УИХ-ын чуулганаар Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж байгаа билээ. Яг одоо Зам, тээврийн хөгжлийн сайдад нэр дэвшигч Ж.Бат-Эрдэнээс гишүүд асуулт асууж, санал хэлж байна. Тухайлбал,
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Зам бол эдийн засгийн үр өгөөжтэй байх ёстой. Хоёрдугаарт судалгаан дээр тулгуурласан байх ёстой. Гуравдугаарт аялал жуулчлалын түшиц газруудтай холбогдсон байх ёстой. Их хааныхаа төрсөн нутагтай холбоотой аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд тэр газруудаа дэд бүтцээр холбох ажил хийгдэх үү?
-Нэр дэвшигч Ж.Бат-Эрдэнэ: Авто замын сүлжээний эхний гол зорилго аймгийн төвүүдээ холбох. Хоёрдугаарт эдийн засагт хэрэгтэй тэргүүлэх чиглэл болох уул уурхай, аялал жуулчлалын дэд бүтэц орж байна. Аялал жуулчлалын бүсийг гаргая гэсэн санааг дэмжиж байгаа. Гэхдээ аялал жуулчлалын том хөтөлбөрийг та бүхэн батлах хэрэгтэй. Энэ тохиолдолд нэн тэргүүнд Чингис хааныхаа нэр хүндийг ашиглаж томоохон аялал жуулчлалын бүс нутаг бий болгох боломж байна.
-УИХ-ын гишүүн Н.Учрал: Гашуунсухайтын зам дээр ажиллаж буй 7,000 жолоочийн нөхцөл байдал хүнд байна. Үүнийг шийдвэрлэж өгөх шаардлагатай байна. Таны байр суурь ямар байна вэ?
-Нэр дэвшигч Ж.Бат-Эрдэнэ: Гашуунсухайтын тээврийн асуудал чухал. Бид тээврийн зохицуулалтыг зайлшгүй хийх ёстой. Энэ тээвэрлэлтийг Монгол Улсын жолооч нар, тээврийн байгууллагууд хийдэг зохицуулалт руу орох, тав тухтай аюулгүй байдлыг хангадаг болох ёстой гэж үзэж байна. Хэд хэдэн сайдуудаас бүрдсэн ажлын хэсэг гаргаж, очиж үзээд дүгнэлт гаргана гэсэн бодолтой байгаа.
Сэтгэгдэл (3)