Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид өнгөрсөн амралтын өдөр буюу тавдугаар сарын 27-ны өдөр СЕХ-ноос нэр дэвшигчийнхээ үнэмлэхийг гардан авсан. Нэр дэвшигчдийн үнэмлэх гардан авах явц нь Ерөнхийлөгчийн сонгуулийн анхны “өрсөлдөөн” байв. Тэгвэл нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авах үеэр юу өгүүлснийг хүргэж байна.
МАН-аас нэр дэвшигч М.Энхболд “Зуны эхэн сарын шинийн хоёрны билэгт сайн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа. МАН-аас нэрийг минь дэвшүүлж, амжилттай оролцох ёстой гэсэн үүрэг өгсөн. Энэ итгэл найдвар, өндөр хариуцлагыг ялалтаар мялаана гэдэгтээ итгэлтэй байна. Энэ удаагийн сонгууль хямарч хагарсан, уруудаж доройтсон үйл явдлыг зогсоож, иргэдийнхээ амьдралыг богино хугацаанд сайжруулах их сонголтын сонгууль болж байгаа юм. Би нэгдүгээрт, эвтэй Монголын төлөө нэр дэвшиж байна. Хоёрдугаарт, хямралт байдлыг зогсоож, хямралыг даван туулахын төлөө нэр дэвшиж байна. Гуравдугаарт, Монголын төрийг ээлтэй төр болгохын төлөө нэр дэвшиж байна.
Монголчууд эвтэй байхдаа эх орныхоо хөгжил цэцэглэлтийг бүтээж явсан түүхтэй. Эв эвдэрсэн үедээ монголчууд ээдэрч явсан удаатай. Тиймээс нэг байр суурь, нэг зүг рүү харж гэмээнэ ялалт байгуулна. МАН-аас нэр дэвшигч ялалт байгуулж байж, улс орон эдийн засгийн хямрал, хүнд байдлаас гарна. Монголчууд НЭГ МОНГОЛ болохын төлөө зайлшгүй ялалт байгуулах ёстой. Үнэн шударга өрсөлдөж бүгдээрээ ялалт байгуулъя. Миний хувьд ээлтэй, эвтэй Монголын нэр дэвшиж байна. Монгол ялах болно” гэв.
АН-аас нэр дэвшигч Х.Баттулга “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийнхээ үнэмлэхийг гардан авахдаа та нарыг харахад сайхан байна. Өнөөдөр Монгол Улсын 30 хүрэхгүй гэр бүлийн төлөө юу гурван сая иргэдийн төлөө юу гэсэн сонголтын өмнө ирээд байна. Хүч тэнцвэргүй тулаан болох гэж байна. Тэдэнд эрх мэдэл, эд хөрөнгө, алт мөнгө, гадныхан бүгд байгаа. Бидэнд эгэл ардууд, монголчууд, ардчилагчид байна. Тиймээс энэ сонгуульд монголчууд, монголын эгэл ард түмэн ялна” хэмээн тэмдэглэсэн.
Нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авсан Х.Баттулгад баяр хүргэхээр хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн “Х.Баттулга танд чин сэтгэлийн баяр хүргэе. Нэр дэвшигч нөхер минь, монголчуудын шийдэх асуудал өвөрмөц шүү. Хэдийгээр цаг үеийн эрхээр өнгө будаг муу амьдарч байгаа ч Ерөнхийлөгчөөс мөнгө горьдохгүй. Монголын эрх ашгийг хамгаалах төрийн тэргүүн хэрэгтэй. Бид жил гаруйн өмнө сонгуулъ явуулсан. Сайхан амлалт тасраагүи байна. Нэр дэвшигчдээ амжилт хүсье” гэсэн юм.
МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар “Өнөөдөр та бүхнийхээ өмнө зогсч байгаадаа баяртай байна. Энэ хүртэл би маш удаан, бас хол замыг тууллаа. Маш олон доромжлол гүтгэлгийн дундуур явж ирлээ. Үнэн гүйцдэг юм байна. Бидэнд Монгол орноо аврах төлөвлөгөө бий. Бидэнд Монгол Улсаа цэгцтэй хөгжүүлэх Үндсэн хуулийн төсөл бий. МАХН-ын нийт гишүүд, дэмжигчид, ард түмэнтэйгээ хамт энэ сонгуульд бид нэр дэвшиж байна. Ямар зорилгоор дэвшиж байна вэ гэвэл бид МАНАН-гийн дарангуйллыг хазаарлана. Өнөөдөр улс орон эдийн засгийн доройтолд орж, ард түмний амьжиргаа хүнд боллоо. Үндэсний аюулгүй байдал, ялангуяа эдийн засгийн тусгаар тогтнол алдагдчихсан байгаа. МАН-ын сонгуулийн ажил эхэлж байх шиг байна. Тэд юундаа баярлаж хөөрөөд байгаа юм бэ.
Тэд уучлалт гуйхаар эхлэх ёстой. Тэр намын олон зуун мянган жирийн гишүүдийг би ойлгож. хүндэлж байна. Орой дээр нь байгаа луйварчид, уучлалт гуйж сонгуулийн ажлаа эхлэх ёстой. Тэд ард түмнийг доройтуулсан, хямраасан гэж тэд ярьж байна лээ. Хэн хямрааж, хэн доройтуулсан юм бэ. Ард түмэн өөрсдөө хямарчихсан юм уу, үгүй ээ. МАНАН ард түмнийг хямраасан, доройтуулсан. Тэдний лицензийн наймаа, газрын наймаа, тендерийн луйвар, ашиг сонирхол Монгол орныг ядрааж, цуцааж, ард түмнийг доройтуулж байна. Өнөөдөр тэдэнд оффшорчид, олигархиуд, хар пиарчид бүгд МАНАН дээр цугласан байна. Тэд манай намыг, намайг хараар будсаныхаа төлөө шагналаа авах гэж улайрч байгаа. Мөнгөтэй нь биш төлөвлөгөөтэй, үзэл баримтлалтай нь ялна. Бид Монголоо улам хүчирхэг болгоно. Монгол босно” гэв.
Б.Энхжин
Сэтгэгдэл (85)