Халтмаагийн БАТТУЛГА
- Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга 1963 оны гуравдугаар сарын 3-нд Улаанбаатар хотод төржээ. Хоёр охин, хоёр хүүтэй юм. “Нүүдэлчин” компанийн захирал, Сүхбаатар дүүргийн ИЗНН-ын дарга Ц.Энхтуяа болон түүний анхны эхнэр. Өдгөө Ц.Энхтуяагаас салж Анжелика гэх Орос эмэгтэйтэй ханилсан гэх сурагтай ч албан ёсны эхнэртэйгээ ч бас холбоотой байдаг гэх. Харин удаах эхнэр Анжеликагийн хувьд Женког буян хишиг хураадаг гал гахай жилд ихэр хүүхэдтэй болгож өгсөн гэдэг шүү.
- Аав нь Баянхонгор аймгийн Баянцагаан, ээж нь Галуут сумын уугуул ажээ. Гэхдээ аав ээж хоёр нь эрт хотод орж ирсэн бөгөөд комбинатад ажиллаж, амьдарч эхэлсэн гэдэг. Тэрээр нэг эгч, нэг дүүтэй гэнэ.
- Тэрбээр Яармагийн 34 дүгээр сургуульд сурдаг байжээ. Наймдугаар анги төгсдөг жил нь Алтанцэцэг гэх ангийн багш нь "За нөхөр минь, чи ч ер нь сурлага муутай явахгүй нь ээ. Наад гарынхаа дүйгээр амьдралаа олсон нь дээр байх. Зургийн сургуульд шалгалт өг гэжээ. Энэхүү үгийг сонссон Х.Баттулга хүү Дүрслэх урлагийн дунд сургуульд элсэн орж төгссөн гэдэг. Улмаар 1982 оноос Урчуудын эвлэлд монументаль чимэглэлийн чиглэлээр ажиллаж эхэлсэн түүхтэй.
- Зургийн сургуульд сурдаг байхдаа Баянгол зочид буудлын өмнүүр жуулчдад зурагаа нэг доллараар зардаг байсан гэдэг. Жуулчидтай харилцах шаардлагатай байсан учир давхар хажуугаар нь англи хэл оролддог байжээ .
- Түүний амжилт гаргаж чадах спорт нь самбо бөх агаад байраар хүртэл шагнадаг байсан учир энэхүү спортын төрөл рүү арай илүү чиглэж барилдах болсон гэдэг. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байжээ. Мөн дэлхийн цомын тэмцээнээс мөн алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан гэдэг.
- 1966 оны их үерт автсан айлуудад Яармагийн дэнжид газар олгосон гэдэг. Энэ үерээр Халтмаагийн гэх айл ч үерт автаад байсан аж. Тэр үед айлын дунд хүү Х.Баттулга гурван настай байжээ. Ингээд тэднийх гэртэй болж хүүхэд ахуй цаг нь Яармагийн дэнжид өнгөрсөн санж.
- Харин 1989 онд эх орондоо болсон Дэлхийн цомын тэмцээнд оролцож түрүүлэн, өнөөх хүсэж хүлээж байсан дөрвөн өрөө байраар шагнуулж байсан ажээ.
- Спортын салбарт гаргасан түүний амжилтыг үнэлж гавьяат тамирчин цолоор энгэрийг нь мялаасан. Мөн 2006 оны есдүгээр сард Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.
- Дээд сургууль дүүргээгүй, тусгай дунд боловсролтой Монголын толгой баячуудын нэг. УИХ-ын гишүүд, сайд нар дундаа хамгий боловсрол доогуур ч хийж бүтээсэн, үзэж харсан зүйл их хүн.
- Тэрбээр самбо бөхийн шигшээ багийн тамирчин байхдаа Дүрслэх урлагийн дунд сургуулийг зураач мэргэжлээр дүүргэсэн юм билээ. Энэхүү мэргэжлээрээ найман жил ажиллаж бас сайн тамирчин гэж мандаж байсан ч ахиу мөнгө олж тансаг амьдрах боломжгүй байж.
