Улаанбаатар
Өнөөдөр / 2017.12.15
-16
Өдөртөө
-25
Шөнөдөө

Да.Ганболд: МАН доторхи мөнгөтэй бүлэглэл “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг авч чадаагүй болохоор улс төрийн эрх мэдлээ ашиглахыг үгүйсгэхгүй

2017 оны 12 сарын 6

 

Улстөрч, эдийн засагч Да.Ганболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

 -Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байх үед тань   асуудал  үүсч,  эдүгээ шүүхээр явж  буй. Анхан шатны шүүхийн  шийдвэр “МСС” компанийн талд гарсан ч нэг тийш болоогүй.  Ер нь асуудалд улс төрийн намуудын гэхээс илүүтэй  улстөрчдийн нөлөө их байна уу?

 

-Би асуудлын зарим хэсэгт  тайлбар хийхийг хүсч  байна. Нэгдүгээрт, 49 хувь гэдэг томоохон  компанийн өмчийн нэгээхэн  хэсэг. Ингээд ярихаар өмчийн эзэн буюу хувьцаа эзэмшигч гэдэг нэр томъёо  гарч ирнэ ээ дээ.  Миний хувьд  эзэн нь ч, хувьцаа эзэмшигч  нь ч биш, зөвхөн ТУЗ-ийн даргаар хэдэн сар ажилласан нэгэн. Гэхдээ  Монгол Улсын  гурван сая иргэний нэг эд эсийн хувьд миний өмчлөх эрх тэр дунд яваа гэдгийг хэлэх ёстой. Эл эрхийг  Засгийн газар, УИХ баталгаажуулсан байдаг. Одоо таны сонирхоод байгаа асуулт руу оръё. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь буюу одоо шүүхээр явж байгаа, маргаан дагуулсан   асуудлыг  Монгол Улс эзэмших ёстой юу, эсвэл эзэн нь гэж бичигдээд байгаа  “Монголын зэс” компани уу  гэдгийг шүүх шийдэх байх.  “Монголын зэс” компани  намайг ТУЗ-ийн даргаар томилохдоо  миний мэдлэг, чадвар    өмнө нь Оюутолгойд ажилласан туршлага зэргийг харгалзан үзсэн нь дамжиггүй. Энэ үүднээс би тэндээс  авах ёстой цалингаа авч,  ТУЗ-ийн гишүүний үүрэгт  ажлыг хийж байгаа. Дашрамд өгүүлэхэд,   өмчийн эзэн, ТУЗ-ийн гишүүн  хоёрт  ялгаа бий.   Хоёрдугаарт, шүүх   “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголын талын өмч болгож худалдаж авахтай холбоотой асуудлаар шийдвэрээ  гарах ёстой шүү дээ. Өөрөөр хэлбэл,  “ Монголын зэс” компани  Монгол Улсын хуулийн  дагуу  үйлдвэрийн  49 хувийг  оросуудаас худалдаж  авсан уу, үгүй юу гэдгийг шүүх тогтоох үүрэгтэй. Угаасаа 51 хувь нь Монголын өмч  байсныг хэн бүхэн мэдэж буй. Харин  49 хувь манайд  ямар ч хүртээлгүй,  ОХУ-ын  өмч байсныг “Монголын зэс” гэдэг Монгол Улсын компани  мөнгө гаргаад  худалдаж авсан асуудал. Үүний үр дүнд  Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр  100 хувь Монголын өмч болж байгаа юм. Харамсалтай нь 49 хувь дээр асуудал үүссэн.  Оросууд бус манайхан дотооддоо асуудал үүсгэсэн.  Оросууд их гайхаж байгаа. Баярлах ёстой атал яагаад монгол компани авчихав гээд л. Тодруулбал,   шүүхээр явж  байгаа маргааны гол утга нь үүнийг худалдаж авсан Монголын компани бүх зүйлийг хууль ёсны дагуу хийж чадсан уу, үгүй юу.  Төр худалдаж авах гэж байсан бизнесийн урдуур  орж, хулгайн  маягаар авчихлаа хэмээгээд л. Зарим улстөрч ингэж ил цагаан  ярих болсон. Үнэндээ тийм биш.  “Монголын зэс”  авдаг номоор нь л худалдаж  авсан. Шүүх өөрөө хараат бус, бие даасан байгууллага.  Тиймээс  ямар үндэслэлээр анхан шатны шүүх тийм шийдвэр гаргаж, түүнээсээ  буцсан юм  бэ гэдэг дээр тайлбар өгөх хүн нь би  биш. Энэ бол шүүхийн мэдэх асуудал.  