Монгол улсын хүн амын тэн хагас нь суурьшдаг Улаанбаатар хотыг сая гаруй хүн амтай метрополис хот хэмээн өргөмжлөх нь бий. Метрополис хот болохын тулд тулгамдсан асуудлуудаа цаг алдалгүй шийдвэрлэчихдэг удирдлагатай байх нь нэн тэргүүний асуудал. Харамсалтай нь Улаанбаатарын иргэдийн эрх ашгийг улс төрийн тохиролцоогоор сольсон эрхэмүүдээс болж, хот наад захын асуудлаа шийдэж чадахгүй гацаанд орчихоод байна. Улаанбаатар хотын бодлогын бүх шийдвэрийг НИТХ болон түүний Тэргүүлэгчид гаргадаг.
НИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдахаар зар тараасан боловч ирц бүрдээгүй гэх шалтгаанаар гурав дахь удаагаа хуралдсангүй. Өөрөөр хэлбэл НИТХ-ын Тэргүүлэгчид болох Ж.Алдаржавхлан, Э.Бат-Амгалан, Ж.Батсайхан, Н.Баярмөнх, Д.Баярсайхан, С.Мөнхчулуун, Б.Сүхбаатар, М.Эрдэнэтуяа нарт Улаанбаатар хотын өвөлжилтийн асуудал, ирэх оны төсөв гээд тулгамдсан асуудлууд ямар ч падлийгүй гэдгээ ийнхүү гурав дахь удаагаа зарлачихав. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал доторхи талцалаасаа болж нийслэлийн ажлыг ийн гацаах болсон нь нууц биш. Гэвч төлөөлөгчид нь итгэл үзүүлж тэргүүлэгчээр сонгосон дээрх эрхэмүүдэд сая гаруй сонгогчдын итгэлийг даах ухамсар дутжээ. Тэдэнд зөвхөн хэсэг бүлэг хүмүүсийн хувийн сонирхол, улс төрийн амбиц илүү аж.
НИТХ шинэ даргаа сонгоод удаагүй байгаа. Шинээр сонгогдсон С.Амарсайхантай М.Энхболдын хүн гэх тэргүүлэгч Д.Баярсайхан өрсөлдсөн. Бараг сар гаруйн хугацааны турш нийслэлийн ажлыг цалгардуулсан тэдний өрсөлдөөн С.Амарсайханы ялалтаар дууссан ч Д.Баярсайхан хожигдолоо нэр төртэйгөөр хүлээхгүй байгаа бололтой. Бусад тэргүүлэгчдийгээ уруу татаж, хуралд нь суулгахгүй байгаа талаар жиг жуг гэлцэх хүмүүс цөөнгүй байна.
Уг нь НИТХ бол улс төрчдийн хувьд томоохон туршлага суудаг газар. Бага парламент гэдэг утгаараа энэ салбарт өөрийн гэсэн орон зай, карьераа бүрдүүлж яваа хүмүүст УИХ-д орох шат гишгүүр болж өгдөг. Ядаж л нийслэлдээ танигдаж, хийсэн юмтай, хэлж ярих үгтэй болдог. Гэтэл өнөөгийн НИТХ-ын тэргүүлэгчид нэгэнт сонгогдсон даргаа энэ мэтээр ажил хаяж, эсэргүүцээд байвал цаашид сайн юм дуулахгүй нь тодорхой. МАН-ын бүлгийн төлөөлөгчдөөс 100 хувь бүрддэг эдгээр тэргүүлэгчид ажлаа хийхгүй бол эгүүлэн татах шаардлагыг тавина гэх шуум ч сонгогдож эхлэх нь тэр.
Б.Өрнөх
Сэтгэгдэл (13)