Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийжээ. Тус Байнгын хороо энэ сарын 16-ны өдрийн хуралдаанаараа уг хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэнийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний оролцоог хангах нэг хэлбэр нь ард нийтийн санал асуулга бөгөөд Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 4.2-т “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар санал асуулга явуулж болно” гэж заасан. Мөн хуулийн 7.7-д “санал асуулгыг Улсын Их Хурлын, Ерөнхийлөгчийн болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай хамтатган явуулах бол Сонгуулийн тухай хуульд заасны дагуу санал асуулгыг санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө товлон зарлана” гэж заажээ.
Иймээс уг хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсгийн “65-аас” гэснийг “21-ээс” гэж өөрчилснөөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуультай хамтатган зохион байгуулж, улсын төсвөөс шаардагдах зардлыг буруулах, хэмнэх боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой хэмээн үзсэний үндсэн дээр уг хуулийн төслийг санаачлан боловсруулсан байна.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлын талаар ард нийтийн санал асуулга зохион байгуулах асуудлыг Ерөнхийлөгчийн энэ удаагийн ээлжит сонгуультай хамтатган явуулах цаг хугацааны боломж харагдахгүй байна гээд иймээс хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх шаардлагатай эсэхийг тодруулсан юм.
Байнгын хорооны дарга Н.Энхболд энэ талаар өгсөн хариултдаа, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал олон жил яригдсан ч янз бүрийн шалтгаанаас болоод шийдвэрлэгдэхгүй явж ирсэн. Энэ удаагийн Улсын Их Хурал Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль баталж, энэ үндсэн дээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх талаар тодорхой сэдвүүдийн хүрээнд олон нийтийн төлөөллийг оролцуулан зөвлөлдөх санал асуулга зохион байгуулан түүний үр дүнд үндэслэн гаргасан зөвлөмжийн дагуу хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэг гарган ажиллуулж байгаа.
Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган ард нийтийн санал асуулга явуулах цаг хугацааны боломж хомс байгаа нь үнэн. Гэхдээ энэ хуулийг батлаад явахад буруу зүйл байхгүй. Иймээс хуулийн төслийг энэ байдлаар нь батлаад дараа дараагийн шатанд шийдвэрлэх асуудалдаа анхаараад явах нь зүйтэй байна гэсэн саналтай байгаагаа хэлсэн юм.
Ингээд хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар, О.Баасанхүү, Ж.Батзандан нар үг хэлж хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах саналтай байгаагаа илэрхийлэв. Байнгын хорооны гишүүдээс хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон 11 гишүүн санал нэгтэй дэмжлээ. Улмаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг гишүүдийн 90.9 хувь нь дэмжсэн тул энэ талаархи Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтжээ.