Монголын нам бус иргэдийн нэгдсэн холбоо, Хариуцлага тооцох иргэдийн хөдөлгөөн, оюутан залуус нэгдэж 60 тэрбумын гэх хэрэг болон оффшорчдын эсрэг жагсаал зохион байгуулахаа мэдэгдлээ.
ХТИХ-ний ерөнхий зохицуулагч Б.Жагар энэ талаар " Монголын улс төр олон намын бүлэглэлд хуваагдсан. Төр барьж байгаа хүмүүсийн өмнөөс шударга ярьсан нэгнийг хуулиар шийтгэдэг, хэрэг наадаг. Энэ тогтолцоогоо хүлээн зөвшөөрөх аястай болчихлоо. Нэг үе улс орныг эдийн засгаар нь хэмждэг байсан бол одоо хүн амын хөгжлөөр нь хэмждэг цаг үе ирлээ. Төрийн эсрэг гэмт хэрэг мэдүүлсэн төрийн албыг наймаалцах, үнэлгээжүүлэх ноцтой зүйл олныг ярьсан 60 тэрбумын хэрэг болон оффшор дансанд баялгийн мөнгийг нуун дарагдуулсан гэмт хэрэгтэнгүүдэд хариуцлага тооцох хэрэгтэй. Тиймээс бид эсэргүүцлийн жагсаалаа есдүгээр сарын 23-ны 12:00 цагт Сүхбаатарын талбайд эхлүүлнэ. Эх орныхоо тусгаар тогтнолын төлөө, эрх мэдэлтнүүдийн эсрэг жагсаалд нэгдэхийг уриалсан 50,000 ширхэг уриалга тарааж байгаа.
Монголын төр мафижсан, хууль хяналтын байгууллага нь улстөр бизнесийн бүлэглэлийн захиалгаар ажилладаг тэдний гар хөл болсон энэ цаг үед оюутан залуус, иргэд нэгдэж эх орон газар нутаг тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэхийг уриалж байна” гэсэн бол МНБИНХ-ний ерөнхий нарийн бичгийн дарга А.Эрдэнэбаяр "Монголын ард түмнийг оффшорчид хэлмэгдүүлж байна. Яагаад гэхээр тэр оффшор дансанд нуусан мөнгө манай зах зээлд эргэлдэж байсан бол одоо нийгмийн амьдрал ийм ядуу дорой байхгүй.
Энэ мөнгө бол Монголын ард түмний мөнгө. Монголын уул уурхай газрын баялгийн хөрөнгө. 17 тэрбум ам.долларыг Монголдоо оруулж ирвэл эдийн засгийн хүндрэлээс бид бүрэн гарна. Гадаадын өр зээлээ дарна.
Одоо мөнгөө оруулж ирэхгүй бол тэдэнтэй хариуцлага тооцоно. Офшорчид төрийн албан тушаалаа өгөх ёстойг Монголын нам бус иргэдийн нэгдсэн холбоо болон Иргэний нийгмийн хөдөлгөөнүүд оюутан залуус, иргэд олигархи бизнесийн улс төрийн бүлэглэлд сануулж байна. Үндсэн хуульд эрх мэдэлтнүүд өөрсдийн эрх ашгийн үүднээс өөрчлөлт оруулах гэж байна. 60 тэрбумын тодотголтой УИХ Үндсэн хуульд гар хүрэх эрхгүй” хэмээн мэдэгджээ.
Сэтгэгдэл (5)