Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн гэмтэл, согогийн их эмч, ахмад А.Пүрэвдоржтой ярилцлаа. Тэрбээр БНСУ-д ганцхан байдаг “Arthrex” фирмийн өвдөг, мөрний дурангийн явуулын артроскопия тоног төхөөрөмж дээр дадлага хийж, мэргэжлээ дээшлүүлээд иржээ.
-Та Солонгос явж номын дуу сонсоод ирлээ. Явсан газрынхаа сониноос бидэнтэй хуваалцана уу?
-Солонгосын Пусан хотын Эрүүл мэндийн газар болон “Дэдүн” нэгдсэн эмнэлэгт мэргэжил дээшлүүлээд ирлээ.Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг “Дэдүн” нэгдсэн эмнэлэгтэй хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг. Гэрээний дагуу миний бие хоёрдахь удаагаа мэргэжил дээшлүүлээд байна. Энэ бол эмч хүнд тохиох алтан боломж юм.
-“Дэдүн” нэгдсэн эмнэлэгт мэргэжил дээшлүүлснээр та юу сурч, мэдсэн бол?
-Солонгосын Пусан хотод “Дэдүн” нэгдсэн эмнэлгийг 1945 онд байгуулсан юм билээ. Гэмтэл, согогийн чиглэлээр Пусан хотдоо дээгүүрт жагсдаг эмнэлэг. Тус эмнэлэгт өвдөгний үе солиулах гэж дугаарласан хүн маш олон байна билээ. Энэ нь тухайн эмнэлгийн чанар чансаа, мэргэжлийн ур чадвар сайн байгаатай холбоотой. Мөн өвдөгний үе солихоос гадна мөрний гэмтлийг дурангаар эмчилж байна. Энэ утгаараа манай эмнэлэгтэй салшгүй холбоотой. Өөрөөр хэлбэл, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нь спортын гэмтлийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэхээр ажиллаж байна. Энэхүү зорилтоо биелүүлэхийн тулд мэдээж боловсон хүчин сайн байх шаардлагатай. Энэ ч үүднээс миний бие мөрний үеийн дурангийн хагалгааг хэрхэн сайн хийх талаар сурч, мэдсэн зүйл их бий. Явуулын дурангийн төхөөрөмж дээр голлон туршлага судалж ажилласан. Энэхүү явуулын төхөөрөмж дээр би зургаан удаа хагалгаа хийсэн.
-Явуулын гэхээр сургалтын орчинд ажилласан гэж ойлгож болох уу?
-Болно. Түүнээс биш хүний өвдөг, мөрөн дээр туршилт хийх боломжгүй шүү дээ. Өвдөг, мөрний бүх гэмтэл нь программжсан байсан. Багаж, тоног төхөөрөмж гээд бүх зүйл нь орчин үеийнх байх жишээтэй. Тэр бүхэн дээр эмчийн зааврын дагуу ажиллаж байлаа. “Чангал, утсыг тат, бэхэлгээ хий” гэх зэргээр бүх зүйлийг эмчийн удирдлага дор хийсэн. Мэс засал яаж өрнөдөг билээ, яг тэр бүх үйл явц тэнд болсон. Хамгийн гол нь БНСУ-д ганцхан байдаг “Arthrex” фирмийн өвдөг, мөрний дурангийн явуулын артроскопия тоног төхөөрөмж дээр дадлага хийсэн гэдгээрээ онцлог, давуу талтай. “Arthrex” фирмийн тоног төхөөрөмж бол Америкт нэгдүгээрт бичигддэг орчин үеийн техник юм. Өвдөг, үений хагалгаа өөрөөр хэлбэл, спортын гэмтлийн хагалгааны чиглэлээр хэрэглэдэг нэг номерийн багаж, тоног төхөөрөмж. Солонгос улсад ганцхан байдаг энэхүү тоног төхөөрөмж дээр дадлага хийж суралцаад ирсэндээ маш их баяртай байна.
-Энэ тоног төхөөрөмжийг Монголд нэвтрүүлэх боломж бий юу?
