Монголын кино урлаг хөгжсөөр байгааг харуулах ганц шалгуур бол уран бүтээл. Нэг үеэ бодвол үзэгчид ч монголынхоо уран бүтээлчдийн хийсэн киног шимтэн үзэж, уран бүтээлчдийн бүтээл ч улам чанаржсаар байна. Азийн томоохон кино наадмаас гол шагналуудыг нь хүртэж, зураглаач, зураач, гэрэлтүүлэгч, нүүр хувиргагчид ч тодорхой хэмжээнд хөдөлмөрөө үнэлүүлсээр байна. Нийгэмдээ хэлэх гэсэн санаагаа уран сайхнаар гаргаж, тодорхой шалгуурыг давж, үзэгчдэдээ хүрэхэд бэлэн болоод байгаа уран бүтээлийн нэг бол “Залуу нас”. Монголын залуусын амьдралыг тольдон өгүүлж, алдаа оноог нь дэнслэсэн уг кино дэлгэцийн бүтээлд өөрийн гэсэн орон зайтай болсон “Борн фильм” студийн бүтээл юм. Ингээд тус киноны найруулагч П.Энхбаатартай ярилцлаа.
-Юуны түрүүнд удахгүй нээлтээ хийх “Залуу нас” киноныхоо тухай мэдээллийг уншигчдад хүргэх үү?
- Манай кино залуу хүний тухай өгүүлдэг. Залуучууд юун дээр алддаг талаар зөвлөмж өгнө гэж ойлгож болно. Залуучууд их, дээд сургууль төгсөнгүүтээ л мөнгөтэй болохыг мөрөөддөг. Ер нь л бушуухан баян болчих юмсан гэсэн хүсэл залуу хүнд гэлтгүй бүх хүнд л байдаг. Гэхдээ боловсрох хэрэгтэй, сурах хэрэгтэй цаашлаад тэвчээртэй байх хэрэгтэй. Нэг хийсэн зүйлийнхээ үр дүнг хараад шантрах биш 2,3 цаашлаад эцсийг нь үзэх хүртэл цуцалтгүй явж байж амжилтад хүрнэ. Өөрөө юмыг шинээр сэтгээд түүнийгээ ургуулаад, үр шимийг хүртээд явбал илүү сайхан амьдралын мөрөөр явдаг юм шүү гэдгийг харуулах гэж хичээлээ.
- Монгол бол залуучуудын орон. Хүн амын ихэнх хувийг залуучууд эзлэж байна. Яг сэдэв үнэхээр залуучуудын дунд байгаад байна шүү?
- Харин тийм. Найз нөхдөөсөө урваж, жижиг зүйл дээрээс ямар том үр дагавар гаргах тохиолдол бидний насан дээр бишгүй тохиолддог. Тиймээс алдвал ийм зүйл хүлээж байна. Зөвөөр явбал ийм зам дурайж байдаг гэдгийг тов тодорхой харуулна. Миний хувьд энэ киноны ерөнхий зураглаачаар ажиллалаа. Бас найруулах гэж оролдлоо.
- Найруулагч хүний хувьд залуу насандаа хэр алдаж онож байна?
- Яг тэр гэж хэлэхэд хэцүү юм. Мэдээж залуу хүний хувьд алдаагүй амьдрал гэж юу байхав. Алдаж ч явсан, онож ч явсан. Одоо ч дэнслээд л явж байна.
- Энэ киноны найруулагчаас гадна Ерөнхий зураглаачаар ажилласан гэлээ. Багагүй олон жил зураглаачаар ажилласан гэж дуулсан. Хэдэн оноос ямар, ямар уран бүтээл хийв?