- Ингээд тэрээр 1990 оноос эхлэн наймаа хийхээр шийджээ. Дотоодын хямд даавуугаар хүүхдийн хувцас оёж, Унгар улсад зарахаар явж байсан гэдэг. Хүүхдийн хувцас зарж олсон бага хэмжээний мөнгөө өвөртлөн Сингапурыг зорьж, видео камер авчирч Монголдоо зарах бодол төрсөн аж. Тэр үед Сингапур улс руу визгүй зорчдог байжээ. Тиймээс тэндээс 600 доллараар камер авч энд нэг нугалж зардаг байсан юмсанж. Түүний дараагаар найман камер авчирч зарсан гэдэг. Сүүлдээ ч манайхан авахаа больж, Бээжинд зарж эхэлсэн түүхтэй. Тэгж л хамгийн анхны капиталаа хуримтлуулж байжээ. Гадаадын олон орон руу улсын зардлаар тэмцээн, уралдаанд явахдаа Монголд ямар бараа аваачиж зарвал хэдэн төгрөг унагах бол гэж тооцоолдог байж л дээ. Тэр үеэс мөнгөний амтыг, бизнес хийхийн давуу талыг ухаарч урлаг, спортын салбараас хөндийрч ийн бизнесийн амжилтын гараагаа эхэлсэн нэгэн.
- Тэрээр анх бизнес эрхлэхдээ Сингапураас электрон бараа авчраад зарахад хэд нугалдаг байж. Мөн Гүржээс хоёр камаз ногоон цай ачуулж борлуулсан нь тооцоолсноос их ашиг олсон гэдэг. Тэгээд бизнесээ өргөжүүлэх гэж олон янзын зүйл санаачлан шатахдаа шатаж, онохдоо онож явсаар хөл дээрээ босчээ. Монголд анхны саятан сугалааг гаргаж, шаггүй их мөнгийг халаасалж дөнгөсөн сүйхээтэй нэгэн байлаа. Мөн Улаанбаатар хот нэг хэсэг шар өнгийн таксигээр дүүрч байсан юмдаг. Энэ сити таксины үйлчилгээг Х.Баттулга Монголд анх нэвтрүүлж байсан юм. Ер нь энэ эрхэмд хийж үзээгүй бизнес дэндүү цөөхөн гэвэл хэтрүүлсэн л болохгүй байх.
Анх улс төрд орсон түүх
- 2002 онд Өвөрхангай, Говь-Алтай, Баянхонгорт их зуд болсон юм. Гэтэл Женкогийн аав, ээж хоёр нь аймагт зуд болоод хэцүү байна. Чи нэг юм бодооч гэж. Тэгээд хэд хэдэн чиргүүлтэй машинаар тэжээл ачаад аваачаад өгсөн ажээ. Түүнийг нь харсан нутгийн иргэд манай нутгийн бизнесмэн хэмээн ярьцгаадаг болжээ. Ингэж нутгийн бизнесмэн гэж дуудуулах нь мэдээж түүнд таалагдаж. Тэгээд ер нь улс төрд нэг үзээд алддаг ч юм уу гэсэн бодол орж ирсэн гэдэг. Тэгээд л үзсэн, гараад л ирсэн гэдэг шүү.
- Тэрбээр аав, ээж дээрээ согтуу очих нь битгий хэл архи үнэртүүлж орсон тохиолдол байхгүй ажээ. Цагаан сар, баяр ёслолын үеэр архи хийгээд ёслоод өгөхөд хошуугаа хүргээд л буцаагаад өгдөг гэнэ. Түүний дүү ч, аав нь ч архи амсдаггүй хүмүүс гэдэг.
- Марио Пьюзогийн “Загалмайлсан эцэг” киноны гол баатар дон Карлеонегийн “Genco Pura Olive Oil Company”-тай нэртэй адил нэртэй компаниа 90-ээд оны дунд vед үүсгэн байгуулж, “Max импекс”, “Талх чихэр” гэсэн социализмын үед барьж босгосон үндэсний томоохон үйлдвэрүүд зах зээлийн шуурганд нэрвүүлэн дөнгөн данган ажилласан болж өр зээлэндээ баригдаад байхад Х.Баттулга хямдхан худалдаж авсан гэдэг.
