдаг нь ямар учиртай юм бэ?
-Хуулиараа Ерөнхий сайд аймгийн Засаг даргыг батламжилдаг. Ингэхдээ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5.2 дахь хэсэгт зааснаар “төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан байх” шаардлагыг хангасан эсэхийг хянаж, шаардлага хангасан бол батламжилна, хангаагүй бол буцаах ёстой. Буцаасан тохиолдолд тухайн орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал 15 хоногийн дотор хуралдаад дараагийн хүний нэрийг өргөн барих үүрэгтэй. Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нэрийг нь өргөн барьсан Занын Энхтөр дээрх шаардлагыг хангаагүй байхад Ерөнхий сайд түүнийг Засаг даргаар батламжилсан нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, цаашилбал Үндсэн хуулийг зөрчсөн үйлдэл юм. Учир нь Үндсэн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т Ерөнхий сайд засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их хурлын өмнө хариуцна гэж заасан байдаг. Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т Ерөнхий сайд Үндсэн хууль болон бусад хуулийн биелэлтийг улс орон даяар хангах үүрэгтэй гэж заасан байдаг. Энэ утгаараа Ерөнхий сайд томилгоо хийхдээ дээрх хуулиудыг зөрчсөн гэж үзэж байгаа юм. Тиймээс энэ алдаагаа залруулж, хуулийн биелэлтийг хангуулахыг Ерөнхий сайдаас шаардаж байна. Энэ асуудлаар УИХ-н гишүүн Л.Болд Ерөнхий сайдад асуулга тавьсан байгаа.
-Өнөөдрийг хүртэл хурлын зарим төлөөлөгчийнхөө бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлж чадахгүй, маргаантай байгаа 12 сум, нэг дүүрэг, нэг аймгийн асуудлаар УИХ-ын гишүүн Л.Болд саяхан Ерөнхий сайдад асуулга тавьсан. Энэ асуулгын хариуг та бүхэнд өгсөн ч санал нийлэхгүй байгаа бололтой, тийм үү?
-УИХ-ын гишүүн Л.Болдоос тавьсан асуулгад Ерөнхий сайд хариулт өгөхдөө “Сүхбаатар аймгийн Засаг даргаар З.Энхтөрийг томилсон миний шийдвэрийг хууль ёсны гэдгийг шүүх нотолж байна. Түүнчлэн Ж.Батсуурь гэдэг хүн энэ асуудлаар нэхэмжлэл гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгосон” хэмээн тайлбарласан байгаа юм.
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 128 тоот шийдвэрийг харах юм бол “Ерөнхий сайдын 2016 оны 20-р захирамжийн улмаас иргэн Ж.Батсуурийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтогдоогүй, уг маргаан бүхий актыг хүчингүй болгосноор түүний ямар эрх, ашиг сонирхол хэрхэн сэргэх нь тодорхойгүй байгаа нь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болох тул нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан “З.Энхтөр нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5.2 дахь заалтад заасан “төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан байх шаардлагыг хангаагүй” гэх талаар эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ” гэсэн байгаа юм. Эндээс үзвэл,З.Энхтөрийг төрийн албанд гурван жил ажилласан гэдгийг шүүх нотолж чадаагүй. Түүнчлэн Ерөнхий сайдын 20 дугаар захирамж хууль ёсных мөн эсэхээр шүүхийн дүгнэлт гараагүй гэсэн үг. Гэтэл Ерөнхий сайд Шүүхийн шийдвэрийг өөрт ашигтайгаар урвуулан тайлбарлаж байгаа нь хууль бус үйлдэл юм. Шүүх Ерөнхий сайдын дээрх томилгоотой холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг үндэслэн шийдвэрлэсэн бөгөөд Төрийн албаны тухай хууль болон Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль болон холбогдох бусад журам, нотлох баримтуудыг огт үнэлээгүй байгаа юм.
-Тэгвэл З.Энхтөрийг төрд ажилласан эсэх, ажилласан бол хэдэн жил вэ гэдгийг тогтоох ямар арга байгаа юм бэ?
-Энэ хүн төрд гурван жил ажилласан эсэхийг маргаангүйгээр тогтоох хоёр арга байна. Нэгдүгээрт, нийгмийн даатгал төлсөн эсэхээр нь тогтооно. Энэ аргын хувьд одоо мөрдөгдөж байгаа Төрийн албаны тухай хуулийн дагуу Төрийн захиргааны байгууллагад ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн маргашгүй баримт байх ёстой. Хоёрдугаарт, ажилласан жилийг нь шүүхээр тогтоож болно. “Энэ хүн төрийн албанд гурван жил ажилласан. Хаан банкыг төрийн алба гэж үзнэ” гэдэг ч юм уу тодорхой шийдвэрийг шүүх гаргасан тохиолдолд энэ маргаан өнөөдөр эцэслэгдэн шийдэгдэх боломжтой. Ерөнхий сайдын захирамжтай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэц мөн дүгнэлт гаргах боломжтой. Гэхдээ үүний өмнө З.Энхтөр төрийн албанд гурван жил ажилласан эсэх асуудлаар шүүхийн шийдвэр заавал гарсан байх шаардлагатай л даа.