Адгийн зарга 10 хоног гэдэг дээ. Тэр тусмаа ийм том асуудал шүүхээр  орж байгаа тохиолдолд удах нь ойлгомжтой. Хайран цаг хугацаа,  хайран хөрөнгө.  Би ингэж л хэлэх байна.  Шүүхээс буцсан  тухай бидэнд мэдээлэхдээ нотлох баримт хангалтгүй учраас  нэмэлт материал  цуглуулах шаардлагатай болсон гэж хэлсэн.  Улс төрд олон жил явсны хувьд хэлэхэд, анхан шатны шүүх үнэхээр шударга ажиллаж, цуглуулсан  материалуудаа зөв хянаж шалгасан бол ингэж эргэж буцсан шийдвэрийг гаргахгүй  байсан.  Өмнө нь гаргасан шийдвэрээ  орвонгоор нь эргүүлэх цоо шинэ зүйлийг гаргаж ирдэггүй л юм бол түрүүчийн шийдвэрүүд нь нотлогдоод, нотлогдоод явах нь дамжиггүй. Миний хувьд, анх 49 хувийн  төлөөлөл болж ТУЗ-ийн бүрэлдэхүүнд орж ажиллахдаа маргаан гаргахыг хүсээгүй. Яагаад гэвэл, Ерөнхийлөгчийн  сонгуулийн үеэр улстөржих нь дамжиггүй байсан. УИХ-ын ээлжит сонгууль болоод 1,4 жил өнгөрсөн байхад ч асуудал маргаан дагуулсан хэвээр байна.  Өнөөдөр ч та асуулаа.  Хамгийн гол нь  ТУЗ-ийн гишүүнээр ажиллах урилгыг хүлээж авахын тулд би  өөртөө итгэлтэй байх ёстой. Тэр итгэл үнэмшил нь олж авах мэдээлэл ямар байхаас ихээхэн шалтгаалж таарна.  “Монголын зэс”  компани  Уулын баяжуулах “Эрдэнэт”   үйлдвэрийн  49 хувийг  худалдаж авахын тулд Засгийн газар хоорондын гэрээ хэлцэлд заасан бүх болзол нөхцөлийг нь хангасан байсан. Угаасаа миний үзэл баримтлал,  улстөрчийн байр суурь тийм юм.  Улс төрчийн  байр суурь , хууль эрх зүйн орчин хоёр нийцэхгүй тохиолдол байдаг.  Миний хувьд энэ хоёр хоёулаа нэгэн шугам дээр давхцаж байв.  Би компани  төрд биш хувьд байх ёстой гэдэг хатуу итгэл үнэмшилтэй явдаг нэгэн.   Анх 1990 онд улс төрд хөл тавихдаа ч мал аж ахуй, газар тариалан, үйлдвэр завод, САА  гээд  боломжтой бүх өмч төрийн мэдэлд бус  хувьчлагдах ёстой гэсэн улс төрийн итгэл үнэмшил, байр суурьтай байсан. Түүнээс хойш  27 жил өнгөрлөө. Өнөөдөр  улсын эдийн засгийг авч яваа аж ахуйн нэгжүүд бүгд хувийн өмч. Өөрөөр хэлбэл, хувьчлагдсан аж ахуйн нэгжүүд. Харин  төрийн мэдэлд хадгалаастай МИАТ, МТЗ, цахилгаан станцууд, “Эрдэнэт” үйлдвэр  гээд том, жижиг олон обекътууд шахааны газар болж хувирсан төдийгүй улс төрийн намууд саалийн үнээ  гэж харж буй. Дээр нь эдгээр  төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдэд  Монголын  гурван сая хүн бүгдээрээ  хяналт тавьж чаддаггүй. Боломж нь ч байхгүй. Тийм учраас л данхайсан том толгойтой үхэр болж  хувирсан. Биеэ нь толгойгоо даахгүй салганаж, чөчигнөөд л. Түүн дээрээ үр ашиг муутай, цаг ямагт эрх мэдэлтний шахаанд өртөж байдаг, хөрөнгө оруулалт нь цаг тухайдаа хийгдэдгүй, хувийн компанитай өрсөлдөх чадваргүй. Улсын үйлдвэр хэзээ ч үр ашигтай ажилладаггүй гэдгийг  өмнө нь  социалист байсан бүх улсын түүх бэлхнээ харууллаа. Ийм байтал  “Эрдэнэт” үйлдвэр бол төрийн мэдлийн  өмч байх ёстой гэж гүрийж байгаа нь үнэхээр юм мэддэггүй хүний  үг үү эсвэл  өөр ашиг  сонирхолтой нөхдүүдийн далд бодол уу гэдгийг цаг хугацаа харуулах биз. Миний хувьд  “Монголын зэс” компанийг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хуулийн дагуу авсан гэдэгт итгэж явдаг. Шүүхийн шийдвэр нь ч тэгж  гарах  байх. Монгол Улсад шүүхээс дээгүүр шийдвэр гаргадаг байгууллага байж болохгүй.

