,
Отгонтэнгэр ууланд Уулын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан 27 иргэн авиралт хийгээд буух явцад цасан нуранги үүсч, 17 уулчин сураггүй болсон тухай мэдээлэл олон нийтийг түгшээгээд байгаа билээ. Харамсалтай нь муу мэдээллүүд эхнээсээ дуулдаж эхэлсэн. Дөнгөж сая Онцгой байдлын газрынхан шуурхай хэвлэлийн хурал зарлаж эрлийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг өглөө. 15 цагаас хойш хоёр дахин гурван иргэнийг нас барсан байдалтай олджээ. Тэднийг 15.45 цагт 3450 метрийн өндрөөс олсон байна. Өөрөөр хэлбэл сураггүй болсон 17 иргэнээс 10-ийг нь ийн нас барсан байдалтайгаар олоод байна.
Газар дээр нь ажиллаж байгаа штабын шийдвэрээр эрэн хайх ажиллагааг маргааш өглөөнөөс эхлүүлэхээр болжээ. Учир нь одоогийн байдлаар Отгонтэнгэр уулын орчимд цаг агаарын нэлээд хүнд хүйтэн байгаа бөгөөд аврагчдын аюулгүй байдлыг хангахын тулд 17 цагт уулнаас буух чиглэл өгсөн байна.
Түүнчлэн ОБЕГ-аас мэдээлж байгаагаар цасан нуранги болсон нь тодорхой гэнэ. Нурангиас болж уулчид 600-800 метрийн дээрээс унасан байх магадлалтай аж. Эсэн мэнд байгаа хүмүүсийн яриагаар сураггүй алга болсон уулчид өмнө нь явж байсан хоёр бүлэг хүмүүс аж. Бууж явахад хүчтэй дуу чимээ гарч, цас нуржээ. Тиймээс тэд байдлыг харзнаж, тэндээ хоноглоод маргааш өглөөнөөс нь бууж эхэлсэн байна. Тэд анх авиралт хийхдээ Бадархундага талаас нь авирчээ. Харин буухдаа өөр замаар буусан талаар мэдээлжээ. Одоогоор Шадар сайдаар ахлуулсан баг газар дээр нь ажиллаж, цаашид авах яаралтай арга хэмжээний талаар цаг алдалгүй шийдвэрлэж байгаа аж. Эрэн хайх ажиллагаанд хоёр нисдэг ажиллаж байгаа бөгөөд цогцоснуудыг буулгах ажиллагаа явагдаж байна.
Эрэн хайх, аврах ажиллагаад өнөөдөр 06:20 цагт эхлүүлжээ. Ингээд 11:15 цагт эхний иргэнийг нас барсан байдалтай олсон бол хамгийн сүүлд 15.15 цагт хоёр иргэний цогцсыг олсон байна.
24tsag.mn