НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцоруулахаар намыхан нь нэгдээд байгаа. Өчигдөр НИТХ дахь АН болон МАН бүлгийн дарга нар энэ талаар байр сууриа илэрхийлсэн. Тэдний байр суурийг “24VS24” булангаараа хүргэж байна.
НИТХ дахь АН бүлгийн дарга Ц.Баатархүү:
Сүүлийн 1 жилийн хугацаанд НИТХ болон НИТХ-ын даргатай холбоотой “60 тэрбум” төгрөгийн хөрөнгө босгосон гэх мэдээлэл тарсан. 2016 оны 7 дугаар сарын 6-ны НИТХ-ын анхдугаар чуулганд АН-ын бүлгийн 11 төлөөлөгч удаа дараа НИТХ-ын дарга Ц.Сандуйгаас албан ёсоор тодруулга авч байсан.
Тэгэхэд Ц.Сандуй “Энэ бол худал гүтгэлэг, эвлүүлэг. Хэрэв энэ нь үнэн болох нь нотлогдвол ёсзүйн хариуцлага хүлээж НИТХ-ын даргаасаа татгалзана” гэж мэдэгдэж байсан. Гэтэл саяхнаас төрийн албыг наймаалцаж “60 тэрбум” төгрөг босгох МАН-ын удирдлагуудын хэрээс хэтэрсэн үйлдэл үнэн бодитой болохыг тус намын ЕНБД тэргүүтэй олон гишүүн нь өөрсдөө хүлээн зөвшөөрсөн.
“60 тэрбумын” гэх төрийн албаны чадавхийг бууруулсан, чадварлаг төрийн албан хаагчийн эрхийг ноцтой зөрчсөн энэ схем нь үнэн болохыг эрх баригчид баталлаа.
Тиймээс НИТХ дахь АН-ын бүлэг Монгол Улсын төрийн ой санамжийг тасалдуулж байгаа, төрийн албыг мэргэшсэн болгох бодлогын эсрэг ажиллаж байгаа энэ үйлдлийг эсэргүүцэж, НИТХ-ын дарга Ц.Сандуйг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг НИТХ-ын хурлаар хэлэлцэх нь зүйтэй гэдэгт санал нэгдсэнээ мэдэгдэж байна
|
НИТХ-ын дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун:
“НИТХ-ын даргыг огцруулах албан бичигт манай намын 16 төлөөлөгч, АН-ын 11 төлөөлөгч нэгдэж буйгаа өнөөдөр мэдэгдэж байна. Манай бүлэг 34 төлөөлөгчтэй. Гарын үсэг зурсан нь 16 гишүүн болохоор бүлгийн байр суурийг илэрхийлж чадахгүй. Тэгэхээр энэ бол олонх болоогүй гэсэн үг. Дөнгөж сая АН-аас хэвлэлийн бага хурал хийхдээ манай намын 11 гишүүн, МАН-ын 27 төлөөлөгч гарын үсгээ зурлаа гэж хэлсэн. Энэ бол худлаа мэдээлэл.
Хуулийн дагуу ээлжит бус хурлыг хуралдуулах хэмжээнд хүрээгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиалаар НИТХ-ын даргыг огцруулахаар гарын үсэг зураагүй төлөөлөгчид нь 60 тэрбумын хэргийг хамгааллаа, өмгөөллөө хэмээн бичиж байна. Тийм зүйл байхгүй ээ гэдгийг хэлмээр байна. Мөн өнгөрсөн долоо хоногт намын Удирдах зөвлөл хуралдсан. Хурлаар Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор хүмүүст хариуцлага тооцохгүй. Учир нь одоо ажиллаж байгаа хүмүүс УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан. Тиймээс ямар нэгэн хариуцлагын асуудлыг ярих болоогүй. Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг МАН-ын Бага хурал, Их хурлаар ярина. Хурал ирэх сард буюу 20 хоногийн дараа болно. Тэр болтол намыг хагарган бутаргаж, төр захиргааны байгууллагын ажлыг удаашруулан сааруулах нөхцөл байдал үүсч байна. Тиймээс АН-ынхан зохион байгуулалттайгаар намыг хагалган бутаргах үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуульд Иргэдийн хурлын даргыг гарын үсэг зурж огцруулна гэсэн нэг ч заалт байхгүй. Өөрөөр хэлбэл 30 хүн буюу 2/3-оос дээш хүн гарын үсэг зурсан бол ээлжит бус хурлыг хуралдуулна, 2/3-оос дээш санал гарсан бол хурал тарна гэсэн хоёр л заалт бий. Тиймээс эдгээр гарын үсэг зурсан гээд байгаа манай намын болон АН-ын төлөөлөгчид хуулиа мэдсэн хэрнээ зүгээр л улс төрийн зорилготой шоу хийж байна гэдэг нь илт байна. Өнөөдөр бид улс төр хийх гэж НИТХ-д сонгогдоогүй. Иргэдийн мянга, мянга асуудлыг шийдэх гэж сонгогдсон гэдгээ санах хэрэгтэй" гэв. |
Сэтгэгдэл (8)