Улаанбаатар
Өнөөдөр / 2018.01.17
-30
Өдөртөө
-31
Шөнөдөө

Б.Рагчаа: Асуудал үүсвэл зөвшөөрөл өгөөгүй дарга нар хариуцлагаа үүрнэ биз

2018 оны 1 сарын 11

 

Татвар нэмэхтэй холбоотой асуудал иргэдийг бухимдуулж, уур ундуйцлыг төрүүлэх болов. Үүнийг МҮЭХ анхааралдаа авч маргааш жагсаал, цуглаан зохион байгуулахаар товлоод байгаа. Энэ талаар Монголын тээвэр холбоо, Газрын тосны ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Рагчаатай ярилцлаа.

 

-МҮЭХ-ноос жагсаал зохион байгуулахаар болсон талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Маргааш болох үйл явдал маань зүгээр жагсаал, цуглаан. Өдрийн 12-14 цагийн хороонд болно. Ийнхүү жагсаал хийх болсон шалтгаан татварын нэмэгдэл болон НДШ-тэй холбоотой. Мөн тэтгэврийн насыг нэмэгдүүлж байгаа эсэргүүцэж жагсаал зохион байгуулж байгаа юм. МҮЭ-ийн зүгээс ажил хаялт зохион байгуулахаар уриалж байгаа хэрэг биш.

 

-Холбооны зүгээс долоон төрлийн татварыг болих шаардлагатай гэсэн мэдээлэл байна?

-Байгууллагын зүгээс өнөөдрийн байдлаар хүн амын орлогын албан татварыг л эсэргүүцэж байгаа. Яагаад гэвэл энэ нь зөвхөн ажил, хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүст л хамаатай татвар. Төр засгийн удирдлагыг гартаа атган суугаа нөхдүүд иргэдийнхээ халааснаас татвар хэлбэрээр л мөнгө авах гэж санаархаж байна. Сангийн яамны тооцоогоор татвараа өндөрсгөснөөр 50 орчим тэрбум төгрөг цуглуулах дүн гарч байгаа юм билээ. Өнөөдөр татварын орлого 1,3 их наядаар даван биелчихсэн байгаа энэ үед татвараа нэмж, хөдөлмөрчдийн халааснаас 50 тэрбумыг авах нь оновчтой шийдэл биш.

 

-1,5 саяас дээш хэмжээний цалин авна гэхээр дандаа дарга нар байх. Тэдний эрх ашгийг хамгаалаад байгаа мэт?

-Үгүй л дээ. Энгийн иргэд маш олон. Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилладаг, олон сараар гэрийн бараа хардаггүй, хөдөө хээр ажилладаг хүмүүс байдаг юм. Бараг жилийн 7-8 сар нь гэрээсээ хол байдаг тийм л жирийн ажилчид. Мөн нисэхийн салбарынхан бий. Хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилладаг л хүмүүсийн эрх ашгийг энд ярьж байгаа. Хүнд хэцүү нөхцөлд ажиллан ар гэрээ тэжээж яваа хүмүүс л илүү тансаг хэрэглээтэй болж харагдаад байгаа юм уу даа, төрийнхөнд. Тиймээс гишүүд тэдний олж байгаагаас өндөр хэмжээний татвар авах ёстой гэсэн байр суурьт хүрч байгаа бололтой.

 

-АН-ын зүгээс энэ жагсаалыг зохион байгуулуулж, санхүүжүүлж байна гэсэн бор шувууны жиргээ байна?

-МҮЭХ нь 100 жилийн түүхтэй, системийн байгууллага. Хариуцлагатайгаар хэлэхэд хэн нэгнээс санхүүжилт авч, аливаа тэмцэл, жагсаал зохион байгуулдаггүй. Магадгүй төр барьж байгаа намын зүгээс ийм мэссэж илгээж байгаа бол үнэхээр ичгэвтэр хэрэг. Харин үүнийхээ оронд гаргасан шийдвэрээ эргэн харвал дээр. Ийм утгагүй байдлаар асуудалд хандаж болохгүй. Та бүхэн сошиал ертөнцөөр дүүрэн татвар нэмсэн нь буруу гэдэг асуудал явж байгааг харсан байх.

 

-Татвартай холбоотой асуудлыг Олон улсын валютын сантай холбон тайлбарласаар ирсэн. Үүгээр халхавчилсаар ирлээ?

-Тийм л дээ. Ийм маягаар халхавчлаад байвал бид тэмцлийн дараагийн шат руу орно. Өөрөөр хэлбэл, ажил хаялт юм. Өнгөрсөн оны аравдугаар сард хамтын маргаан үүсгээд явж байгаа. Зуучлагч нь ажиллачихсан. Одоо арбитр нь ажиллах л дутуу байна. Өнөөдөр уг асуудлыг ярьж арбитраа томилуулах асуудлыг тавихаар нийслэлийн зүгээс томилуулахгүй хаалт тавьсан. Энэ нь хууль бус л даа. Уг нь, томилох үүрэгтэй. Гэтэл үйл ажиллагаанд саад хийж, садаа болсоор л байна. Хэрэв томилчихвол тав хоногийн дотор зөвлөмж гарна. Зөвлөмж хэрхэн гарахаас шалтгаалж, Засгийн газар хуулийн этгээд уг шийдвэрийг биелүүлэх, эс биелүүлэхээс шалтгаалан ажил хаялт зохион байгуулах эрх нээгддэг. Гэтэл өнөөг хүртэл арбитр томилохгүй явна. Өнөөдөр хүртэл НЗДТГ-аас маргаашийн жагсаал, цуглааныг зохион байгуулж болохгүй гэсэн мэдэгдэл ирлээ.

 

-Ямар нэгэн шалтгаан байгаа хэрэг үү?

-Тайлбараар бол Их Британийн элчин сайдын яамны талаас нэг үйл ажиллагаатай гэсэн байгаа юм. Гэхдээ бид жагсаалаа ямар нэгэн байдлаар зохион байгуулна. Ер нь, хуулийн дагуу бол бид хэн нэгнээс зөвшөөрөл авах ёсгүй. Зөвхөн ямар ажил, арга хэмжээ зохион байгуулах гэж байгаагаа л мэдэгдэх хуультай. Харин түүнийг бүртгэх үү үгүй юу гэдэг тухайн дүүргийн асуудал. Гэтэл Сүхбаатар дүүргийн Засаг дарга нийслэлийн зүгээс үүнийг чинь хориглосон зөвшөөрөл өгөхгүй гэсэн хариу өгч, хотынхонд ханд гэж байгаа.  Бид жагсаалаа зохион байгуулна. Хэрвээ ямар нэгэн асуудал үүсвэл зөвшөөрөл өгөхгүй байгаа хүмүүс хариуцлагаа хүлээнэ биз. 

 

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 1
  • 1
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан