Сүүлийн үед улс төрийн ажил өөр хоорондоо албан бичиг шидэлцэж өрнөхөөс хэтэрхээ больжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 15-ны өдөр УИХ-ын дарга М.Энхболдод Ээлжит бус чуулган яаралтай хуралдуулах тухай албан бичиг илгээсэн билээ. Ингэхдээ Намрын ургац хураалтын ажлыг эрчимжүүлэх, өвөлжилтийн бэлтгэл хангах, нийслэлд гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалтыг яаралтай зогсоох, 2018 оны улсын төсвийг хэлэлцэж эхлэх зэрэг хариуцлагатай цаг үед Монгол Улс үүрэг гүйцэтгэгч Засгийн газартай байгаа нь төрийн ажил цалгардах, нийгэм, эдийн засагт сөрөг үр дагавар авчрах тул ээлжит бус чуулганыг нэн даруй хуралдуулж шинэ Ерөнхий сайдыг томилж, Засгийн газрыг эмхлэн байгуулах шаардлагатай байна” гэдгийг онцолсон.
Харин УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн албан бичигт хариу илгээжээ. Тэрбээр “Улсын Их Хурлын ээлжит бус чуулган саяхан хуралдаж, Момгол Улсын Засгийн газрыг огцруулан, Ерөнхий сайд Засгийн газрын гишүүд томилогдох хүртэл үүрэгт ажлаа гүйцэтгэж байхыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Засгийн газрын гишүүдэд даалгасан Монгол Улсын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа тул төрийн ажил цалгардана, нийгэм, эдийн засагт сөрөг үр дагавар гарна гэж үзэх үндэслэлгүй байна” хэмээжээ.
Тэгвэл ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж, Засгийн газрыг байгуулах нь зөв, буруу гэх тэдний байр суурийг 24 VS 24 буландаа онцолж байна.
Х.Баттулга: Үүрэг гүйцэтгэгч ЗГ-тай байгаа нь төрийн ажил цалгардах, нийгэм, эдийн засагт сөрөг үр дагавар авчирна
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулган хуралдаж Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулснаас хойш найм хоног өнгөрлөө. Намрын ургац хураалтын ажлыг эрчимжүүлэх, өвөлжилтийн бэлтгэл хангах, нийслэлд гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалтыг яаралтай зогсоох, 2018 оны улсын төсвийг хэлэлцэж эхлэх зэрэг хариуцлагатай цаг үед Монгол Улс үүрэг гүйцэтгэгч Засгийн газартай байгаа нь төрийн ажил цалгардах, нийгэм, эдийн засагт сөрөг үр дагавар авчрах тул ээлжит бус чуулганыг нэн даруй хуралдуулж шинэ Ерөнхий сайдыг томилж, Засгийн газрыг эмхлэн байгуулах шаардлагатай байна.
Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16,3-т тус тус заасны дагуу Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нэн даруй буюу 2017 оны 9 дүгээр сарын 18-наас 22-ны өдрүүдэд хуралдуулах саналтай байна.
Аль нэг намын дотод ажил, асуудлаас шалтгаалан Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын ажил саатах учиргүй тул дурьдсан хугацаанд ээлжит бус чуулганыг товлон зарлана уу.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга
|
М.Энхболд: ЗГ бүрэн бүрэлдэхүүнээрээ хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа тул төрийн ажил цалгардана, нийгэм, эдийн засагт сөрөг үр дагавар гарна гэж үзэх үндэслэлгүй
Танаас ирүүлсэн Ээлжит бус чуулган яаралтай хуралдуулах тухай албан бичигтэй танилцлаа.
Улсын Их Хурлын ээлжит бус чуулган саяхан хуралдаж, Момгол Улсын Засгийн газрыг огцруулан, Ерөнхий сайд Засгийн газрын гишүүд томилогдох хүртэл үүрэгт ажлаа гүйцэтгэж байхыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Засгийн газрын гишүүдэд даалгасан Монгол Улсын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа тул төрийн ажил цалгардана, нийгэм, эдийн засагт сөрөг үр дагавар гарна гэж үзэх үндэслэлгүй байна.
Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн нэг дэх хэсгийн 2-т эааснаар Улсын Их Хуралд олонхийн суудал авсан намаас нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилуулах саналыг тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулах нь Таны бүрэн эрхэд хамаарч байна. Улсын Их Хуралд олонхи суудал авсан Монгол Ардын Намын Бага хурал 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр буюу ердөө 6 хоногийн дараа товлогдсон тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай мэдээлэгдсэн.
Иймд Үндсэн хуулийн дээрх заалтын хүрээнд Ерөнхий сайдаар томилуулах саналыг албан ёсоор хүлээн авсны дараагаар чуулганы нэгдсэн хуралдаан хуралдуулж асуудлыг шийдвэрлэх боломжтой гэдгийг Танд үүгээр уламжилж байна.
УИХ-ын дарга М.Энхболд |
24tsag.mn
Сэтгэгдэл (49)