Ж.Эрдэнэбатын Засгийн газарт шүүмжлэлтэй хандаж байсан эрх баригч намын гишүүдийн нэг бол Ж.Энхбаяр. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргалдаг түүнийг 2016 оны Сонгуулийн дараа л Засгийн газарт багтана гэсэн хүлээлт нийгэмд байсан. Гэвч Засгийн газар бус Байнгын хорооны дарга болсон. Дараагийн Засаг байгуулагдах үед ч түүнийг мөн л сайд болно хэмээн таамаглацгаасан. У.Хүрэлсүхийн Засгийн газарт Шадар сайд эсвэл Батлан хамгаалахын сайдаар ажиллана гэцгээж байсан. Хэд хэдэн удаа Засагт оруулах эсэх асуудлаар У.Хүрэлсүх сайд Ж.Энхбаярыг дуудаж уулзсан боловч тэр болгонд Ж.Энхбаяр гишүүн боловсон байдлаар татгалзсан тухай МАН-ынхан ам уралдан ярьцаах болсон билээ.
Тэрбээр УИХ-аас дэмжиж ажиллана. Гэхдээ бурууд хатуу, зөвд зөөлөн хандана гэдгээ шинээр байгуулагдах засгийн газрыг толгойлох У.Хүрэлсүхэд сануулсан гэх. Тэгвэл энэ удаагийн Засгийн газраас бас нэгэн эрхэм татгалзсан тухай мэдээлэл байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Шадар сайдад Л.Энх-Амгаланг томилуулах санал “32”-ын бүлгээс гаргахад тэрбээр ашиг сонирхолын зөрчилтэй хэмээн татгалзсан билээ. Түүний шийдвэрийн талаар Л.Энх-Амгалан “Надад ямар ч ашиг сонирхлын зөрчил байхгүй.
Эрх ашгийн зөрчлийг Ерөнхий сайд тогтоодоггүй, Авлигатай тэмцэх газар тогтоодог" хэмээсэн. Ийн мэдэгдсэний дараа Ерөнхий сайдын зүгээс УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвад санал тавьжээ. Д.Тэрбишдагва гишүүний хувьд өмнөх парламентын үед Шадар сайдаар ажиллаж байсан туршлагатай учир Ерөнхий сайд дээрх санал тавьсан аж. Гэвч Д.Тэрбишдагва гишүүн Шадар сайдын албанаас татгалзсан байна. Иймээс УИХ дахь 32-ын бүлгээс УИХ-ын гишүүн Ө.Энхтүвүшинг санал болгосоныг У.Хүрэлсүх хүлээж авсан байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (27)