- Энэ эрхэм аялал жуулчлалын бизнесийн гадна үлдээгүй. Аялал жуулчлалын томоохон цогцолборыг сүндэрлүүлж, гадаад, дотоодын жуулчдын нүд, сэтгэлийг баясгадаг байгаа. Мөн “Женко тур бюро” компани нь хувьцаа гаргаж Чингисийн морьт хөшөө, XIII зууны цогцолборыг сүндэрлүүлсэн юм. Хамгийн сүүлд л гэхэд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт 54 метр өндөр Майдар бурханы цогцолбор барих төслийг "Их Майдар" сангийнхан эхлүүлжээ.
- "Баянгол" зочид буудлын хувьцааны дийлэнх хувийг эзэмшдэг. Түүний ашигтай бизнесийнх нь нэг хэсэг. “Сити шоп” дэлгүүрийн сүлжээ өөр хүний нэр дээр байдаг хэдий ч цаад эзэн нь Х.Баттулгыг гэдэг. Мөн Коникагийн салбарууд, Касабланка баар, Женко сургууль, "Женко тур" , "ХИД", "Налайх" , "МИК", "Эмээлт", "Эмээлт зах", "Женко холдинг" гээд тоочоод байвал тэрбээр тал бүрийн бизнестэй нэгэн ажээ.
- Улс төрд хөл тавьж 2004 онд УИХ-ын түшээ болсноосоо хойш хэвлэл мэдээллийн салбарт онцгой анхаарал хандуулж эхэлсэн. “Дээдсийн амьдрал” сонинг ивээн тэтгэж, “Ардчилал” сонинд хөрөнгө оруулалт хийж, “Монголын мэдээ” сонинг худалдаад авчихсан. “ХИД” дэлгүүрийг худалдан авч баруун жигүүрт нь С1 телевизээ З.Энхболдтой хамтран үүсгэн байгуулсан.
- Х.Баттулга ЗТБХБ-ын сайдаар ажиллаж байхдаа хятадуудтай гэрээ байгуулсан нь тодорхой болсон ч “энэ бол нууц гэрээ биш” хэмээжээ. Төмөр замын техник, эдийн засгийн үндэслэлийг хийлгэхдээ “Маккензи” гэдэг компанийг тендергүйгээр сонгож, уг компанид очих ёстой ажлын хөлснөөс 2.5 сая ам.долларыг өөрийнхөө зөвлөх болох Ганбатын компанид өгчээ. Мөн орон тооны бус зөвлөх Ууганбаяр нь Хятадын “Эксим” банкнаас 300 сая ам.долларын зээл авах шахсан байдаг.
- Тэрээр спортынхныг үргэлж дэмжиж ажилладаг. Энэ талаараа "Монгол хүн араг үүрч аргалд явах, худгаас овоо татах, адуу малтай ноцолдох зэргээр хүчний ажил хийж багаасаа л барилдах суурьтай болдог. Энэ суурин дээр багахан менежмент хийж, санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд л дэлхийн хэмжээнд гараад ирж байгаа юм" гэжээ.
- Х.Баттулга олимпийн хос медалийг улсдаа авчирсан Н.Түвшинбаярын тухай ийн өгүүлжээ. "Түвшинбаярын нэг авах тал нь өөрөөсөө том цолтой хүнтэй их сайн барилддаг. Барилдах ч дуртай. Өөрөө -100-д барилддаг байж үнэмлэхүй жин рүү орчихдог. “Энийг л нэг давмаар байна, багш аа” гэдэг. Тийм хүн чинь цаашаа явахад амар. Сэтгэл зүйн хувьд тийм бэлтгэлтэй хүн чинь барилдаанаа их зөв хуваарилдаг. Гэхдээ манай Түвшинбаяр УАШТ-д зовж байж төрүүлдэг. Олимпод түрүүлдэг шигээ түрүүлж чаддаггүй".
- 1999 оны 8 дугаар сард “Мах Импекс”-ийн төрийн өмчийн хэсгийг Х.Баттулга 20 гаруй тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байхад нь 2 гаруй тэрбум төгрөгөөр хувьчилж авсан гэлцдэг.
