Улаанбаатар
Өнөөдөр / 2017.12.15
-16
Өдөртөө
-25
Шөнөдөө

Монгол Улс “Хар жагсаалт”-д багтаагүй, оффшор бүсэд бүр ч ороогүй

2017 оны 12 сарын 7

Монгол Улсыг Европын холбоо оффшор бүсээр зарлаж, хар жагсаалтадаа орууллаа хэмээн өчигдөржин шуугив. УИХ-ын зарим гишүүд тархсан мэдээллийг сургаар сонсож, багагүй “тоглолт” хийгээд авна билээ. Оффшор бүсэд данстай, тэндээ нэлээд их хэмжээний хөрөнгөтэй гэгддэг нэр бүхий гишүүд энэ талаар банк санхүүгийн асуудал, хадгаламж зээлийн хоршоо, ломбард зэргийн мөнгөний эх үүсвэрт асуудал байхыг үгүйсгэхгүй, яагаад нууц мөнгөний хар дансны асуудалд багтсан эсэхийг лавлах хэрэгтэй хэмээн мэдэмхийрсэн нь эгээтэй л Амбий, Бооёог санагдуулчихсангүй. Үнэн хэрэгтээ оффшороо ч ялгахгүй байж, хөрөнгөө нууж, түүнийгээ хамгаалах хууль баталсан байна шүү дээ тэд чинь.

 

 

Европын холбоо түүхэндээ анх удаа хамтын ажиллагаа муу, татварын тогтолцоотой улс орнуудын жагсаалт гаргаж, түүндээ Монгол Улсыг багтаажээ. Нийт дэлхийн 17 улс орныг тус жагсаалтад багтаасан бөгөөд монголыг татварын зорилгоор мэдээлэл солилцох олон улсын форумын гишүүнээр элсээгүй, нэмэлт өөрчлөлт оруулсан Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллагын /OECD/ олон талт хамтын ажиллагааны конвенцид нэгдээгүй, BEPS стандартыг мөрдөөгүй гэсэн үндэслэлээр тус жагсаалтад оруулсан байна.

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ талаар нэлээд тодорхой тайлбар хийсэн.  “Манай улс нь ил тод байх зарчмыг хууль, тогтоомжид тусгах шаардлагатай гэж тус холбоо үзэж байгаа. Учир нь Европын холбооноос тавьж буй шаардлагад бусад орны иргэд Монголын ААН, арилжааны банкуудад ямар хувь эзэмшиж байгаа болон ямар данс эзэмшиж байгаа зэрэг мэдээлэл ил тод байх ёстой. Өөрөөр хэлбэл, гадны улсын иргэдийн татвар, арилжааны банкуудын дансны мэдээлэл ил байх, мэдээллийг нээлттэй солилцдог байх ёстой гэж үзэж байгаа юм билээ.


Энгийнээр тайлбарлавал Монгол дахь гадны иргэдийн данс, татварын мэдээллийг бусад орнуудтай нээлттэй солилцдог л болох ёстой юм.  Жагсаалт бол анхааруулгын арга хэмжээ. Сангийн яамнаас 2019 онд багтаагаад хууль эрхзүйн орчноо сайжруулахад болох юм. Бид Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулж, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна” хэмээн мэдэгдсээр байхад УИХ-ын зарим гишүүд нь Европын холбоо манай улсыг оффшор бүсэд оруулчихлаа гэж ярьсаар.  Энэ нь хадгаламж зээлийн хоршоо, ломбард зэргийн мөнгөний эх үүсвэртэй л холбоотой байх  гэж "залсаар".

 

Муухан хошин шогийн тоглолтоос ч дээр “үзүүлбэр” болсон тэдний мэдэгдэл эс мэдвээс элэг доог болохын зовлон гэдгийг чадамгай гэгч нь харуулчихав. Монголчууд уг нь оффшор бүсийн талаар чамгүй ойлголттой ард түмэн. Тиймдээ ч татваргүй бүсэд хөрөнгөө нуухыг эсэргүүцэж, гаргасан хуулиа чангатгахыг УИХ-аас шаардсаар буй. Гэтэл улс орны толгойд суух улстөрчид нь асуудалд энэ мэт хөнгөн хийсвэрээр хандаад байвал бид гадныханд ямар дүр төрхтэй харагдах вэ. Мэдлэгийнхээ зузаанаар бус мөнгөнийхөө хүчээр төрд гарсанаа гайхуулахгүй байвал зүгээрсэн.  

 

Европын холбооноос гаргасан жагсаалтын тухайд гэвэл манай улс үүнд багтсанаараа харин ч ашигтай байж мэдэх. Манай татварын тогтолцоо, бодлогыг гадны хөрөнгө оруулагчид үргэлжилж шүүмжилдэг. Европын холбоо тус жагсаалтыг гишүүн орнуудынхаа үйл ажиллагаанд гаднаас учрах эдийн засгийн эрсдэлийг бууруулах зорилгоор гаргасан. Тодорхой шалгуур тавьж, олон улсын хэмжээнд цаашид авах арга хэмжээний талаар харилцан ярилцах, хамтын ажиллагаагаа улам хөгжүүлэх тал дээр анхаарч байгаа. Тиймээс бид энэ байдлаа ашиглаад татварын тогтолцоогоо сайжруулаад авбал алдаагаа ашигтайгаар эргүүлж, хөрөнгө оруулагчдын хүсээд байдаг орчныг бага ч гэсэн бий болгох боломж байхыг үгүйсгэх аргагүй юм.

 

24tsag.mn

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан