Сонгуулийн Ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхантай ярилцлаа.
-Нэр дэвшигчдийг бүртгэх ажиллагааны талаар тодруулаач?
-Сонгуулийн тухай хуульд зааснаар тавдугаар сарын 2-оос эхлээд өнөөдрийг хүртэл нэр дэвшүүлэх ажиллагаа явагдлаа. Улс төрийн намууд болоод СЕХ хуулийн хугацааг чанд баримтлан ажилласан. Анх парламентад суудалтай намууд болох АН, МАН, МАХН-ын нэр дэвшигчид бичигт баримтаа хугацаандаа ирүүлсэн. Энэ дагуу СЕХ-ны даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг бичиг баримттай танилцаж, шалгасан. Үүний үндсэн дээр СЕХ-ны хуралдаанд оруулж, зохих шийдвэрүүдийг гаргуулсан. Ингээд М.Энхболд, Х.Баттулга нарыг бүртгэж, Н.Энхбаярыг бүртгэхээс татгалзсан.
-Сонгуулийн ерөнхий хороо МАХН-ын нэр дэвшигч Н.Энхбаярыг бүртгэж аваагүй нь багагүй шүүмжлэл дагуулсан. Тэрбээр өөрийгөө хуульд нийцэж, сонгуульд өрсөлдөх боломжтой гээд байгаа?
-Н.Энхбаяр дарга хуулийн хугацаанд бичиг баримтаа ирүүлэхдээ хилийн албаны тодорхойлолтыг дутуу ирүүлсэн. Энэ нь нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл болж байгаа. Гэхдээ бид бичиг баримтаа бүрдүүлж өгөх боломжийг олгосон ч хугацаандаа авч ирж өгөөгүй. Харин хуулийн хугацаа дуусахаас өмнө хилийн албаны тодорхойлолтын оронд хоёр хуудас тайлбар өгсөн. Мөн цагдаагийн байгууллагын тодорхойлолт болон Сүхбатаар дүүргийн шүүгчийн захирамжаар Н.Энхбаяр нь ялтай гэдэг нь тогтоогдсон. Түүний ялгүйд тооцогдох хугацаа энэ оны наймдугаар сарын 2-ны өдрөөс эхлэх юм билээ. Тиймээс нэгэнт хуульд заасан эрх бүхий байгууллага нь бичиг баримтаа ирүүлсэн байхад СЕХ бүртгэж авах хууль эрх зүйн үндэс байхгүй. Тиймээс бүртгэж аваагүй.
-Н.Энхбаяр хилийн албаны тодорхойлолтоор хэдий хугацаанд гадаадад амьдарсан бэ. Тэрбээр өөрөө тайлбарлахдаа “Би гадаадад удаан хугацаагаар амьдраагүй, тэр ч байтугай тасралтгүй зургаан сар нэг улсад байгаагүй” гээд байсан шүү дээ?
-Н.Энхбаяр хилийн албаны тодорхойлолтоор 13 сар 25 хоног Монгол Улсад амьдраагүй гэдэг нь батлагдсан. Тодруулбал 2013 оны найдугаар сарын 13-ны өдөр монголоос гараад 2014 оны 10 дугаар сарын 9-ны өдөр орж ирсэн байгаа юм. Харин хуульд сүүлийн таван жилд зургаан сараас дээш хугацаанд эх орондоо байнга оршин суугаагүй бол бүртгэхээс татгалзана гээд заачихсан. Энэ бол хуулийн хүрээнд хуулиа баримталж ажилласан шийдвэр байсан. МАХН өчигдөр С.Ганбаатарыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн нь Н.Энхбаярыг бүртгээгүй СЕХ-ны шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа үйлдэл гэж ойлгож байгаа.
-АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын тухайд сэжигтнээр тооцон шалгагдаж байгаа хүнийг СЕХ ямар ч цензургүй бүртгээд авчихлаа гэсэн шүүмжлэл ч бас хөвөрч байна. Энэ талаар?