 

-Сонгуулийн өмнө Монголын талд өмчийг шилжүүлсэн нь цаг хугацааны хувьд  тэгж таарав уу  эсвэл АН-ын ард түмний саналыг авах гэсэн улс  төрийн тоглолт байв уу?

 

-Сонгуулийн өмнө тэгж таарсан хэрэг. Худалдаж авах ажиллагаа чинь тав, зургадугаар сард болсон зүйл.  

 

-Ийм хэмжээний эрсдэл ирнэ гэдгийг улстөрчийн хувьд ч,эдийн засагчийн хувьд та  тооцоолсон л байх ёстой доо. ТУЗ-ийн даргын хувьд “Бид түр хүлээе. Энэ оновчтой шийдвэр биш байна” гэж хэлж  байсан уу?

 

-УИХ-ын  ээлжит сонгуулийн үед  Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь Монгол Улсын мэдэлд шилжүүлсэн тухай зарлах үед миний зүгээс нөлөөлөх шаардлага, бололцоо, нөхцөл байгаагүй. Би тэр үед ТУЗ-ийн гишүүнээр томилогдоогүй байсан юм. Тэгээд ч засаг, төр хэдийнэ  шийдвэрээ гаргасан байсан.  Миний хувьд  сонгуулийн дараа, тодруулбал  есдүгээр сард хамтарч ажиллах урилгыг хүлээж авсан. Тиймээс асуудлыг араас нь нөхөж харсан болохоос биш яг сонгуулийн үед, түүний дараа болсон зүйлүүдэд  би нөлөөлөөгүй. Тэгэх ч  бололцоо байхгүй. Харин  улстөрчийн хувьд иймэрхүү зүйл болох гэж байна гэдгийг  хагас жилийн өмнөөс анзаарч  байсан. Би хоёр улсын  Засгийн газар хоорондын комиссын даргаар олон жил  ажилласан,  Элчин сайдын яам болон Оросын  бизнесменүүдтэй байнга  харилцаж, тогтмол уулздаг хүний хувьд гадарлаж л суусан. Ялангуяа манайх шиг жижиг улсад нууц зүйл гэж байдаггүй юм шүү дээ.  Монгол Улс, Монголын компани 49 хувиа  худалдаж авсан тухай сонсоод “Ямар сайн юм бэ, Монголын өмч Монголдоо ирлээ” хэмээн  бусдын адил баярлаж л суусан.

 

-Үнэндээ бид баярлах болоогүй .Асуудал ингэж саарснаас Монголын эдийн засагт ямар хохирол үүсч байгаа талаар  эдийн засагч хүний хувьд тооцоолсон зүйл байна уу?

 

-Амтай болгон л хямрал, хүндрэлтэй цаг үе гээд яриад байгаа биз дээ.  Гэтэл  яг ийм үед Монгол Улсын төсвийг бүрдүүлдэг, экспортын хувьд үнэлж баршгүй хувь  нэмэр оруулдаг компаниа удирдлагагүй болгоно гэдэг нь, тэгээд хэдэн сараар үргэлжилж байгаа  билээ. Энэ бүхнийг үгээр хэлэхэд хэцүү. Энэ бол зүгээр нэг сууж байгаад гаргачих  тоон үзүүлэлт биш. Өнгөрсөн хугацаанд алдагдсан боломжийг төр, засаг нь ч, үйлдвэр нь ч хэзээ ч нөхөж чадахгүй. Иймэрхүү байдлаар цааш  үргэлжилбэл сайн зүйлд хүргэхгүй.

