МАН-ын Мөрийн хөтөлбөр, хичээн эрмэлзэх зүйлийн төслийг өчигдөр салбар хуралдаанаар хэлэлцүүлж, улмаар МАН-ын 28-р Их Хурлаар баталсан байна.
Тус Мөрийн хөтөлбөрийг шинэчлэн найруулах, шинэ төсөл боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, МАН-ын Нарийн бичгийн дарга С.Бямбацогт ахалж, намын гишүүн, дэмжигч, эрдэмтэн судлаачдаас бүрдсэн 41 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллажээ.
Салбар хуралдааны үеэр ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн, МАН-ын нарийн бичгийн дарга С.Бямбацогт "Манай намын үзэл баримтлалын амин сүнс болсон Мөрийн хөтөлбөрийг боловсруулах чиглэлээр намын гишүүд дэмжигчид, эрдэмтэн судлаачдаас бүрдсэн ажлын хэсэг маань гишүүд дэмжигчдээс олон чухал санал, үнэтэй зөвлөмж ирснийг төсөлд тусган найрууллаа. Төрийн бодлогын залгамж чанарыг хадгалах, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, намын гишүүдийн итгэл үнэмшилтэй намын зорилго, үйл ажиллагааг уялдаатай байлгах нь мөрийн хөтөлбөрийн гол зарчим юм " гэж онцолж байсан юм.
Орчин үед Нийгмийн ардчилсан үзэл санааг баримталдаг улс төрийн намууд нь “Эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл” гэсэн сонгодог ойлголтоос гадна, даяарчлал, тогтвортой хөгжил, үүрэг хариуцлагын асуудлыг Мөрийн хөтөлбөрийнхөө төв болгож байгаа бөгөөд МАН Мөрийн хөтөлбөрийн шинэчилсэн найруулгадаа Нийгмийн ардчиллын зарчмыг Эрх чөлөө-Тусгаар тогтнол, Шударга ёс-Хариуцлага, Эв нэгдэл- Итгэл зүтгэл гэсэн 3 бүлэгт хувааж авч үзсэн байна.
Дашрамд дурдахад, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нь өнгөрсөн парламентын үед Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” бичиг баримтыг санаачлан батлуулж, 2016 оны сонгуулийн МАН-ын Мөрийн хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийг ахлан ажилласан юм.