- Алдарт 17 чингэлэг спиртийн хэрэгт нэр холбогдож байсан нь үгүйсгэх аргагүй үнэн. Тэрбээр энэ хэргээсээ зугтаж гадаадад олон сар амьдарсны эцэст хэргээ дүүдээ холбогдуулсан болоод хэргээс мултарч байсан хэмээн хэвлэл мэдээллээр цацагдаж байсан. Харин УИХ дээр тэр 17 чингэлэг спиртийн хэргээ цайруулах гэсэн юм шиг архи, тамхины бизнес эрхэлдэг УИХ-ын гишүүдийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх санал гаргаж байсан нь олон нийтээс багагүй дэмжлэг хүлээжээ.
- Энэ сард түүний том охины хурим Хөвсгөлийн Хатгалаас 200 км зайд байрлах "Женко Тур"-ын жуулчны баазад нижгэр болсон юм. Охиныхоо хуримыг үндэсний болон европ гэсэн хоёр хэсэгтэй зохион байгуулсан бөгөөд очсон зочдоо нисдэг тэргээр зөөсөн гэдэг. Мөн хүргэн хүү, охиныхоо хувцсыг Х.Баттулгын эхнэр Ц.Энхтуяа оёж урласан ажээ.
|
Миеэгомбын ЭНХБОЛД
- Миеэгомбын Энхболд 1964 оны 7 дугаар сарын 19-ний өдөр, Улаанбаатар хот төржээ. Түүний гэргийг Ж.Туяацэцэг гэдэг. Ам бүл 4. Тэд арван жилийн нэг ангийн хүүхдүүд аж.
- Тэрбээр гэр бүлийнхээ талаар “Тэр бол түшигтэй гэр бүлийн үнэ цэнэ юм. Тиймээс гэргийдээ талархаж явдаг. Би хорин настайдаа анх аав болж байлаа. Амьдрал надад хүү, охин хоёр бэлэглэсэн. Улс орондоо сайн төрийн түшээ, хүүхдүүдэдээ сайн аав байхыг хичээдэг. 1983 оны 7 дугаар сарын 7-ны өдөр бид хоёр гэр бүл болж байв. Харин яг нэг жилийн дараа 1984 оны 7 сарын 7-ны өдөр аав ээж нар маань бид хоёрын хуримыг хийж өгч байлаа. Бид хоёр гэр бүл болоод 33 жил хамт амьдарч байна” хэмээсэн удаатай.
М.Энхболдын аав, ээж хоёр. Ээж нь хүн ардынхаа эрүүлийг хамгаалах салбарт ажиллаж байсан. Харин аавыг нь боловсролын салбарынхан андахгүй. Монгол улсын гавъяат бас ардын багш Миеэгомбо гуай юм.
- Тэрбээр бичиг цаас, тушаал шийдвэр хөглөрсөн Хотын даргынхаа ширээний араас Монгол улсын 24 дэх ерөнхий сайдаар томилогдож байсан юм.
- Хуучны МАХН, одоогийн МАН-ын “алдарт” залуучуудын холбоо жил бүрийн 12 сарын 31-ний орой “Алтан сарнай” хэмээх нүсэр наадам зохион байгуулаад олон жил боллоо. Уг наадмын хамгийн анхны “Оны шилдэг улс төрч”-өөр тухайн үеийн хотын дарга М.Энхболд, “Оны шилдэг бизнесмен”-ээр “Алтай трейд”-ийн ерөнхий захирал С.Батболд хоёр шалгарч байжээ. Хожим нь хоёулаа Монгол улсын ерөнхий сайд болох хувьтай байлаа.
- М.Энхболд хотын дарга байхдаа хийсэн хамгийн том ажлынхаа нэгээр Сүхбаатарын талбайн асфальтыг хуулж одоогийн боржин чулуугаар гоёсныгоо хэлдэг. Харин зарим нь хэдэн зуун саяар бүтээсэн бэ гэж харддаг.
- Магадгүй тэр хамгийн их шүүмжлүүлсэн хотын дарга байх. Тэрбээр нам дотроо "хотын" гэх бүлэглэлтэй.
- Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдахыг үзэж, дарга цэрэг болж явсан үе бий л дээ. Гэвч одоо өөр өөрсдийнхөө замаар замнасан. Уг нь М.Энхболдыг “дуулгавартай” гэж Н.Энхбаяр ерөнхий сайд болохыг нь дэмжсэн гэдэг. Дараа нь “үгэнд орохгүй байна” гээд “хусахад” нь бас оролцсон юм. Улс төр өө гэж...
- Чой хамба М.Энхболд дарга хоёрыг Төв нутгийн гол төлөөлөгчид гэдэгтэй хэн ч маргахгүй.
- М.Энхболд 2009 онд Монголын сүмо бөхийн холбооны дэд ерөнхийлөгчөөр томилогдон ажиллаж байсан. Сүмогийн дээд зиндаанд одоо буй олон бөхийг Япон явахад нь тусалж дэмжсэн гэдэг.
- Тэрбээр мөн Монголын морин спорт, уяачдын холбооны ерөнхийлөгч. Төв аймгийнхаа сум бүрийн уяачдын холбоонд нэгдүгээр үеийн эрлийз үрээ бэлэглэж, сум бүрийг эрлийз адуутай болгож байсан гэдэг.
- Тэрбээр өөрийн сонирхолын тухай "Би хотод төрсөн боловч хөдөө нутагтаа хайртай. Салхи сөрөн морьтой давхих сайхан. Олон жилийн өмнөөс морь уяаж, том жижиг олон наадмуудад оролцлоо. Хотын дарга байхад нэг морь маань улсын наадамд түрүүлж байлаа. Хэд хэдэн морь маань сайн давхиж байсан. 2014 оны наадмаар даага айргийн дөрөвт хурдлан ирсэн. Монголын морин спорт, уяачдын холбооны тэргүүний ажлыг аваад 8 жил болжээ. Монгол морь хоёр ч төрлөөр дэлхийн дээд ажилт тогтоож Гиннесийн номонд бүртгэгдлээ. Монгол хүн монгол морь хоёр салшгүй холбоотой. Мориороо Монголоо дуурсгасан. Мориороо дэлхийг тамгалсан” хэмээн ярьжээ.
- Морьноос гадна шатар сонирхдог. Энэ талаараа “Шатар бол оюуны спорт юм. Шатар анх хаана үүссэн талаар багагүй маргаан байдаг ч Энэтхэг, Монгол хоёрын аль нэгд үүссэн гэдэг дээр олонх эрдэмтэд, судлаачид санал нэгддэг. Ажлын зав зайгаар шатар нүүх сайхан байдаг. Шатар тоголдог хүний сэтгэн бодох чадвар өндөр, холыг харах ухаан, тэсвэр тэвчээр нэмэгддэг. Өөрөө тоглохоос илүү хүүхэд багачуудад шатар зааж сургах, шатар тоголох боломжоор хангах ажлыг эхлүүлээд явж байна. Чөлөөт цагаараа шатар тоголож дадахыг залуучууддаа уриалж байна” гэжээ.
- Түүний хүүг Хүй долоон худгаас өөр газар харагдаж үзэгдэх нь ховор. Монголбанкинд “шахуулсан” гэж хэл аманд өртөж байсан ч ажилдаа аюулын сайн гэдэг. Удаан гэгч нь тэвчээртэйгээр төрийн албанд ажилласныхаа хэргийг гаргаж Монголбанкны Төлбөр тооцоо бодлогын газрын даргаар томилогдсон.
- Харин охин Э.Хулан ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд нэр дэвшсэн. Тодруулбал, тэрбээр Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын сонгуулийн зургаадугаар тойрогт МАН-аас нэр дэвшиж, сонгогдсон. Э.Хуланг ийнхүү анхан шатнаас нь эхлүүлж улс төрд орж байгааг сайшаах иргэд олон байхын хэрээр төрийн албанд тэнцэхгүй гэх нэгэн ч байдаг юм.
- Охин Хулан нь 2015 онд гэрлэсэн. Shangrila зочид буудалд сүр дуулиантай хуримласан хосууд 500 мянган еврогийн үнэтэй “Rolls Royce” машин хөлөглөсөн. Хуримд Монголын олны танил улс төр, бизнес, урлаг соёлын нэрт төлөөлөгч тэргүүтэй 600 зочид хүрэлцэн ирсэн юм. Түүнчлэн, урлаг соёлын томоохон төлөөлөгчид ая дуугаа өргөн, хуримыг хөгжөөсөн гэдэг.