 

-Ер нь  улс төрийн  намууд  сонгуульд ялахаараа ”Эрдэнэт “ үйлдвэрийг ээлжлэн саалийн үнээгээ болгох гэдэг нь нууц биш шүү дээ?

 

-Ардчилсан намыг үүсэн байгуулагчдын нэг гэдгээ хаана ч нуухгүй.  Яагаад Ардчилсан намыг үүсгэн байгуулахад оролцсон юм бэ гэвэл  Монголын ард түмэн  70 гаруй жил нэг намаар удирдуулсан. Тиймээс нэг намтай биш, олон намтай байх нь  зөв. Улс төрийн намууд нь өөр хоорондоо мөрийнхөө хөтөлбөрөөр өрсөлддөг, болж өгвөл барууны орнууд шиг хувийн өмчтэй болъё гэдэг зорилгыг тавьсан. Харамсалтай нь энэ зорилгодоо  100 хувь  хүрээгүй. Монгол Улсад хувьчлагдаагүй үлдсэн цөөн хэдэн том  обьект бий. Түүнийг хувьчлах сонирхол  эрх мэдэл бүхий олон хүнд байхгүй. Тэд тэдгээр обьектийг төрийн мэдэлд байлгаж,  шахаагаа нийлүүлдэг, дундаас нь завшдаг байгууллага байлгах чин хүсэлтэй. Ийм системийг нураах хүсэл тэдэнд байхгүй.  Бодоод үз л дээ,” Монголын зэс” компани  500 орчим сая ам. доллараар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг   худалдаж авсан. 500 сая ам.доллар бол маш их хэмжээний тоо. Тэрбумаар хэмжигдэх мөнгө.  Тэртээ 1990-ээд онд компани ийм их мөнгө гаргаад хувьцаа  худалдаж авна гэдэг  нь  хэний ч санаанд  орохооргүй зүйл байв. Тэр үед энэ нь  Монгол Улсын ДНБ-ий талтай тэнцэх хэмжээний мөнгө байсан юм. Гэтэл ийм их хэмжээний мөнгийг өнөөдөр нэг компани хуримтлуулчихсан, тэгээд  бусдаас  өмчөө худалдаад аваад ирсэн байна шүү дээ.  Хэн ч, юу ч гэж ярьсан бай, Монголд  эдийн засгийн хувьд ийм чадвар чансаатай компани бий болсон  нь өөрөө том  амжилт. Гэтэл би тэрийг чинь авах гэж байсан юм гээд сонин сонин зүйл ярьж, буруу  шийдвэр гаргаж байгаад харамсч байна. Энэ байдалд  нь улс төрчид ч  нөлөөлж байна. Ёстой жинхэнэ улстөржилт гэж үүнийг л хэлэх байх.  Яагаад гэвэл, сая Засгийн газар солигдох үед бондын өр, ОУВС-ийн өр гээд баахан л өр ярьсныг бүгдээрээ л харсан байх. Ямар нүүрээрээ Монгол Улс гадаадаас ийм өндөр дүнтэй худалдан авалт хийх юм бэ. ОУВС чинь ийм худалдан авалт хийхийг зөвшөөрөхгүй. Ийм баталгаа гаргахыг зөвшөөрөхгүй. Гагцхүү эдийн засагт нөлөөлж байгаа цөөн хэдэн компанийн улсдаа төлж буй татварт нь найдлага тавьж буй хэрэг.  Ийм чадвартай компани дэндүү цөөхөн байна даа.   Түүний нэг нь “Монголын зэс”.  Энэ аж ахуйн нэгж  өөрөө өөртөө баталгаа гаргаж, өөр эх үүсвэрээс буюу гадаадаас зээл авсан нь үнэн.

 

-МАН доторхи мөнгөтэй бүлэглэл “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг авч чадаагүй болохоороо улс төрийн эрх мэдлээ ашиглаж байна гэж та хэлэх гээд байна уу?