-Хууль хүчний байгууллага хэнийг ч сэжигтэнээр тооцон шалгаж болно. Монгол Улсын Үндсэн хуульд шүүхийн шийдвэрийг үндэслэн хүнийг гэм буруутайд тооцно гээд заасан байгаа. Цагдаагийн байгууллагаас Х.Баттулга нь ялгүй гэсэн тодорхойлолт ирсэн учраас СЕХ нэр дэвшигчээр бүртгэж авсан.
-Нэр дэвшигчдийг хамгаалтад аваад буй. Тэгвэл эдгээр хүмүүсийг хамгаалтад авснаар эдгээр хүмүүст ямар эрх үүсэх вэ. Хууль хяналтын байгууллага нэр дэвшигчийг шалгаж, цагдан хорих эрхтэй юу?
-Нэр дэвшигчийг бүртгэх шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал нэр дэвшигчийг хамгаалтад авдаг. Энэ нь хууль эрх зүйн үүднээс шалгуулж, барихгүй гэхээсээ илүүтэй, элдэв төрлийн халдлагаас хамгаалж байгаа хэрэг.
-Ерөнхийлөгчийн сонгуультай хамт ард нийтийн санал асуулгыг авна гээд байгаа. Энэ нь хуулийн хувьд боломжтой юу?
-Ард нийтийн санал асуулгыг СЕХ шууд хариуцсан ажиллах үүрэгтэй гэж хуульд заасан. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуультай хамт зохион байгуулахад татгалзах зүйл байхгүй. Хуульд Ерөнхийлөгчийн сонгуультай хамт ямар нэгэн санал асуулга явуулахыг хориглоно гэдэг заалт байхгүй. Харин ард нийтээс авах санал асуулгын асуултыг энэ сарын 29-ны өдрөөс өмнө бэлтгэн СЕХ-нд ирүүлэхгүй бол зохион байгуулалтын хувьд амжихгүй.
-Ард нийтийн санал асуулга, Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах хуудастай нэг цаасан дээр хэвлэгдэх үү?
-Одоогоор энэ асуудал шийдэгдээгүй байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санал асуулга нь цөөхөн асуулттай байвал нэг цаасан дээр хэвлэх боломжтой. Хэрэв олон хариулттай, олон асуулт байвал нэг хуудас дээр хэвлэх боломжгүй.
-Ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулах нь зардал мөнгө хэмнэнэ гээд байгаа. Санал асуулга сонгуулийн зардалд үнэхээр нөлөөлөхгүй юу?
-Санал асуулгын хуудсыг сонгуулийн саналыг хуудастай хамт нэг цаасан дээр хэвлэвэл сонгуулийн зардалд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй. Хэрэв хоёр ба түүнээс олон цаасан дээр хэвлэвэл саналын хуудсын зардалд нөлөөлнө.
-Санал тоолох төхөөрөмжийн программын хувьд яаж тохируулах вэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн санал, ард нийтийн санал асуулгын санал гээд тус тусдаа уншигдах байх. Гэтэл программын алдаа гарч, Ерөнхийлөгчийн сонгуулийн санал будилаантвал яах вэ?
-Саналын хуудаснууд санал тоолох төхөөрөмжтэй хамт уншигдаад саналын дүн нь тус тусдаа гарна. Аль нэг саналын дүнд нөлөөлнө гэсэн ойлголт байхгүй.
-Ард нийтийн санал асуулга, Ерөнхийлөгчийн сонгууль хоёрыг хамт зохион байгуулснаар ямар нэгэн хүндрэл гарахгүй гэж үү. Сонгогчийн санал өгөх хугацаа уртасч, дараалал үүснэ гэдэг ч юм уу?
-Мэдээж ард нийтийн санал асуулгын асуулт хэт олон байвал нэг сонгогчийн санал өгөх хугацаа уртсах, дараалал үүсэх, сонгогч будилах нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй. Тиймээс ард нийтийн санал асуулга цөөхөн асуулттай, тодорхой байвал асуудал үүсэхгүй.
-Гадаадад байгаа хичнээн иргэн саналаа өгөхөөр бүртгүүлээд байгаа вэ. Тэднийг хэдэн хүртэл бүртгэх билээ?