- Манай “Борн фильм” студи реклам, клип их хийдэг. Харин сүүлийн дөрвөн жилийн хугацаанд кино урлаг руу түлхүү уран бүтээл хийж байна. Тодруулбал Монгол Улс түүхэндээ анх удаа “Монгол наадам” гэдэг дууны клип хийлгэсэн. Монголын үндэсний их баяр наадмын харуулсан нэлээд даацтай уран бүтээл болход хувь нэмрээ оруулсан. Киноны ерөнхий зураглаачаар гэвэл найруулагч н.Ариунболдтой хамтран “Код” инээдмийн уран сайхны кино, “Бохир ертөнц”, Ц.Төмөрхуяг ахтай хамтран “Үлгэрийн баатар гэртээ харих замд”, н.Эрхэмбүрэнгийн найруулсан “Би дурламаар байна”, В.Мөнхтулга, А.Төгсбаяр нарын найруулсан “Эцсийн хүсэл”, яг одоо “Макс” продакшны жүжигчин Дэлгэрсайханы “Лизинг” уран сайхны киноны Ерөнхий зураглаачаар ажиллаад явж байна.
- Таныхаар зураглаачийн мэргэжлийг тодорхойлбол?
- Маш товчхон бөгөөд энгийнээр тодорхойлбол зураглаачийн нүдээр л тэр кино, уран бүтээл гардаг. Жүжигчин хүн бол найруулагчийн хэлэх гэсэн санааг тоглож, амьлуулдаг бол найруулагчийн харсан, зураглаачийн авсан зурагнаас кино бүтдэг гэж хэлж болно.
- “Залуу нас” кино таны найруулсан анхны уран бүтээл гэлээ. Найруулагч хүний зовлон жаргалыг хэр мэдрэв?
- Мэдэрсээн мэдэрсэн. Гэхдээ зөвлөх найруулагч байсан болохоор энэ давааг нэг их түүртэлгүй давсан.
- Экшн драм гэж та түрүүн уран бүтээлээ тодорхойлсон. Яг энэ чиглэлийн уран бүтээл монголд хэр бүтээгддэг вэ?
- Энэ чиглэлийн зөндөө уран бүтээл байна. Би өөрөө ч зарим уран бүтээл дээр нь ажилласан. Иймэрхүү кинонд компьютер графикийг түлхүү ашигладаг. Надад бас энэ чиглэлээр ажилласан цөөнгүй уран бүтээл бий. “Миний их атаман”, “Хар сувдны нууц”, “7 сарын нэгэн”, “Аз ойрхон” гээд л.
- Найруулагч, ерөнхий зураглаач, компьютер графикч гээд л та нэлээд олон төрлийн чадвартай хүн юмаа?
- Өнөөгийн нийгэм, нөхцөл байдал маш хурдан хувьсан өөрчлөгдөж байна. Үүнтэй зэрэгцээд хүн ч бас аль аль чиглэлд ажиллах чадвар шаардаж байна. Ялангуяа өөрийн гэсэн студи байгуулчихаар юм юм хийж чаддаг байх хэрэгтэй болдог. Түүнийгээ цааш нь хөгжүүлэх шаардлага гардаг. Мэдээж тухайн хүн хийж байгаа ажилдаа сонирхолгүй бол юу ч хийх гээд оролдоод чаддаггүй л дээ.
- “Борн фильм” студийнхаа талаар сонирхуулаач?
- Миний уран бүтээл манай студийн нүүр царай болдог. Анх дан реклам, сурталчилгаа хийдэг байсан. Кинонд хайртай, үзэх дуртай болохоор яваандаа үүнийхээ хажуугаар кино уран бүтээл хийдэг болсон.
- Өнөө үед маш олон студи, продакшнууд кино хийж байна. Үзэгчид ч үүнийгээ дагаад чанарын асуудлыг их ярих болж?
- Миний бодлоор тухай киног үзээд өөрт нэг зүйл бодогдсон бол энэ сайн кино. Жишээ нь “Үлгэрийн баатар гэртээ харих замд” киног үзсэн ямарч хүнд юм бодогдуулж чадна. Ер нь манай хийж, бүтээсэн кино болгон өөрийн гэсэн өгүүлэх санаатай. Ямар нэгэн зүйлийн талаар дуугарсан байдаг. “Бохир ертөнц” кино гэхэд өнөөгийн нийгмийн байдал хоёр найзын амьдрал дээр хэр тусч байна гэдгийг харуулах жишээний.