 

-Тийм байхыг үгүйсгэхгүй. Олон хүн нийлж нэгдээд дундаа фонд, сан байгуулаад авч болно л доо. Гэхдээ эсэргүүцэж буй хамгийн гол шалтгаан нь өмнөх 49х51 хувь хоёулаа хоёр улсын төрийн өмч байсанд оршиж буй хэрэг. Тодруулбал,  хамгийн муу хоёр менежерийн өмч байсан учраас түүнийг нь далимдуулаад төрийн мэдэлд байлгаж байгаад шахаагаа хийж байх гэсэн ашиг сонирхол тэднийг ийн микрофон шүүрч авахад хүргээд байгаа юм.  ОХУ-д өнөөдөр  эдийн засагт янз бүрийн хүндрэлтэй байдал үүсээд байгаа. Үүнийгээ ч тэд нуудаггүй. Гэхдээ энд хойд  хөршийн дотоод  асуудал хамаагүй.  В.Путин “Үр ашиг муутай томоохон обекътуудаасаа сална, хувьчилна” гэж нэгэнтээ дэлхий дахинд зарласан. Гэхдээ оросууд  биднээс илүү мөнгөтэй нэгэнд биш, Монголын өмчийг хууль ёсных нь  дагуу монголчуудад л өглөө. Үүнд бид талархах учиртай.  Энэ үеэр  ямар асуудал гарсан бэ гэвэл засаг, төр нь  солигдохоос өмнө гээд яарч сандарсан зүйл байхыг үгүйсгэхгүй. Үнэндээ Монголын амьдрал сонгуулийн мөчлөгөөр хэмжигддэг шүү дээ.  Оросын тал ч  хугацаа заачихсан, энэ хугацаанд та нар авах, үгүйгээ хэлж, төлбөр тооцоогоо хий.  Хэрэв хуулийн  хугацаанд амжихгүй  бол  манайх дэлхийн зах зээл дээр задгай арилжигдах буюу гуравдагч этгээд худалдаж авах эрхийг нээлттэй зарлана гэсэн байсан, манайд ирүүлсэн албан бичигтээ. Ийм боломжийг Монгол Улс, Монголын Засгийн газар алдаж болохгүй. Монголчууд Засгийн газар хоорондын гэрээнд заасан давуу эрхээ эдлэхгүй юм бол  манай компаниуд Хятад, Казахстаны том компаниудтай өрсөлдөж чадахгүй байсан. Тэд үнийн дүн дээр 50 сая ам.долларыг нэмэхэд л асуудал  өөрөөр шийдэгдэнэ. Тиймээс монголчууд бид азтай. Оросуудтай  олон жил ах дүүгийн барилдлага, сайн хөршийн харилцаатай явж ирсний буян.  Ийм хэмжээний наймааг хийж чадсан нь манай хоёр улс хоорондоо найрсаг харилцаатай байгаагийн нотолгоо юм. Анх Эрдэнэтийн гэрээг үзэглэж байхдаа ч, хэрэв гуравдагч улсад зарахаар болбол Монгол Улсад мэдэгдэж, худалдах тухай  саналыг түрүүлж тавина гэсэн байдаг юм билээ. Хэрэв 1991 оноос өмнө ийм асуудал үүссэн бол Монголын төр л 49 хувийг худалдаж авах байсан байх.  Харин одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Үндсэн хуулиар төрийн өмч, хувийн өмч тэнцүү эрхтэй. Өөрөөр хэлбэл, өнөөдөр Эрдэнэтийн Оросын мэдэлд байсан 49 хувийг төрийн, хувийн өмчийн аль нь ч бай Монголын компани худалдаж  авсан бол хууль, эрхзүйн хувьд тэнцүү эрхийг эдлэх  үндэслэл нь байна шүү дээ. Тэгээд ч Монголын Засгийн газар “Уучлаарай, мөнгө байхгүй” гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байдаг. Энэ нь цаад утгаараа энэ тохиолдолд Монголын хувийн компани авахыг зөвшөөрсөн  гэсэн үг.  Олон нийт үүнийг мэддэггүй, мэдээгүй байж болно. Гэхдээ эрх мэдэл бүхий  хүмүүс нь мэддэг, мэдэж байсан. Одоо олсон ашгийн 50 хувь нь Орос руу явахгүй, Монголд  үлдэнэ. Монголд үлддэг байсан татвар нь 50 хувь байсан бол эдүгээ  100  хувь  болж байгаа юм. Гагцхүү одоо бидэнд  ороод ирсэн зүйлээ  хоол болгох  асуудал л үлдээд  байна даа.