- М.Энхболд 1982 онд Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр лаборатори дунд сургууль, 1987 онд Монгол Улсын Их сургуулийг төлөвлөгч-эдийн засагч мэргэжлээр төгссөн, 1996 онд Япон улсад Төрийн захиргааны байгууллагын удирдлага, зохион байгуулалтын асуудлаар мэргэжил дээшлүүлсэн, 1998 онд ХБНГУ-д Орон нутгийн өөрөө удирдах байгууллагын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн,
- 2000 онд Эдийн засгийн магистр, 2002 онд НҮБ-ын Олон улсын мэдээлэл зүйн Академийн жинхэнэ гишүүн, 2003 онд БНСУ-ын Гуан-Үн их сургуулийн төрийн захиргааны Хүндэт доктор, 2006 онд Орхон их сургуулийн Хүндэт доктор,
- М.Энхболд 1990 онд Монгол Ардын Намд элсчээ.
- 1991-1992 онд Нийслэлийн МАН-ын 214 дүгээр үүрийн дарга,
- 1992-1997 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны дарга,
- 1997-2006 онд Нийслэлийн МАН-ын хорооны дарга,
- 2005-2007 онд Монгол Ардын Намын дарга,
- 2007-2012 онд МАН-ын нарийн бичгийн дарга,
- 2013 оноос МАН-ын дарга
- 1998 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн,
- 1997 оноос МАН-ын Бага хурлын гишүүн,
- МАН-ын 21, 22, 23, 24, 25, 26, 27 дугаар Их Хурлын төлөөлөгч,
- МАН-ын 21 дүгээр Их хурлаас “ШИНЭ ҮЕ” жигүүрийн санаачлагч,
- “Залуучууд хөгжил төв”-ийн үүсгэн байгуулагч,
- 1997 онд Монголын ардчилсан социалист залуучуудын холбоо буюу одоогийн Нийгмийн ардчилал, монголын залуучуудын холбоог үүсгэн байгуулагч,
- 2000-2012 Үндэсний Олимпийн хорооны тэргүүлэгч гишүүн, 2008 оноос Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхийлөгч, 2009 оноос Шинжлэх Ухааны Академийн Тэргүүлэгч гишүүн,
- 2011 оноос “Манзушир хутагт” сангийн Тэргүүн.
Түүний ажлын түүх
- 1987-1989 онд Улаанбаатар хотын Ахуйн үйлчилгээний удирдах газарт эдийн засагч,
- 1989-1991 онд Нийтийн аж, ахуйн үйлчилгээний яамны төлөвлөлт аж ахуйн механизмын хэлтэст мэргэжилтэн,
- 1991-1992 онд Улаанбаатар хотын АДХГЗ-ны Ахуйн үйлчилгээний хэлтсийн дарга,
- 1992-1996 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч,
- 1996-1998 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга,
- 1999-2005 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч,
- 2005 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн,
- 2006-2007 онд Монгол Улсын Ерөнхий сайд,
- 2007-2012 онд Монгол Улсын Шадар сайд,
- 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга,
- 2016 оноос Монгол Улсын Их Хурлын дарга,
Түүний гавьяа шагнал
- 1999 онд Алтангадас одон,
- 2002 онд Монголын Залуучуудын Холбооны “Next stop” наадмын Оны шилдэг залуу,
- 2002 онд МАСЗХ-ны “Алтан сарнай” шагнал,
- 2004 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон,
- 2005 онд МАН-ын "Эх орны төлөө" одон,
- 2005 онд Сөүл хотын Хүндэт иргэн,
- 2005 онд Улаанбаатар хотын Хүндэт иргэн,
- 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль,
- 2008 онд Төв аймгийн Хүндэт иргэн,
- 2011 онд МАН-ын Тусгаар тогтнолын одон,
- 2014 онд Монгол Улсын “Манлай уяач” цол
- 2014 онд "Сүхбаатарын одон"-гоор тус тус шагнуулжээ.
|
Сэтгэгдэл (69)