Улс төрд эсэргүүцлийн нэгэн шинэ хэлбэр бий болсон нь оймс, гутал бололтой. Гэхдээ энэ аргыг зөвхөн ганцаарчилсан эсэргүүцлийг үед ашигладаг нь хэд хэдэн тохиолдолоос харж болох. Хэвлэлд тэмдэглэгдсэнээр бол эсэргүүцлийн гутлын хамгийн нь анхны бай нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж байжээ. 2009 онд буюу хамгийн анх Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр сонгуулийн сурталчилгаагаа хийж байх үеэр хөлчүү залуугийн гутланд оногдохоо шахаж.
Эрүүлжүүлэгдсэн “гутал”
АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж Сүхбаатарын талбайд хамтран зүтгэгчдийн хамтаар гарч өөрийн дэмжигч олонтойгоо уулзсан байна. Түүнийг үг хэлэхээр индэрт гарах үед иргэдийн дундаас түүн рүү гутал шиджээ. Гутал шидсэн залууг тэр даруйд нь баривчилсан байна. Гутал шидсэн залууг Эрдэнэчимэг овогтой Дэлгэрмөрөн гэдэг бөгөөд тухайн үед ХУД-ийн 6-р хорооны нутаг дэвсгэрт оршин суудаг, 26 настай нэгэн байжээ. Тэрээр 1,25 хувийн согтолттой байсан нь цагдаагийн шалгалтаар тогтоогдсон байна. Тиймээс түүнийг эрүүлжүүлсэний дараа шалгаж эхэлнэ хэмээн цагдаагийн байгууллагаас мэдэгдэж байжээ.
Хариугаа сандалаар хүртсэн “гутал”
Түүний дараа 2013 онд мөн л гутлын “дайн” болсон байна. 2012 оны орон нутгийн сонгуулийн маргаан Багануур дүүрэгт жил гарны дараа ч үргэлжилсэн нь үүний үүдэл. Тус дүүргийн ИТХ-ын 25 суудлын төлөө АН болон МАН хоорондоо өрсөлджээ. Нийт 10461 сонгогч саналаа өгсөн бөгөөд хоёр нам эн тэнцүү буюу МАН-аас 13, АН-аас 12 нэр дэвшигч Багануур дүүргийн ИТХ-д суух боломжтой болсон байна. Харин тус дүүргийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар АН-ын М.Гончигжавыг Засаг дарга томилохоор болсон. Гэтэл хуучин Засаг дарга Ц.Сандаг-очир тамгаа шилжүүлэхгүй байснаас болж хоёр намын хоорон дахь маргаан эхэлжээ. Улмаар Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг Багануур дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид болон иргэд сонгогчидтой уулзах үеэр АН-аас намын жагсаалтаар нэр дэвшсэн ч сонгогдож чадаагүй гэх Ц.Даваадорж гутлаа Ц.Сандаг-очир луу шиджээ.
Харин МАН-ын зүгээс гутлын хариуг сандалаар өгч буй бичлэг олон нийтийн цахим сүлжээгээр цацагдсан байдаг. Энэ удаад Багануур дүүргийн ИТХ-ын төлөөлөгч МАН-ын гишүүд н.Батнасан гэгч АН-ын төлөөлөгчид руу сандал шидэж танхайрсан юм.
“Бай”-даа ойртож ч чадаагүй “балагтай оймс”
Энэ явдлаас гурван жилийн дараа буюу 2016 онд гутлын эсэргүүцэл оймс болж хувирав. Монголын эдийн засгийн форумын хаалтын үйл ажиллагаанд УИХ-ын дарга З.Энхболд үг хэлсэн юм. Түүнийг индэр дээр үг хэлж байхад нэгэн хүн босч ирэн УИХ-ын дарга руу оймс шидэж, халдахыг завдсан. Тэрбээр оймс шидэхийг завдахдаа "Монголын эдийн засгийг та нар дампууруулсан. Эдийн засгийг сөхрүүлсэн та нар энэ индэр дээрээс үг хэлэх эрхгүй" гэхчлэн хашгирч байжээ. Хариуд нь УИХ-ын дарга З.Энхболд "Ийм өвчтэй хүмүүсийг оруулдаг юм уу. Сонгууль дөхөж байгаагийн шинж. Манайд өвчтэй хүмүүс их" гэжээ. Оймс шидсэн этгээд Дархан-Уул аймгийн АН-ын дарга, АН-ын шинэчлэлийн хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч Л.Наранбаатар байсан бөгөөд УИХ-ын дарга З.Энхболдын хамгаалагч нар түүнийг Төрийн ордоны их танхимаас чирч гаргасан байдаг.
Өөр сонголтгүй “оймс”
Харин хамгийн сүүлийн оймсны “бай”-гаар НИТХ-ын дарга асан Ц.Сандуй тодров. Тэрбээр өнгөрсөн сард албан тушаалаа хүлээлгэж өгөхөө мэдэгдсэн юм. Учир нь улс төр болоод нийгэмд түүнийг тойрсон олон асуудал эргэлзээ төрүүлсэн. “60 тэрбум”-ын хэрэг бол яах аргагүй түүнийг ороосон хэргүүдийн нэг. Тэрбээр энэ асуудлыг эхэндээ эвлүүлэг хэмээн мэдэгдэж ирсэн. МАН-ыг болоод намайг унагаах гэсэн башир арга хэмээн мэдэгдээд байсан ч хэргийн гол гэрч болох Г.Доржзодов баримтыг ар араас нь гаргаснаар нийслэлээс төрийн албыг наймаалцах маягаар 60 тэрбум босгох яриа МАН-ын удирдлагуудын төвшинд гарсан нь илчлэгдсэн билээ. Тиймдээ ч тэрбээр олон сар дуугүй явсны эцэст өнгөрсөн сард болох намынхаа Удирдах зөвлөлийн хурал дээрээ үнэнээ өчсөн байдаг. Улмаар намын хэсэг нөхөд нь түүнийг намын нэр хүндийг унагасан, Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээлгэсэн хэмээн буруутгаж, түүнийг албан тушаалаа өгөхийг шаардсан юм. Тэрбээр ийнхүү албан тушаалаа өгөхөөр НИТ-ийн хурлаа эхлүүлэх гэж байтал МАХН-ын Бага хурлын гишүүн Б.Жагар түүн рүү 4-5 хуйлсан оймсоо шидсэн юм. Хэдийгээр тэрбээр “бай”-гаа тун оновчтой шидсэн ч Ц.Сандуй бултаж чадсан юм. Ямар сайндаа л “Хаданд халтирдаггүй баатар. Харвасан суманд оногддоггүй баатар гэж хэн бэ. Ц.Сандуй” гэх хошигнол ч гарсан байхав. Б.Жагар энэ үйдлээ сүүлд “Өөр сонголт надад байсангүй” хэмээн тайлбарласан байдаг.
24tsag.mn
Сэтгэгдэл (3)