 

- МАН-ын хувьд сөрөг хүчин болох АН-тай зохицоод асуудлыг шийдэж болох юм байна шүү дээ. Гэтэл бие биеэ л татаж унагаад явах юм. Ард түмэн иймэрхүү байдлаас  залхаад бие даагчдыг,  улс төрийн шинэ хүчнийг эрж хайгаад  эхэллээ?

 

-Алдахгүй байх боломж хаана ч, хэнд ч байдаг. Өнгөрсөн зүйлд ухаантай царайлж,  дүгнэлт хийн  онолдох нь тэнэг хэрэг. Улс төрийн нөхцөл байдлыг харахад АН-ын нялх балчир байх үедээ гаргаж байсан олон алдаааг МАН өнөөдөр  давтаад байна л даа.  Үүнийг нялхсын өвчин гэдэг юм. Улс төрийн намуудын хувьд байх л зүйл.  Ганцхан жишээ дурдъя. Богд хаант Монгол Улс 1917 оны Октябрийн  хувьсгалыг 1921 онд Монголд эхлүүлэхдээ тэдний зам мөрөөр л явсан. Хөрөнгөтнүүдээ гадуурхаж, сүм хийдээ шатаан, сэхээтнүүдээ үйл олноор нь хэлмэгдүүлсэн. Харин тэр үед Англи, Франц гэх мэтийн улс өөрийн үзэл баримтлалдаа хэвээр үлдсэний шанд эдүгээ дэлхийд хөгжлөөрөө тэргүүлж буй. Харин социалист нийгмийг  сонгосон Оросууд  маань 50 хуваагдаж, заримтай нь байлдаад эхэлчихсэн. Түүн шиг тухайн үеийн МАХН  биднийг Засгийн  газраа долоон удаа огцруулж байхад инээгээд л, дамшиглаад л сууж байсан. Угтаа тэр үед намаа өөрчилж шинэчлэх байсан юм. Бидний алдааг давтах өдөр ирнэ гэдгийг тэр үед олж харсан бол өнөөдөр ийм нөхцөл байдал үүсэхгүй байсан юм. Тэгэхээр энэ бол байдаг л асуудал.   Яагаад гэвэл, А цэгээс Б цэг рүү явж байтал шөнө нь  бороо орсны улмаас  зам эвдэрсэн. Зарим нь замаасаа гарч төөрөөд баахан эргэлдэж байгаад өглөө болохоор замаа олох биз.  Ингэж төөрөхдөө зөвхөн цаг хугацаа биш эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирч болохгүй. Тэгвэл  том асуудал үүсч мэднэ. Өөрөөр хэлбэл, замаасаа төөрснөөр  гай  дуусахгүй. Араасаа дахиад 2-3 гай дагуулах магадлалтай байдаг байхгүй юу. Тиймээс анхнаасаа алдаа гаргахгүй байх хэрэгтэй. Бага зардлаар цөөн алдаа гаргавал аз. Харин ичсэндээ хүн ална гэгчээр нэрэлхэж ичсэндээ алдаагаа хүлээн зөвшөөрөхгүй, улам гүрийгээд байвал улам л алдана.  Энэ утгаар  Монгол Улсын эдийн засагт  Эрдэнэт шиг  алдаа бага гараасай. Төөрсөн  нэгэн нь  замаа хурдхан шиг олоосой, дараагийн ажлаа хурдан хийгээсэй  гэж л хүсэх байна.

 

-МАХН Үндсэн хуулийн шинэ төслөө боловсруулж, ард түмнээр хэлэлцүүлээд эхэлчихэж. Эрх барьж буй МАН ч ажлын хэсэг байгуулсан. Харин АН Үндсэн хуулийн өөрчлөлтөд ямар байр сууриас хандаж байгаа вэ?