-Боломжтой. Ер нь манай эмнэлэгт цэрэг хүчний бүх байгууллага харьяалагддаг.Тухайлбал, Онцгой байдлын албан хаагчид гүйж харайж, шүхрээр байнга буулт хийдэг. Ингэхдээ бэртэх, гэмтэх тохиолдол түгээмэл. Энэ нь спортын төрлийн гэмтэлдээ ордог. Өвдөг нь байнга өвддөг байх талтай. Мөн цагдаа болон хамгаалалтын албаныхан байна. Хамгийн түрүүнд мөр, өвдгөндөө гэмтэл авах магадлал өндөр. Гол нь бэртэл, гэмтэл авсан хүмүүсээ бид гаднынхнаас гуйлгүй өөрсдөө эмчилдэг болмоор байна. Манай эмнэлэг удахгүй хэвтэн эмчлүүлдэг эмнэлгээ ашиглалтад оруулах гэж байна. Энэ ч үүднээс эмнэлгийн тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй зээлээр суурилуулж байгаа.Түүн дотор энэ тоног төхөөрөмж орсон. Хэвтэн эмчлүүлэх эмнэлэг нээгдэж, тоног төхөөрөмжтэй болбол сурсан, мэдсэн зүйл дээрээ тулгуурлан энэ бүх үйлчилгээг хийнэ гэж зорьж байна.
-Монголд өвдөг, дурангийн хагалгааг өөр эмнэлэгт хийж байна уу?
-Мөрний үений дурангийн хагалгаа Монголд хараахан нэвтрээгүй байна. Гэхдээ мөр нь байнга мултардаг хүн манайд олон байдаг. Гараа өргөж чадахгүй өвдөлттэй хүн олон байна. Ийм зовиуртай хүмүүст улсын эмнэлэг хагалгаа хийхгүй байгаа.Үүнийг л эмнэлэгтээ нэвтрүүлэх нь дээр хэлсэнчлэн миний ажлын гол зорилго юм.Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Т.Мөнхсайхан багш маань өвдөгний үе солих хагалгааг сайн хийж байна. Гэхдээ манай хүмүүс өвдөг өвдлөө гээд тоохгүй яваад байдаг. Гадаадад бол тийм зүйл байхгүй. Өвдөгний үений дурангийн хагалгаанд ороод зүгээр болж байна. Энэ нь бас эрүүл, зөв идэвхтэй амьдралтай холбоотой.
-Та хүмүүст эрүүл, зөв амьдрахад туслах энгийн зөвлөгөө хэлж өгнө үү?
-Биеийн тамир, спорт гэдэг нь хоорондоо адилгүй өөр зүйл. Манайхан үүний ялгааг төдийлөн сайн ойлгохгүй байна. Спорт гэдэг нь мэргэжлийн тамирчин өндөр ачаалал авч хичээллэхийг хэлдэг. Харин биеийн тамир гэдэг нь хүн бүхэнд хамаатай чухал зүйл юм. Салхинд гарах, ууланд алхахыг биеийн тамираар хичээллэж байна гэж ойлгож болно. Ямар нэгэн байдлаар өөртөө хүнд ачаалал өгөхгүйгээр бие эрхтнийхээ цусны эргэлтийг сайжруулж буй чухал хөдөлгөөн юм. Манайхан биеийн тамираар хичээллэж идэвхтэй бай гэхээр том зааланд орж, хүнд штанг өргөж, суулт хийж, биедээ их ачаалал авна гэж ойлгодог. Гол нь биеийн тамираар хичээллэж хөдөлгөөнтэй амьдарвал урт насална. Манай буурлуудын хэлдгээр “Хөдөлж үхэхгүй, хөшиж үхнэ” гэсэн үгийг бодож, биеийн тамираар хичээллэн идэвхтэй амьдрах нь чухал байна.
Эх сурвалж: Монголын үнэн сонин сэтгүүлч Б.ДААРИЙМАА
Сэтгэгдэл (3)