Отгонтэнгэр ууланд Уулын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан 27 иргэн авиралт хийгээд буух явцад цасан нуранги үүсч, 17 уулчин сураггүй болсон тухай мэдээлэл олон нийтийг түгшээгээд байгаа билээ. Харамсалтай нь муу мэдээллүүд эхнээсээ дуулдаж эхэлсэн. Тэгвэл дөнгөж сая Онцгой байдлын Ерөнхий газраас шуурхай хэвлэлийн хурал зарлаж мэдээлэл өглөө.
Тэд “Эрэн хайх ажиллагааг өнөө өглөө 06,20 цагт эхлүүлсэн. Дараагийн баг 08.20 цагт ажиллагаагаа эхлүүлсэн. Улмаар 3200 метрийн өндөрт эхний цогцос олдсон. Тодруулбал 11 цаг 15 минутад Отгонтэнгэр хайрхан уулын зүүн зүгт эхний иргэнийг нас барсан байдалтай олсон бол дараагийн хүмүүсийг 11.30, 11.40, 13.07, 14,28 цагуудад олжээ. Хамгийн сүүлд 15.15 цагт хоёр хүний цогцосыг олсон" гэлээ.
Өөрөөр хэлбэл сураггүй болоод байгаа 17 хүнээс 7 хүний цогцосыг нь ийн олоод байгаа аж. Эдгээр иргэдийг хадан хясаанаас унасан байж болзошгүй талаар ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга Г.Ариунбуян мэдээлсэн байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (2)