Өнгөрсөн УИХ-ын, Орон нутгийн сонгуулиар илт түрэмгий ялалт байгуулж, УИХ-д 67 суудал авч, орон нутгийг бараг тэр чигээр нь атгаж байгаа ялсан намын дарга М.Энхболд хоёр дараалан өвдөг шороодож, Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээлээ. Том ялалтуудын дараах энэ ялагдал өнөөдөр МАН төдийгүй Монголын улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралд багагүй том савалгаа авчирч байна.
Эрх мэдэл хомс Ерөнхийлөгчийн УИХ-д бойкт тавьж, ялагдаж хорсож, гашуудаж бухимдсан АН-ынхан Х.Баттулгаар дамжуулан улс төр хийх гэж зүтгэн, хэрүүл шуугиан хардлага сэрдлэг ирэх УИХ-ын сонгууль дуустал үргэлжлэх нь тодорхой болов. Бүхий л эрх мэдлийг гартаа авч байсан М.Энхболдын ялагдлыг шалтгаан юу байв? Яагаад МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдав гэсэн асуулт зайлшгүй гарч ирээд байна. Тиймээс хоёр том намын хоёр өрсөлдөгчийн ялалт, ялагдлын шалтгааныг тодруулав.
1. Х.Баттулгын сонгуулийн хамгийн гол пиар бол “М.Энхболд хужаа ээжтэй, хятад гаралтай” гэх мессэж байлаа. Тиймээс ч тэр сонгуулийн уриагаа “Монгол ялна” хэмээн сонгож авав. Хэзээнээсээ хятадад дургүй Монголчууд, хятад монгол хоёрын түүхэн сөргөлдөөнийг өөртөө тун овжин ашиглаж чадсан Х.Баттулгын аав, ээж хоёрын цус, удам угсаанд эргэлзэх хүн байгаагүй. Харин М.Энхболд энэ мессэжийг няцааж чадсангүй. Одоогоос найман жилийн өмнө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, бас л хятад удам угсаа гаралтай хэмээн ад үзэгдэж байсан Ц.Элбэгдорж санал хураалтын орой ганцхан минутын дотор өөрийг нь хятад хэмээх мессэжийг тас цохиж чадсан. Харин М.Энхболдод зоригтойгоор гарч ирээд үүнийг өөрөө няцаах зориг дутав. МАН-ын сонгуулийн төв штабаас хичнээн ч ухуулга сурталчилгаа, удам судар нь сайн гэж бичээд, зарлаад амжилт олж чадсангүй.
2. Хувь хүний имиж. Х.Баттулга зоригтой, шийдэмгий, харин М.Энхболд өнөөх л бөөрөнхийдүү, цаанаа л нэг айдастай дүр төрхтэй энэ сонгуульд оролцлоо. Бүдүүн улаан зангиа, эсвэл улаан дээл, эргэлдсэн том нүд, уйтгартай бараан царай, хэт биеэ барьсан байдалтай М.Энхболд. Хурдан шаламгай хөдөлгөөн, хурц харц, ширүүн төрх, үгээ цохолттойгоор хэлж, харцаа, нүүрнийхээ төрхийг яриатайгаа холбож чадах булчинлаг эр. Эндээс Х.Баттулга, М.Энхболд хоёрын гадаад төрх байдал эрс ялгарна. М.Энхболдын энэ гадаад байдал, өөрийгөө авч яваа байдал өнөөх л хуучин дүр төрх өнөөгийн сонгогчдын дийлэнх болох 18-35 насныханд үнэндээ таалагдсангүй. Төрийн тэргүүн бол Үндэсний манлайлагч, бараг л жанжин байдаг гэсэн залуучуудын ойлголтоос М.Энхболдын гадаад дүр төрх эрс өөр байлаа.
3. Дагагсад хийгээд долоогчдын тухай таагүй мэдээлэл. Энэ сонгуульд дан ганц Х.Баттулга, М.Энхболд гэсэн хоёр хүн нэр дэвшсэнгүй. Угийн сэтгэлийн хөдөлгөөнтэй, улс төрийн хэрүүл тэмцэлд дуртай, хэн нэгнийг хэт магтаж, нөгөөг нь хэт муулахдаа огтхон санаа зовж, эмзэглэдэггүй сонгогчдын сэтгэл зүй дээр Х.Баттулга тун сайн тоглож чадлаа. М.Энхболдыг дэмжигчид бол долоогчид, харин Х.Баттулгын дэмжигчид бол дагагчид...Сошиал орчин, түүний үр нөлөөг гүнзгий мэдэх А.Баттулга цахим орчинг тун сайн чадав. Угаасаа түүний дэмжигчид 18-35 насныхан байгаа. Тэд гадаа гэртгүй, өдөр, шөнөгүй гар утас интернет хоёртойгоо зүүгдээстэй байгаа гэдгийг тооцоолсон Х.Баттулга бүхий л хүчээ сошиал орчинд хандуулж, үүгээрээ ч амжилт олж чадав. Үүний үр дүнд “Би М.Энхболдыг дэмжиж байна” гэж хэлэх эр зоригтой хүн сүүлдээ бараг л олдохоо байсан гэхэд болно.
4. М.Энхболдын хувийн имиж муу байсан шигээ хувийн нэр хүнд ч тэг байсан гэдгийг бас хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Нийслэлийн газар, өмч хувьчлалтай холбоотой асар их гомдол санал, өнөөх л “60 тэрбумын бичлэг”, “Аархал” түүнийг дагадаг хотын фракцынхан. УИХ-ын сонгуулиар 60 тэрбум гэгчийг гаргаж ирсэн Ц.Сандуй гэгч эрийг тэр улам хөөргөж, “Сонгуулиас хойш манай Сандуй том болсон. Дээшээ суу” хэмээн аархаж байгаа бичлэг хүртэл цацагдав. М.Энхболдын хотын фракцынханд МАН-ынхан угаасаа дургүй. Гэтэл намын нэр хүндийг шавартай хутгаад тавьчихсан Ц.Сандуйг Нийслэлийн Иргэдиййн төлөөлөгчдийн хурлын даргаар тавьж, өөрийнхөө нутгийн Су.Батболдыг Нийслэлийн засаг даргаар томилсон томилгоо хотынхны төдийгүй намынхных нь дургүйг хүргээд байлаа. Харин Х.Баттулгын хувьд бүх зүйл өнгөрсөн цаг дээр бий. Тиймээс түүнд алдах юм бага, олох зүйл ихтэй сонгууль боллоо.
5. Ерөнхийлөгчийн санал хураалт дуусч, дахин санал хураалт явуулахаар шийдвэрлэсэн 10 гаруй хоногийн дотор Х.Баттулга МАХН-тай нэгдэж, Н.Энхбаяртай тохироо хийж чадлаа. Тэрээр МАХН-ын дэмжигчдийг хоёр хувааж, нэг хэсгийг нь өөртөө санал өгүүлэх, харин үлдсэн хэсгийг нь цагаан хуудастай орхих тооцоо гаргаж, энэ төлөвлөгөө ч тун ч амжилттай хэрэгжив. МАХН-ын дэмжиж байсан нөхдүүдээс дийлэнх хэсэг нь Х.Баттулгад саналаа өгөв. Хэтэрхий шударга, гэнэтхэн сайн хүн болсон гэж өөрийгөө рекламдаад байгаа Н.Энхбаяр болон түүний нөхөд “Монгол ялна” гэсэн сурталчилгааг дахин санал хураалт болохоос хоёр хоногийн өмнө эрчимтэй хийлээ. Харин М.Энхболд хуучин гишүүд болох МАХН-ынхантай ямар ч тохироо, бас ямар ч яриа хэлцэл үүсгэж чадсангүй.
Ийнхүү Монгол Улсын тавь дахь Ерөнхийлөгчөөр Халтмаагийн Баттулга сонгогдлоо. Улс төрийн амьдрал хэрхэн өрнөхийг ирэх өдрүүд харуулна.
Сэтгэгдэл (68)