- Гол дүрийн эмэгтэй жүжигчний хувьд олны танил Мисс бүсгүй байгаа шүү дээ. Та өөрөө санал тавив уу эсвэл сонгон шалгаруулалтаар танай кинод тоглов уу?
- Эхлээд хайсан л даа. Нэлээд судалгаа хийсэн. Тэгээд нэг уран бүтээл дээр хамтарч ажиллаж байхдаа өөрөө санал тавьсан. Надад жүжиглэлт нь их таалагдсан.
-Таны хувьд Мисс Т.Батцэцэг өөрийн чинь санасан хэмжээнд хүртэл жүжиглэж чадсан уу?
- Сэтгэлд хүрсэн шүү. Миний хүссэн дүрийг Батцэцэг маань хангалттай сайнаар бүтээж өгч чадсан.
- Эрэгтэй гол дүр СУИС-ийг дөнгөж төгссөн залуу уран бүтээлч байхаа?
-Тийм. Шинэ залуу жүжигчин тоглосон. Хайж байсан дүр минь байсан. Кинондоо тоглуулсандаа баяртай байгаа. Ер нь их чадварлаг, цаашдаа өсөх ирээдүйтэй жүжигчин.
- 14 жил урлагт зүтгэхэд хамгийн чухал гэр бүл. Ар гэртээ санаа зоволгүйгээр ажлаа хийнэ гэдэг асар том боломж биз?
- Би анх 2003 оноос компьютер графикчаар ажиллаж эхэлсэн. Орчин үеийн дүрслэх урлаг. Маш их хонож өнжиж ажилладаг байсан. Тэр цаг үе болгонд эхнэр хүний дэм үгээр хэлшгүй их. Манай ам бүл зургуулаа. Өнөөг хүртэл хамтарч ажилласан уран бүтээл болгоны ард эхнэр минь байдаг. Ер нь уран бүтээлчийн хамгийн том хөдөлгөх хүч бол гэр бүл байдаг.
- Өнөр айлын тэргүүн юм байна. Хүүхдийн уран бүтээл хийе гэж боддог уу?
- Бодолгүй яахав. Миний том охины нэг нэг зохиол бий. Гэхдээ цаг нь болоогүй байна. Охиныгоо жаахан том болохыг нь хүлээж байна. Тэр цаг үед хөөрхөн уран бүтээл хийнэ.
- Урлагийн тогоонд чанагдаж яваа хүний хувьд хүүхдүүдээ урлаг руу оруулъя гэж боддог уу?
- Үнэхээр урлагийн хүн болмоор байна гэвэл татгалзахгүй. Манай хүүхдүүдээс нэг нь урлагийн хүн болох байх гэж боддог. Учир нь хүүхэд юу харж өснө түүндээ сайн байдаг гэдэг шүү дээ.
-Ер нь өнөөгийн кино урлагийн өнөөгийн хөгжил таны бодлоор?
-Уран бүтээл гарах болгонд хөгжсөөр байна. Зураг авалт, тавилт, найруулга гээд л. Монголд кино урлаг хөгжсөөр байна. Би түүнийг нь дагж хөгжсөөр байна. Түвшин гэвэл Азидаа нэлээд өндөр түвшинд хүрч байгаа. Буриад, Өвөрмонголын уран бүтээлчидтэй хамтарч ажиллаж үзсэн. Монголынхоос илүү гэж хэлэхгүй. Кинонд хандаж байгаа хандлага, хэлэх гэсэн санаа, график, монтажнаас эхлээд л. Хөрөнгө л бага байх.
-Таны уран бүтээлд амжилт хүсье.
-Баярлалаа уншигчдадаа бас эрүүл энхийг хүсье.