 

-Ард түмнээр  аливаа асуудлыг хэлэлцүүлнэ гэдэг нь сайн зүйл. Гэхдээ  үндсэн мэдээллийг өгөхгүйгээр зөв үү, буруу юу гэж асууж болохгүй л дээ. Үүнтэй ижил, улс төрийн хоёр намын аль нь ч  Үндсэн хуулийн юу нь болоод, юу нь болохгүй, яагаад өөрчлөх болсон тухайгаа ард түмэндээ ойлгуулж, тайлбарлалгүйгээр шууд л өөрчлөх шинэчлэх цаг болсон, ямар ямар өөрчлөлт оруулах вэ гээд л явах юм. Тайлбарлаж байгаа зүйлүүд нь ч зөвхөн өөрсдөдөө   ашигтайгаар нэг өнцгөөс  яриад байна. Тухайлбал, Ерөнхийлөгч хэт их эрх мэдэлтэй байна. Түүнийг нь хасъя гэх мэтчилэн. Яг үнэндээ хэн тэгж үзээд байгаа юм. Тийм үг өгүүлбэр хэд дэх зүйл заалтад байгаа юм.  Энэ нь иргэдийн дийлэнхийн санал мөн юм уу, биш юм уу гэдэг талаар хэн ч яриагүй. Гудамжаар зорчиж байгаа иргэдийн дийлэнх нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаа талаар сонсоогүй, мэдэхгүй л  байна лээ. Ийм нөхцөлд нуухыг нь авах гээд нүдийг нь сохолж мэдэх гэмтэй.

 

- Төрийн механизм ажиллахад ОУВС маш их нөлөөтэй юм гэж харагдаж байна, өнөөдөр. Яагаад ОУВС Монголд ийм их эрх мэдэлтэй байна вэ?

 

-Бид их олон зүйлийг ойлгож,  мэдэх ёстой. Монголд өнөөдөр ОУВС-г мэдэж байгаа хүн хэд байгаа билээ.  Энгийнээр тайлбарлабал, ОУВС  хоёр хөл дээрээ явж чадахгүй байгаа  улс орнуудад  таяг тулаад яв гэж зөвлөдөг л байгууллага шүү дээ. Эдийн засгийн чадавхи сайтай улс оронд  ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах шаардлага гардаггүй. Толгойгоороо улс орноо удирдаад явна. Монгол Улс эдийн засгийн чадамжгүй, муу  учраас бид өөрсдөө таяг өгөөч хэмээн дахин дахин  гуйж очоод байгаа хэрэг. Тэгснээ бидний байгаа байдлыг ойлгож, дэмжлэг үзүүлэе гэхээр ийм болзол тулгалаа, тийм ч болзол тавьлаа  гэх нь  өөрөө утгагүй зүйл бус уу.  Таяг ч бай, ер нь хоол өгч байгаа нэгэн хоолны үнэ цэнийг мэдрүүлэхийн тулд  ямар нэг  болзлыг  тавина шүү дээ. Тэгээд ч үнэгүй юм гэдэг үнэ цэнэгүй л байдаг биз дээ. Тиймээс монголчуудад хандан дандаа  юм гуйж байх юм.  Та бүхэн  хөгжиж буй улс орнуудыг хар л даа. Тэд нэг удаа гуйгаад л хөл дээрээ боссон. Харин та бүхэн жил болгон  мөнгө  гуйж байх юм. Бидний  түрүү жил өгсөн мөнгийг яасан бэ. Идчихсэн.  Саяхан өгсөн мөнгийг яасан. Сонгуулийн үеэр хүүхдийн мөнгө болгоод тараачихсан.  За, нөхцөл байдлыг ойлгож байна. Энэ удаад зөв зарцуулаарай. Үгэнд орохгүй бол дахиж мөнгө өгөхгүй шүү гэдэг болзлыг  тулгана биз дээ. Үнэндээ тэд биш бид өөрсдөө суудал дээрээ урваж шарваад байх юм. Өнөөдөр манай улс тэдний бодож байснаас илүү гэмтчихсэн байна. Тиймээс ОУВС таяг биш тэргэнцэр өгөхөөр боллоо. Яагаад гэвэл, нэг хөл нь хугарсан гэж бодож байсан чинь хоёр хөл нь хугарчихсан байж. Тиймээс  ядаж хоёр гар нь байгаа юм даа  гээд / зүйрлэж ярихад/ 2020 он хүртэл тэргэнцэр дээрээ сууж байгаад хоёр гараараа дугуйг нь  үлгэн салган ч болов өнхрүүлэх боломжийг олгож буй хэрэг. Хатуу хэлэхэд, үхүүлж байснаас амыг нь таглаад явуулъя гэдэг л шийдвэрийг ОУВС гаргасан.  Өөрөөр хэлбэл, том гарзыг бага гарзаар хаасан гэх үү дээ.             

 

     Ч.Чулуунцэцэг

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1
  • 1
  • 3
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан