"Хариуцлага тооцох иргэдийн хөдөлгөөн"-ийхөн нийслэлийн ИТХ-ын АН, МАН-ын бүлэгт 60 тэрбумын асуудлаар өгсөн шаардлагынхаа хариуг авахаар өчигдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын гадаа цугласан ч тус хөдөлгөөний тэргүүн Б.Жагарыг цагдаа нар баривчилсан талаар бид мэдээлсэн билээ.
Тэгвэл тэд дээрх асуудлаар болон 60 тэрбумын хэргийн талаар тэд мэдээлэл хийлээ.
Энэ талаар "Хариуцлага тооцох иргэдийн хөдөлгөөн"-ий тэргүүн Б.Жагар “Би НЗДТГ-ын хаалгыг эвдээгүй. Бид дотогшоо орж, шаардлагынхаа хариуг авах гэсэн боловч хамгаалагчид биднийг оруулахгүй гээд хаалгаа түгжсэн. Түгжсэн хаалгыг нь нүдтэл самбар нь уначихсан юм. Гэтэл цагдаагийнхан намайг баривчлахыг оролдсон. Би цагдаагийн байгууллагад хаалганы хэргээр гурван удаа баригдаж байна. Сонгуулийн үеэр намайг хаалга эвдсэн гэж гүжирдсэн. Дараа нь МҮОНРТ-ийн байрны хажуугаар алхаж явтал хаалга эвдэх гэж байна гээд дахин саатуулаад Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст дөрвөн цаг суулгасан. Харин өчигдөр хамгаалагчид нь өөрсдөө хаалгаа дотроосоо түгжиж эвдчихээд намайг дахин гүтгэх гэж оролдлоо” хэмээн тайлбар хийв.
Харин “Хариуцлага тооцох иргэдийн хөдөлгөөн”-ийхөн “УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл 60 тэрбумтай холбоотой 90 минутын бичлэгийг гадаадад судалгааны байгууллагаар шинжүүлж, эвлүүлэг биш гэдгийг нотолсон. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ынханд энэхүү бичлэгтэй холбоотой асуудлыг яаралтай шийдэхийг үүрэг даалгавар болгосон. Гэвч ард түмэн бид дугарахгүй бол дөрвөн жилийн хугацаанд энэ асуудал замхрах магадлалтай байна. Иймд бид хариуцлага тооцуулахаар шаардах бичиг хүргүүлж байгаа юм. Ер нь бид "60 тэрбумын хэрэг"-ийг илрүүлэхийн төлөө бид цаашид ч тэмцэнэ” гэдгээ мэдэгдлээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (13)