Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалд заавал ч үгүй нэг баатар байх ёстой юм” гэсээр 2009 оны 12 дугаар сарын 10 буюу Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойгоор 181 дүгээр зарлигаа гаргаж Э.Бат-Үүлд Монгол Улсын баатар цол олгосон билээ. Ц.Элбэгдорж тэрхүү 181 дүгээр зарлигтаа “Монгол оронд ардчилсан хөдөлгөөнийг үүсгэн байгуулах, ардчилал, эрх чөлөөний үнэт зүйлсийг түгээн бэхжүүлэхэд оруулсан жинтэй хувь нэмрийг нь үнэлж” хэмээн магтсан байдаг. Ийнхүү тухайн үеийн ардчилагч залуусын эсрэг “Хүч хэрэглэж хэрхэвч болохгүй” хэмээн эцэг хүний зангаргаар 1990 оны Цагаан морин жилийн хувьсгалыг авран хамгаалсан МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Батмөнхийн авч чадаагүй Монгол Улсын баатар цолыг найзынхаа гараас энгэртээ зүүсэн Э.Бат-Үүл баатар сүүлийн үед Ерөнхийлөгч Х.Баттулгатай ихээхэн тэрсэлдэх болоод байгаа.
Учир нь Улаанбаатар хотын захирагч байх үеэсээ л цэрэг армийг томоохон бүтээн байгуулалтад оролцуулах асуудлыг эрс эсэргүүцэж “Фашизм толгойгоо өндийлгөх гэж байна” хэмээн эгдүүцэж байсан түүхтэй. Гэтэл сүүлийн үед Ерөнхийлөгч Х.Баттулга дүүрэг дүүргийн ард иргэдтэй уулзалт хийх бүртээ “Монгол Улс төмөр зам, уул уурхай, нефтийн үйлдвэр зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажилдаа цэрэг армиа татан оролцуулах ёстой. Залуучууд бүгд цэргийн албыг 1-3 жил хаадаг болох, өөрийн хүсэлтээр цэрэгт явах сонирхолтой эмэгтэйчүүдийг ч цэргийн алба хаалгаж цалинтай, орлоготой, ажлын байраар хангах асуудлыг Монголын төр шийдэх ёстой” гэснийг 1990 оны ардчилсан хувьсгалын ганц баатар Э.Бат-Үүл эрс эсэргүүцэж “Яагаад ч бүтэхгүй хоосон мөрөөдөл ярьж байна” хэмээн жадлан эсэргүүцсээр байгаа юм.
Уг нь нэг нь ардчилсан хувьсгалыг эхлүүлж, яах аргагүй хамгийн эхний эгнээнд явсан гавьяагаа үнэлүүлсэн баатар, нөгөөх нь ардчилсан хувьсгалын арын фронтод байж хөрөнгө санхүүгээр ивээн тэтгэж явсан партизан хоёр өнөөдөр ийнхүү хоёр тийшээ харж, бие биенийхээ үг үйлдлийг жадлан эсэргүүцэж, Монголчуудыг хуваан талцуулж байх нь ямар ч утгагүй санагдана.
Мэдээж цэрэг армийг томоохон бүтээн байгуулалтад ашиглаж, ажилтай орлоготой болгож чадвал армийн хөрөнгө санхүү бэхжиж, эр эм нь мэдэгдэхгүй шахам болоод байгаа Монголын залуучууд ядаж л чийрэгжин хатуужих сайн талтайг Э.Бат-Үүл баатар мэдэхийн сайнаан мэдэж байгаа мөртлөө урд өмнөх өгөө аваа, өөрийнх болгож чадаагүй эрх мэдлийн өш хонзон санаж төрийн тэргүүнтэйгээ хорон үгээр шүршилцэж байгаа нь яавч баатар хүнээс гарах үг, үйлдэл биш санагдана.
Ийм ч баатар байх гэж. 1990 оны ардчилсан хувьсгалын ганц баатар гэсэн эрхэм нэр, цолондоо эзэн бай л даа. Энэ улсын төлөө хэрэгтэй юу л байна түүний төлөө уухайлан зүтгэсэн баатар шиг баатар байгаач. Баатар хүн чинь эх орондоо, ирээдүйн залуусдаа хайртай байдаг биз дээ. Битгий энд тэнд очоод, хэрүүлч эхнэр шиг тулга тойрсон юм ярьж, эрчүүдийн нас намба, цаашлаад Монгол төрийн нэр хүндийг сэвтээгээд яв л даа. Ерөнхийлөгч Х.Баттулгатай тэрсэлдэж, түүний хэлсэн ярьсныг гутаалаа гээд таны энгэр дээрх баатрын алтан соёмбын өнгө л гудайна уу гэхээс, хоёр дахь баатрын алтан соёмбо энгэр дээр чинь гялтайхгүй нь үнэн билээ л.
Д.Түвшин
Сэтгэгдэл (83)