-Гадаад харилцааны яаман дээр ажиллаж байгаа салбар комиссын мэдээллээр тавдугаар сарын 15-ны өдрийн байдлаар гадаадад буй сонгогчдоос 2455 хүн бүртгүүлээд байна. Гадаадад байгаа иргэдийн саналыг авах Сонгуулийн төв комисс байгуулагдсан ажиллаж байгаа. Тодруулбал 33 улсад нийтдээ 45 салбар комисс байгуулагдсан. Энэ салбар комисс 200 орчим хүн ажиллаж байгаа. Гадаадад байгаа санал өгөх иргэдийн бүртгэлийн үйл ажиллагаа тавдугаар сарын нэгний өдрөөс эхэлсэн. Энэ сарын 20-ны өдөр хүртэл 20 хоног явагдана. Гадаадад байгаа сонгогчид тухайн оршин суугаа газрынхаа дипломат төлөөлөгчийн газар өөрийн биеэр очих буюу шуудан, цахим шуудан, факсаар бүртгүүлэх боломжтой.
-Гадаадад байгаа сонгогчид 5 сарын 20-ны дотор бүртгүүлж амжаагүй бол нөхөн бүртгүүлэх боломжтой юу?
-Энэ хугацаанд бүртгүүлээгүй бол сонгуульд оролцох боломжгүй болно. Гадаадад байгаа сонгогчдынхоо сонгох эрхийг хэрэгжүүлэхийн төлөө тодорхой хэмжээний зардал гаргаад, хүмүүс ажиллаж байгаа учир энэ бүхнийг хүндэтгээд гадаадад байгаа сонгогчид хугацаандаа бүртгүүлж, сонголтоо хийхийг уриалмаар байна.
-Гадаадад байгаа сонгогчдын саналын хуудсыг хэрхэн, хэзээ хүргүүлэх вэ?
-Гадаадад байгаа сонгогчдын санал өгөх бүртгэл дууссан дараа нийт санал өгөх хүний тоог нь харж байгаад саналыг хуудсыг нь хэвлүүлж, гурав хоногийн өмнө хүргүүлнэ. Гадаадад байгаа сонгогчид зургаадугаар сарын 11-12-ны өдөр саналаа өгнө.
-Нэр дэвшигчид хандив цуглуулахад аудитын байгууллага хяналт тавих уу?
-Нэр дэвшигчид СЕХ-нд бүртгүүлснээс хойш хандивын дансаа нээх эрх нь үүсдэг. Хандивын данс нээхэд татварын газар, СЕХ, аудитын байгууллагууд хандивын данс нээсэн тухай мэдээллээ хүргүүлэх учиртай. Хандивын дансны тухайд хуулийн этгээд 15 сая, иргэн 3 сая төгрөгийн хандив өгөх хуулийн зохицуулалттай. Хандиваас гадна тухайн нэр дэвшигчийн дансанд намын санхүүжилт, нэр дэвшигч сонгуульд зарцуулах мөнгө мөн дансанд байршуулах учиртай. Энэ үйл ажиллагаанд СЕХ, аудитын байгууллагууд хяналтаа тавина. Хууль бусаар болон тодорхой шалгуур хангаагүй хандив тухайн дансанд орж ирэх эсэхийг нэр дэвшигчид өөрсдөө хянах үүрэгтэй. Хэрэв ийм хандив орж ирвэл тухайн дансанд нь буцааж шилжүүлэх арга хэмжээг авах ёстой.
-2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн нийт хэдэн төгрөгөөр зохион байгуулах вэ. Мөн нам, нэр дэвшигч нийт хэдэн төгрөгийн санхүүжилтийг зарцуулах эрхтэй байгаа вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг 14.9 тэрбум төгрөгөөр зохион байгуулна. Харин сонгуульд нам нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг нам 6.8 тэрбум, нэр дэвшигч 3.9 тэрбум төгрөг гэж тогтоож өгсөн байгаа.
Б.Батчимэг
Сэтгэгдэл (2)