УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болон цахим ертөнцөд багагүй шүүмжлэл, маргаан дагуулж буй Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд хууль санаачлагч, ажлын хэсгээс асуулт асууж байгаа юм.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Хууль зүйн байнгын хорооны дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд нараас асууя. Торгуулийн хэмжээн дээр аж ахуйн нэгжийг 200 сая хүртэл гэж заасан байгаа. Энэ торгуулийн хэмжээг хэрхэн тооцоолсон бэ. Торгох, эрх хасахаасаа өмнө сануулах гэсэн зүйл байна уу. Баривчлах тухай олон хүн ярьж байгаа. Зөрчлийн хуульд дэмий зүйл байгаа юм. Мөн нэг зөрчлөөр ажилтан болон аж ахуйн нэгжийг давхар торгоно гээд байгаа. Энэ дэмий зүйл ш дээ. Ажилтныг бус аж ахуйн нэгжийг нь л торгочихсон дээр шүү дээ. Дөнгөж компани байгуулж байгаа хүн зөрчил гаргалаа гэхэд давхардуулж торгуулбал тун хүнд тусах байх.
Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд: Аж ахуйн нэгжийг торгох хэмжээ 100-200 сая байж болно гэдэг. Харин энэ хуулийн төсөлд хамгийн дээд тал нь 100 сая гэж заасан байгаа. Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар зөвлөн туслах гэж байдаг. Тэр хуулиар сануулах үйл ажиллагаа зөвлөн туслах чиглэлээр явагдаж болно. Хуулийн төсөлд сануулах зүйлийг оруулж болно. Байнгын хорооны хуралдаан дээр санал гаргаад явж болно. Мөн сануулах үйл ажиллагаа ямар үйлдвэрлэл, үйлчилгээнд байх ёстой вэ гэдгийг сайн ялгах ёстой. Баривчлах тухайд гурван заалт бий. Байнгын хорооны хуралдаан дээр жижиг хулгайн чиглэлд маш болгоомжтой ярьж, судлах хэрэгтэй. Хулгай хийгээд 30 хоног баривчилж, төр тэжээчихээд суллаад явуулчихаж болохгүй байх. Сайн судалж, ярих хэрэгтэй.
Хууль зүй, Дотоод хэргийн сайд С.Бямбацогт: Торгуулийн хэмжээний хувьд буурсан шүү дээ. Өмнө нь нэг нэгжийг 2000 төгрөгөөр тооцдог байсан бол 1000 төгрөг болж бууруулсан. Жишээлбэл, жолоочийн хариуцлагын даатгалаа төлөөгүй бол 500 мянган төгрөгөөр торгодог байсан бол одоо 25 мянга болгож бууруулсан байгаа. Газрын тосны тухай хууль зөрчих, Ирээдүйн өв сангийн тухай хууль зөрчих, Гаалийн тухай хууль зөрчих, Банкны тухай хууль зөрчих гэсэн цөөхөн тохиолдлуудад л 100 сая төгрөгөөр торгох зүйл, заалттай байгаа.