-Сүхбаатар аймагт үүсээд буй улс төрийн тулгамдсан асуудлын нэг бол ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон П.Мөнхжаргалын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх байгаа. Уг нь шүүх Мөнхжаргалтай холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон гэх хэрнээ тэр хүн яагаад өнөөг хүртэл ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа юм бол?
-Тийм ээ, шүүхийн процесс дуусаад, бүх маргаан эцэслэгдэн шийдвэрлэгдчихсэн байгаа. П.Мөнхжаргал хууль зөрчсөн байж болзошгүй гэсэн хоёр үйлдлийг Сүхбаатар аймгийн прокурорын газрын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон. Гэтэл Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, тэргүүлэгчид, хурал дахь МАН-ын бүлгийн 16 төлөөлөгч гэсэн гурван субьект энэ хүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ийнхүү Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн “а” дахь заалт, 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалт, 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх процессийн заалтаар улс төрийн зорилготой гацаа үүсгэж, эрх мэдлээ урвуулан ашиглан, эс үйлдэхүй хийж байгаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 25.12 дахь хэсэгт Улсын Их хурал нь “Нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооно” гэж заасан. Улсын их хурал энэ үүргээ материаллаг хуулиар дамжуулан хэрэгжүүлдэг. Гэвч доод шатны хурал нь баталсан хуулийг нь илт зөрчиж байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь заалтыг илт зөрчөөд ирцгүй хурал хийгээд, төсөв, төсвийн тодотгол, Засаг даргын мөрийн хөтөлбөр зэрэг маш чухал асуудлуудыг хэлэлцэн баталж, хүч түрсэн бодлогоор түүнийгээ хэрэгжүүлж байна. Мөн хуулийн хүрээнд УИХ, түүний тамгын газар доод шатны хуралд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх үүрэгтэй байдаг. Энэ хүрээнд олон услын байгууллагуудтай хамтран төсөл хэрэгжүүлдэг. Энэ үүргээ Их хурал хэрэгжүүлэхгүй байгаа нь өөрийнхөө баталсан хуулийг зөрчихийг хүлээн зөвшөөрч байгаагаас ялгаагүй хэрэг.
Нөгөөтэйгүүр, УИХ-д Монгол ардын намын 65-ын бүлэг байна. Тэгвэл түүний доод шатны хурал буюу аймгийн ИТХ-д 16 төлөөлөгчтэй Сүхбаатар аймгийн Монгол ардын намын бүлэг, хурлын дарга, тэргүүлэгчид нь байна. Тэгвэл доод шатны хурлын бүлэг нь Монгол улсын бүх хуулийг зөрчиж, дураараа авирлаж байгаа энэ үйлдэлд намынхаа түвшинд анхаарах ёстой.
Монгол Улсын Их хурлын даргын хувьд ч тэр, намын даргын хувьд ч тэр Сүхбаатар аймгийн улс төрийн нөхцөл байдлыг зөв гольдролд оруулах, хууль ёсыг сахиулахад өөрийн гүйцэтгэх үүрэг гэж байх ёстой.
-Төрийн албан хаагчдын халаа сэлгээ, томилгооны асуудал мөн л маргаан дагуулж байгаа. Энэ талаар ...?
- Бидний хөндөж байгаа үндсэн гурван асуудлын нэг бол хууль бус халаа сэлгээ, томилгоо юм. Засаг дарга З.Энхтөр нь өөрийн харьяа агентлаг, албадын дарга нарыг хууль бусаар чөлөөлж, томилсон. Одоогийн байдлаар зөвхөн Баруун-Урт сумын хэмжээнд нийт 82 төрийн албан хаагч ажлаасаа хууль бусаар халагдаад байна. Энэ мэтчилэн хэт улс төржсөн үйлдэл нь Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг зөрчиж байна. Энэ талаар дүгнэлт, албан шаардлагыг Төрийн албаны зөвлөл, Авилгатай тэмцэх газраас Засаг даргад удаа дараа хүргүүлсэн ч үл тоомсорлож, хуулийн хэрэгжилтийг хангах арга хэмжээ авахгүй байна.
Ардчилсан нийгмийн цөөнх нь олонхоо дагах үндсэн зарчмыг уландаа гишгэж, иргэдийн сонгох, сонгогдох эрх, ажил хөдөлмөр эрхлэх эрхийг эрхийг хөсөрдүүлж буй Сүхбаатар амйгийн Ардын намын дарга З.Энхтөр болон түүний багийнхныг хууль сахиулан ажиллуулахыг УИХ-ын дарга М.Энхболд болон Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нараас шаардаж байгааг дахин уламжилъя.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)